Агаарын бохирдлоос эрүүл мэндээ, хүрээлэн буй орчноо хамгаалах явдал туйлын чухал юм. Аливаа эрсдлээс сэргийлэх ур чадвартай болохын тулд хамгийн түрүүнд хаана тухайн эрсдэл байгааг мэдэх хэрэгтэй. Агаарын чанарын индексийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвших нь анхны алхам билээ. Дараагийн алхам бол аль болох агаарын бохирдол бага ялгаруулах, байгаль орчинд ээлтэй Эко амьдралын хэв маягийн эрхэмлэх хэрэгтэй.
Манай орны хувьд аль агаарын бохирдол, ялангуяа өвлийн улиралд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд байгаа тул аль болох бохирдолд өртөхгүй буюу ид бохирдлын үед аливаа гадаа хийгдэх үйл ажиллагаанаас татгалзах нь дараагийн алхам болно. Харин гадуур явах үедээ HEPA шүүлтүүр бүхий амны хаалтыг хэрэглэж хэвшээрэй. Энэ нь амьсгалын замаар орох тоосонцорыг шүүж авдаг болохыг судлаачид тогтоосон байна. Зөвхөн НЕРА шүүлтүүр бүхий амны хаалт гэдгийн санаарай. Түүнчлэн өвлийн ид бохирдлын үед гэр, орон байрандаа ийм шүүлтүүр бүхий агаар шүүгч хэрэглэх нь тухайн орон гэрт буй хүмүүсийн эрсдлээс сэргийлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн хэвшил болгох нь агаарын бохирлын сөрөг нөлөөлөөс таныг хамгаалдаг. Товчхондоо идэвхтэй хөдөлгөөн хийдэг, эрүүл хооллодог, тамхи татахгүй, ажил, амралтын дэглэмээ зөв зохицуулдаг байх нь агаарын бохирдлоос сэргийлэх үндсэн аргын нэг болно.
Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд идэвхтэй оролцож, бохирдлыг бууруулахад өөрийн чармайлтыг оруулахыг хичээх хэрэгтэй. Тиймээс та бүхэнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.
Гэрийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ
Агаарын бохирдолд өртөлтийн ихэнх хэсэг нь гэр болон байшин дотор болдог. Дотоод орчны агаарын бохирдол нь халаалтын зорилгоор галлах үед зуухнаас гэрт ялгарч буй утаа, тамхины утаа болон хоол хийх явцад ялгарах утаанаас гадна гадаад орчны агаарын бохирдол дотоод орчинд нэвтэрсний улмаас үүсдэг. Иймээс бохирдлын эх үүсвэр тус бүрт чиглэсэн арга хэмжээг авах шаардлагатай.
Гэрийн зуух: Монгол улсад агаарын бохирдлыг бууруулахад чиглэлээр хэрэгжүүлж буй нэгэн томоохон ажил нь энгийн гэрийн зуухыг сайжруулсан зуухаар солих үйл ажиллагаа юм. Айлуудын халаалтын зориулалтаар хэрэглэж буй зуухны оронд хийн түлш хэрэглэдэг болох, төвийн халаалтын системд холбогдох нь агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Боловсруулсан нүүрс түлэх, утааны ялгаралт багатай сайжруулсан зуухны төсөл ач холбогдолтой боловч урт хугацаанд эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөг бууруулахад илүү ач холбогдолтой. Нүүрснээс хийн түлшинд шилжих шилжилтийг хэрэгжүүлэхийн тулд занарын хий болон бусад төрлийн байгалийн хийн нөөцийн олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах дэд бүтцийг хөгжүүлэх нь агаарын бохирдлыг бууруулахад их чухал хувь нэмэртэй билээ.
Гэрийн дулаалга ба сайжруулсан зуухны хэрэглээ: Дулаан алдалтыг бууруулснаар түлшний хэрэглээг бууруулж улмаар агаарын бохирдлыг бууруулдаг. Сайжруулсан зуухыг гэрийн нэмэлт давхаргатай хослуулан хэрэглэж байж түлшний хэрэглээг бууруулах зорилгодоо хүрэх боломжтой. Түүнчлэн уламжлалт зуухтай харьцуулбал сайжруулсан зуухыг хэрэглэж буй айлуудын дундаж температур нь 24 цагийн турш 2 хэмээр илүү дулаан байгааг тогтоосон. Мөн гэрийн нэмэлт давхарга болон үүдний амбаар суурилуулах нь гаднах орчны агаарын бохирдол дотоод орчинд нэвтрэхийг бууруулах ач холбогдолтой юм.
