Ард түмний онц түр зөвлөл өнөөдөр (2017.03.14) хэвлэлийнхэнд мэдээлэл өгч “Бид оффшорт 17 тэрбум ам.доллар байгааг олж тогтоосон. Олон улсын консерциумаас гаргасан оффшор данстай хүмүүсийн жагсаалтын 49 нь Монголын данс эзэмшигч байна. Гэхдээ манай томоохон улс төрчид өөрсдийн нэрээр бус төлөөний хүмүүсийн нэрээр данс нээсэн. Бид үүнийг нэг бүрчлэн судалж байгаа. Бид мөн хууль цагдаагийн байгууллага, Татварын ерөнхий газар, олон улсын байгууллагатай хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Судалгааны баг гарган ажиллаж байна. Хэрэв Монгол Улсын төр асуудлыг шийдэхгүй бол олон улсын шүүхэд журмынх нь дагуу хандана. Мөн ард түмнээ бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэж мэдэгдэв.
Тус зөвлөл нь оффшор данстай хамааралтай улс төрчдийг шалгуулахаар энэ оны нэгдүгээр сарын 18-нд байгуулагдаж, авлигын эсрэг үзэл санаатай, хөдөлгөөн болохоор ажиллаж байгаа гэнэ. Энэ үеэр АТОЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл “Бидулс төрийн мухардалд орсон, эдийн засгийн хямралтай байгаа улс үндэстэнээ аврах эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах тэмцлийг эхлүүлж байна. Хоёрдугаар сарын 8-нд Ерөнхийлөгч, УИХ-д шаардлага хүргүүлсэн. Ямар нэгэн хариу өгөөгүй. Тиймээс тэмцлээ үргэлжлүүлж, энэ сарын 31-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ” гэлээ.