Өнгөрсөн баасан гаригаас эхлэн найм, есдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд хүүхдийн мөнгийг дансанд нь бүрэн шилжүүлж дууссан байна. Харин данс давхардсан, хуучин дансаа хаагаагүй шинэ данс нээлгэх, банкаа солих зэрэг шалтгааны улмаас 2400 гаруй хүүхдийн мөнгө шилжээгүй байгаа аж. Тиймээс хүүхдийн мөнгө нь ороогүй байгаа иргэд өргөдөл гаргасан банкиндаа хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.
Энэ сарын 9-нд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол батлагдсанаар хүүхдийн мөнгийг 2017 он дуустал бүх хүүхдэд ямар нэг ялгамжгүйгээр олгохоор 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, нэг сая 38 мянган хүүхэд сар болгон 20,000 төгрөг авна.