Улсын хилээр 7.3 кг алт өмнөд хөрш рүү гаргахыг завдсан С.Дарханбат, С.Алтангэрэл, М.Жаргалсайхан, Л.Отгонбаатар нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.Эх орны өмнөд хилийн хамгийн том боомт болох Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх хэсгээр 2015 оны есдүгээр сарын 12-нд 35-77 УНП удсын дугаартай “Старэкс” маркийн автомашинд манай улсын иргэн Г.Дарханбат 7.3 кг алт нууж, хилээр нэвтрүүлжээ. Хил давуулан контбранд хийдэг хүмүүс эд зүйлийнхээ гадаад дүрсийг өөрчилж хил гаалийнн ажилтнуудыг төөрөгдүүлэх, рентген туяанд харагдуулахгүйн тулд цахилгааны лент, тугалган цаас, скочоор боож автомашин галт тэрэгний эд ангийн завсар нуудгийг өдгөө хил гааль, тагнуул, цагдаагийнхан бүгд мэддэг. Г.Дархбат ч мөн тийм л аргаар нуусан байжээ. 7.3 кг алтны жинхэнэ эзэн нь алт цуглуулагч М.Жаргалсайхан гэгч байжээ. Тэрбээр дээрх хэрэг гархаас хоёр хоногийн өмнө алтны бизнес эрхэлдэг А.Сүнжидмаагаас Ч.Мөнх-Учрал гэх хүнээр дамжуулан худалдан авсан юм. Түүнийгээ Л.Отгонбаатарт өгч, Замын-Үүдэд оршин суудаг хуучны танил С.Алтангэрэлд дамжуулжээ. Харин С.Алтангэрэл нь 2015 оны есдүгээр сарын 11-ны 04.00 цагт уг алтыг Л.Отгонбаатараас тосож аваад 0073 ДГА улсын дугаартай автомашиндаа хийгээд гаргах гэж байснаа больж, Г.Дарханбатад дамжуулсан аж. Ингээд Г.Дарханбат гардан гүйцэтгэж, М.Жаргалсайхан зохион байгуулан, С.Алтангэрэл, Л.Отгонбаатар нар хамтран оролцсон үндэслэлээр буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 175.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэдэнд холбогдох хэргийг БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн есдүгээр сард хэлэлцэж, шинээр батлагдсан Эрүүгийн хуульд нийцүүлээд уг хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглож, хязгаарласан бараа хууль бусаар давуулсан этгээдүүдийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Эрүүгийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн пүрэв гаригт энэ хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хөөн хэлэлцэх хугацаа дууссан учираас хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, Монголбанкинд тушаасан 7.3 кг алтны мөнгийг улсын орлогод оруулсан байсныг өөрчлөн, Ч.Мөнх-Ундралд төлбөрийг гарган өгөхөөр болжээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин