-БНАСАУ-ын удирдагчийн шинэ гэрэл зургуудыг ажиглахад хориг арга хэмжээний улмаас иргэдийн амьдралын түвшин эрс унаж буй энэ үед ард түмэндээ нэр нөлөөгөө бэхжүүлэх гэж оролдлого болох нь харагдана-
БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэлүүдээр өнгөрсөн мягмар гарагт удирдагч Ким Чен Уны шинэ гэрэл зургууд тавигджээ. Эдгээр зураг дээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тракторын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шалгаж, нэг трактороос зугаалж, ажилчидтай хамт инээж байгаа нь харагдах аж. Үүнээс өмнөхөн түүний Засгийн газрын гэрэл зурагчид ферм, хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрүүд, гоо сайхны цех зэргээр орж байгаа зургуудыг авчээ.
Төрийн тэргүүн иймэрхүү гэрэл зураг олноор авахуулах болсон нь сүүлийн хэдэн сард цэрэг дайны стилиэр явснаасаа зориудаар түр холдож буй үзэгдэл гэж “Reuters” агентлагийнхан болон Хойд Солонгосын шинжээчид үзэж байна. Учир нь тэрбээр сүүлийн үед цөмийн бөмбөг, баллистик пуужин, армийн командлалын цэг болон цэргүүдтэй зураг авахуулах нь нэмэгдсэн.
“Өнгөрсөн зургаадугаар сарын 21-нээс есдүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Ким эдийн засагтай холбоотойгоор олон нийтэд ил гараагүй. Үүний оронд тэр зөвхөн цэргийн үйл хэрэгтээ төвлөрч байв. Харин нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаандаа анхаарал хандуулж эхэлсэн нь пуужингийн туршилтууд түр хугацаагаар намжмал байдалтай байгаатай давхцаж байна. Хойд Солонгос есдүгээр сарын 15-наас хойш нэг ч пуужин хөөргөөгүй, нэг ч цөмийн туршилт хийгээгүй билээ” хэмээн Өмнөд Солонгосын Нэгдэх яамнаас мэдээлжээ.
Харин өдгөө Ким Чен Ун эдийн засгийн хөгжилдөө анхаарал тавьж эхэлсэн нь хойд солонгосчууд дундаа удирдагчийнхаа нэр хүндийг бэхжүүлэх гэсэнтэй холбоотой гэж тус яамны төлөөлөгч Байк Тэ Хен мэдэгдсэн байна.
БНАСАУ өнгөрсөн есдүгээр сард цөмийн зургаа дахь буюу хамгийн том туршилт явуулсныхаа дараа олон улсаас ирэх хоригийн нөлөөг мэдэрч эхэлж буй бололтой. Үүний улмаас тус улсад Ким Чен Уны байр суурь ганхаж болзошгүй байдалд орсон байх магадлалтай гэж Сөүлийн их сургуулийн улс төр судлаачид мэдэгджээ. Тиймээс ч иргэдээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгаа өсгөх гэж байгааг сайшаасан утгатай үйлдэл хийж байгаа гэж тэд үзэж байна.
Үүнээс гадна “Reuters” агентлагийн олж тогтоосноор Хойд Солонгост өдгөө түлшний үнэ эрс нэмэгдсэн ч эрдэнэ шиш, цагаан будааны үнэ хориг арга хэмжээг чангатгахаас өмнөх үетэйгээ адил байгаа гэнэ. “Улайссан пуужингууд нисч, хойг цөмийн туршилтаас болж үүссэн газар хөдлөлтөд чичирхийлсэн зуны дараа БНАСАУ-ын хэвлэл мэдээллүүд Ким Чен Уныг зэвсгээ түр дархны багажаар сольсон удирдагч болгон харуулж эхэллээ” хэмээн “Reuters” агентлагт тэмдэглэжээ.
1 comment
gaikhaltai khychirkheg udirdagch shyy