Грекийн Засгийн газар марихуаныг эмнэлгийн зорилгоор тарьж, түүгээрээ долоон жилийн үргэлжилсэн хямралын дараах эдийн засгаа сэргээх төлөвтэй байна. Энэ тухай Хөдөө аж ахуйн эдэлбэр газар, хүнсний хөгжлийн сайд Эвангелос Апостолу “Bloomberg” агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Түүний хэлж буйгаар марихуан үйлдвэрлэгчид Грект 1.5 тэрбум еврогийн өртөгтэй хүлэмж байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэнэ. 12-15 хүлэмж бүхий нэг ийм цогцолбор нь 400 орчим ажлын байр бий болгох юм. Тус улсын Засгийн газар ийм үйл ажиллагаагаар 10 жилд 200 тэрбум орчим евро олж болно гэж тооцоолжээ. Грек улс өдгөө Европын холбоо дотроо ажилгүйдлийн хамгийн өндөр түвшинд байгаа юм.