Гоо сайхны Олимп гэгддэг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин “Зорилго бүхий гоо сайхан” шалгаруулалтанд шилдэг 20-д шалгараад байгаа юм. Түүнийг гурван настай байхад нь ээж аав нь “Тавдугаар цэцэрлэгийн мисс Энхжин” хэмээн өргөмжилдөг байсан гэдэг. Анх 12 настай байхдаа “Lady” төвд загварын алхаа, ес суртахуун болон соёлын хичээлүүд заалгаснаар загварын ертөнцөд хөл тавьж ирээдүйн “дэлхийн мисс”-т хөл тавих мөрөөдлөө олжээ.
Ц.Энхжинг Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Цэвээндашын охин гэдгийг нь хүмүүс андахгүй. Чөлөөт цагаараа ууланд авирч, иог бясалгал хийх дуртай түүнийг ойр тойрныхон нь Цэвээндашын эмэгтэй хувилбар гэж хочилдог гэнэ лээ.
Өдгөө “Эдэн дизайн” ХХК-ны залуухан захирал Монгол, Их Британи, Италийн чадварлаг дизайнер, архитекторуудаас багаа бүрдүүлж ажилладаг чадварлаг боловсон хүчин юм. Энэ чиглэлээр ШУТИС-ийн харъяа дизайны мэргэжлийн сургалттай ахлах сургуулийг дүүргэж, Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэгдүгээр зэрэглэлтэй төгсч, Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн түүний загварын ертөнцөд гаргасан амжилтууд цөөнгүй. Тухайлбал,
Хаврын Гоёл 2010″-ын шилдэг загвар өмсөгч
Мiss Globe International 2010 тэмцээний Олны таашаалт мисс
Miss Friendship International 2010 тэмцээний дэд мисс, Дур булаам мисс
Supermodel International 2012 шилдэг 6-д орсон
Miss Mongolia 2015 дэд мисс, мисс спорт болж байсан юм.
Ц.Энхжингийн нэг өдөр өглөө 05:00 цагт босохоос эхэлдэг бөгөөд түүний амьдралдаа баримталдаг зарчим нь том зорилго тавьж үүнийхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөх гэдгийг тэр хэвлэлд өгсөн ярицлагадаа нэг бус удаа хэлж байсан. Ингээд энэ сарын 18-нд “Дэлхийн мисс” тэмцээний ялагч тодрохыг тэсэн ядан хүлээх үлдлээ.