Өмсөхөд сайхан ч санасныг бодоход амархан бохирддог элгэн гуталд дургүй хүн гэж байхгүй. Дулаахан бас чамин харагддаг энэ гутлаа бид хэрхэн цэвэрлэх аргаа заримдаа мэддэгүй. Тэгвэл энэ асуудлыг хялбар шийдэхэд туслах зөвлөгөөг хүргэж байна.
Илгэн гутлыг хэрхэн цоо шинэ мэт болгох вэ?
Шороо, тоос болон бусад бохирдлыг цэвэрлэх
Илгэн гутлыг цэвэрлэхдээ хамгийн эхлээд шороо, тоос болон бусад бохирдлыг цэвэрлэх хэрэгтэй. Ингэхийн тулд танд илгэн гутал цэвэрлэдэг зориулалтын сойз юм уу, эсвэл гутал арчих цэвэрхэн алчуур байхад хангалттай юм. Цэвэрлэхдээ урдаас хойшоо гэсэн чиглэлээр арчих хэрэгтэй гэдгийг санаарай.
Үдээсийг нь тайлах
Ихэнх хүмүүс гуталныхаа үдээсийг угаалгүй орхих тал байдаг. Харин та гутлаа угааж цэвэрлэхдээ үдээсээ ч мөн угааж байгаарай. Үдээсээ угаахдаа аль болох угаалгын машинаар биш гараараа угааж байвал эдэлгээ нь уртасдаг байна.
Хоёр дахь алхам
Гутлынхаа улыг цэвэрлэх
Эхлээд савантай алчуураар гутлынхаа улыг сайтар хөөсрүүлэн угаана. Дараа нь зориулалтын толбо арилгагч юм уу, эсвэл баллуур ашиглан сайтар зүлгээрэй. Хэрвээ танд эдгээр зүйлс байхгүй бол хэрэггүй болсон шүдний сойз ашиглаарай.
Гадар хэсгийг цэвэрлэх
Гутлынхаа улыг цэвэрлэсэн бол, үүнийхээ дараа гадар хэсгийг нь цэвэрлээрэй. Илгэн гутлыг тусгай зориулалтын резинэн сойтгоор мөн зориулалтын хөөсөөр цэвэрлэх хэрэгтэй. Толбо нь арилахгүй бол баллуур юм уу, эсвэл сойзоор маш болгоомжтой үрж цэвэрлэнэ. Хойноос урагш гэсэн чиглэлээр үрэх ёстой гэдгийг бүү мартаарай.
Ерөнхийд нь цэвэрлэх
Маш их хиртсэн илгэн гутлыг угаалгын нунтагтай бүлээн усанд угааж болно. Харин гутлан дээрээ угаалгын нунтаг цацаад, гуталын сойзоор үрж огт болохгүй гэдгийг анхаараарай. Учир нь гуталын материал элэгдэх эрсдэлтэй юм. Угаалгын нунтгийг бүлээн усанд сайтар уусгасаны дараа алчуураар цэвэрлэнэ. Мөн тусгай зориулалтын сойзоор цэвэрлэвэл илүү үр дүнтэй юм. Дараа нь хуурай цэвэрхэн алчуураар арчих хэрэгтэй. Мөн уксустай усаар илгэн гуталыг цэвэрлэж болно. Ингэхдээ 500 мл усанд нэг хоолны халбага уксус хийгээд гутал руугаа шүршээд, арчиж цэвэрлээрэй .
Сүүлийн алхам
Дахин сайтар цэвэрлэх
Хэрэв дээрх аргуудыг ашиглаад өнгө нь сайн сэргэхгүй байвал буцалж буй усны уурыг ашиглаж үзээрэй. Ууран дээр хэдэн минут илгэн гутлаа барьсны дараа таны гутлын материал сэргэж, шинэ мэт болох болно. Үүнийхээ дараа тусгай резинэн сойтгоор дахин зөөлөн үрээрэй.
Сүүлийн алхам
Хатаах
Гутлаа сайтар цэвэрлэж дуусаад зөв хатаах хэрэгтэй. Учир нь хэт халуун газар буюу паар, тень, халуун галын дэргэд хатаах нь тохиромжгүй юм. Аль болох өрөөний темпратурт хатааж байгаарай.