Ираны баруун хэсэгт 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 61 хүн амиа алдаж, 300 хүн шархаджээ. Үүнээс гадна Иракт дөрвөн хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын тоо цаашид ч өсөж болзошгүй байгаа ажээ.
Уг газар хөдлөлт иргэдийг сандралд оруулж, хүмүүс гэрээсээ гудамжинд гарч ирсэн байна. Иракийн нийслэл Багдад хотын лалын сүм чанга яригчаар дамжуулан мөргөл, ном айлджээ. Хилээс 15 км-ийн зайд орших Сарпол-э Захаб хотод олон хүн гэмтэж бэртсэн талаар Ираны аврах албаны тэргүүн Пир-Хоссейн Куливанд мэдэгдсэн байна.
Үүнээс гадна найман тосгон нурсан тухай Ираны төрийн өмчит IRINN-д Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний Иран дахь салбарын тэргүүн Мортеза Салим мэдэгдсэн байна. “Зарим тосгонд цахилгаан тасарч, харилцаа, холбооны систем нь гэмтсэн” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн Пир-Хоссейн Куливандын хэлснээр аврах ажиллагаанд нуранги саад болж буй гэнэ.
Газар хөдлөлт Иракийн Курдистан дахь Халабжигээс баруун өмнө зүгт 30 километрт, Ираны зүүн хойд хилээс холгүйхэн болсон байна. Газар хөдлөлтийн голомт 33.9 километрийн гүнд мэдрэгдсэн бөгөөд Турк, Израиль, Кувейтэд ч чичирхийлэл ажиглагджээ.