Агаар шүүх төхөөрөмж: Гадаад орчны агаарын бохирдлыг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй хэмжээнд хүртэл бууруулах хүртэл иргэд өөрийн гэрийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулж, бохирдол багатай орчинд амьдрах нь туйлын чухал юм. Юуны өмнө дотоод орчны агаарын бохирдлын концентрацийг бууруулах хэд хэдэн завсрын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж болох юм. Тухайлбал, агаарын тоосонцрыг шүүдэг ХЭПА шүүлтүүр ихээхэн үр ашигтай. Агаар шүүх төхөөрөмжүүдийг ашигласнаар агаарын бохирдлыг улмаас үүсэх өвчнийг бууруулна.
Гэртээ тамхи татахгүй байх: Ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд гэртээ хүүхдүдийнхээ дэргэд тамхи татах нь хүүхдийн амьсгалын доод замын өвчинд өртөх явдлыг ихэсгэж, астма, багтраа өвчнүүдийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Гэр бүлийн бусад гишүүдтэй харьцуулахад эхийн тамхидалт нь хүүхдийн өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Гэр бүлийн бусад гишүүд тамхи татах нь бага насны хүүхдэд дотоод орчны агаарын бохирдлын өртөлтийг нэмэгдүүлж, амьсгалын замын хурц өвчний шалтгаан болдог. Улаанбаатар хотын хүн амын дундах жилийн дундаж өртөлтийн ойролцоогоор 21% нь гэрийн орчин дахь тамхины утаанаас үүдэлтэй байна.
Бусад эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах: Гэрийн дотоод орчны хувьд авч хэрэгжүүлэх арга хэмжээний хамгийн их үр дүнтэй арга бол цэвэр түлшний хэрэглээнд шилжих явдал бөгөөд ингэснээр гадаад болон дотоод орчны бохирдлыг хамтад нь шийдвэрлэж, бүх насны хүн амын эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлж буй нөлөөллийг шийдвэрлэх урт хугацааны шийдэл болно. Гэхдээ энэ ажлыг хэрэгжүүлэх өртөг нь асар өндөр байх юм.
Хүн амын утаанд өртөж буй өртөлтийн 20%-ийг гэрийн орчин дахь тамхины утаанаас үүдэлтэй байгаа ба үүний мөрөөр хэрэгжүүлэх ажлын зардал харьцангуй бага боловч өндөр үр нөлөөтэй байна.
Дулаалга, агаар нэвтрэлтийг бууруулах давхарга болон үүдний амбаар барих ажил нь харьцангуй өртөг багатай бөгөөд үнийн хөнгөлөлт үзүүлэх нь уг ажлыг эрчимжүүлэх гол хөшүүрэг болно. Зуухнаас гарч буй утаа гадаад орчин руу шууд ялгардаг учир дулаалга, агаар нэвтрэлтийг бууруулах давхарга болон үүдний амбаар барих нь гадаад орчны агаар дотогшоо нэвтэрч байгааг ихээхэн хэмжээгээр бууруулна.
Эрчим хүчний хэмнэлт, дотоод орчны температур: Гэр хорооллын айл өрхийн байшингийн дулаалгыг сайжруулж, үүдний амбаар суурилуулснаар эрчим хүчний үр ашигт байдлыг сайжруулж, түүхий нүүрсний хэрэглээг бууруулан, гадаад орчны агаарт утаа ялгаруулалтыг бууруулна. Үүнээс гадна хүйтний улиралд давхарга дулаалгаа нэмж, үүдний амбаар барих нь гадаад орчноос дотоод орчин руу агаарын бохирдол нэвтрэхийг бууруулж, өртөлтийг бууруулна.
Өвлийн улиралд дотоод орчин дахь харьцангуй чийгшил 60% байхад зохистой температур 20-24С байхад тохиромжтой байдаг. Гэвч Улаанбаатар хотын дотоод орчны температур ихэвчлэн энэ заалтаас хэтэрсэн байдаг. Үр ашигтай байдлыг хэмжих ийм арга хэмжээг хэрэгжүүлэх нь хямд төсөр бөгөөд агаарын бохирдлыг бууруулахад чухал үр дүнтэй юм.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