Өнөөдөр Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнд Улаанбаатар Их Сургуулийн Археологийн судалгааны багийн 19 жилийн турш олсон олдворуудын дээжис тавигджээ. Бид Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхмийн багш Т.Идэрхангайгаас тодруулга авлаа.
-Хамгийн эртний олдворууд хэддүгээр зууны үеийн олдворууд байна?
–Хамгийн эртний олдвор нь одоогоос 7600 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн үеийн олдворууд, Монголын хамгийн эртний оршуулга. Евро-Ази дахь хамгийн том Хүннүгийн үеийн хааны булш олдсон. Бид 10 жилийн турш цогцолбор байдлаар нь судалгаа хийсэн. Хааны булшийг дагалдуулж тавьсан 30 булш, өөрөөр хэлбэл хаанд хүнээр тахил үйлдсэн гэсэн үг. Бид 10 жилийн турш судалгаа хийгээд маш ховор, өмнө нь илэрч олдож байгаагүй 4000 гаруй олдвор олсон. Энэ дотор хааны хэрэглэж эдэлж байсан сүйх тэрэгний алт, мөнгөн тоноглолууд ч бий.
Монголоос урьд өмнө нь ховорхон олдож байсан, зарим нь манай нутгаас олдож байгаагүй. Хүннүчүүдийн өөрийн гараар бүтээсэн сүйх тэрэгний тоноглол дээр домгийн нэг эвэртэй амьтны дүрсийг сийлсэн байсан. Ийм олдвор Евро-Ази бүс нутагаас илэрч олдоогүй. Тэгэхээр Хүннүчүүд бол чимэглэх урлагийн түвшин дээд цэгтээ хүрсэн. Түүхийн бусад эх сурвалжуудад “Хүннүчүүд бол зэрлэг бүдүүлэг хүмүүс” байсан гэж бичсэн байдаг. Үүнийг няцаах олдворууд олдсон. Жишээлбэл, алтыг дахин давтагдахгүйгээр ямар нарийн хийцийн бүтээл урласныг харж болно. Ялангуяа алтан бөмбөлгүүд, 1 мм-ийг 10 хуваасны гуравтай тэнцэх хүний нүдэнд харагдахгүй хялгасан алтан утсаар маш гоё нарийн хээлсэн олдворууд гарсан. Хүннүчүүд зэрлэг бүдүүлэг хүмүүс байсан гэхээс илүүтэйгээр дэлхийн соёл иргэншилд өөрийн хувь нэмрээ оруулж байсан овог, аймаг байсан.
-Сүйх тэрэгний тоноглолуудыг алтаар цутгаж хийсэн юм уу, эсвэл хөөмөл үү?
–Хүннүгийн үеийн олдворууд дандаа морины чимэглэлүүд. Оюу болон шүрээр чимэглэсэн хөөмөл алтан чимэглэлүүд байгаа. Цул жижиг алтан чимэглэлүүд ч бий. Ойролцоогоор хэмжээ нь хамгийн том нь 15-16 см-ын голчтой, 2-3 см-ийн жижиг чимэглэл ч байна.
-Шавар вааран дотор малын яс хадгалагдаж үлдсэн нь сонин харагдлаа?
–Хүннүчүүдийн тахилгын зан үйлд зориулаад хойд насандаа идэж уух хоол хүнсийг нь тогоонд хийгээд оршуулдаг. Олон мянган жилийн өмнө мах нь хадгалагдахгүй учраас яс нь үлдсэн байсан. Энэ нь хойлгийн зан үйлтэй холбогдолтой. Шавар ваарууд Хүннүгийн үеийн түүхэн олдворуудаас их олддог. Ер нь шинэ чулуун зэвсгийн үеэс шавар ваарыг хүн төрөлхтөн хийж эхэлж байсан. Энэ үзэсэглэнд байгаа ваарууд дандаа Хүннүгийн үеийн олдворууд. Тэр байтугай доороо нүхтэй жигнүүр шиг ваар олдсон. Тэгэхээр юмыг ууранд жигнэж, уураар халаадаг байсан байж магадгүй.
Зургийн тайлбар: Халтар хашаар хийсэн 23 см дугуй голч бүхий сийлбэртэй хаш эдлэл булшны малтлагаар бүтнээрээ олдсон нь ховорхон тохиолдлын нэг юм. Энэ толины дээр хос ирвэсийг хоёр талаас нь уулзаж буйгаар уран гоё, угалз хээтэй сийлсэн бол дотор талын дугуй тойрогт нэг эвэрт чоно, нохой зэрэг амьтдыг хаш толины хоёр талд, тал тал биеэрээ харагдахаар солбилуулан сийлж дүрсэлсэн чамин тансаг эдлэл.
Зургийн тайлбар: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг, Хануй голын хөндийн Балгасын тал дахь Гол мод 2-ын язгууртны 1-р булшны малтлага судалгаагаар илэрч олдсон Хүннүгийн хааны сүйх тэрэгний хөллөгөөнд байсан морины алт, мөн гө, хүрэл тоног чимэглэлүү.
Зургийн тайлбар: Эдгээр алт, мөнгө, хүрэл тоног чимэглэлүүд дээр нэг эвэрт домгийн амьтнаас гадна ямаа, гөрөөс, бар, ирвэс зэрэг амьтдыг маш гоёмсог дүрслэжээ.
Зургийн тайлбар: Энэ үзэсгэлэнд тавигдсан нэг содон эд өлгийн дурсгалын нэг бол эртний Ромын эзэнт улсын үед үйлдвэрлэсэн цагаан, хөх өнгийн шилийг хольж хийсэн маш нимгэн шилэн аяга юм. Ази тэр дундаа Монголоос олдсон хамгийн эртний шилэн эдлэлийн цор ганц хосгүй үнэт дурсгал болно.
Эх сурвалж: М.АМАРЖАРГАЛ
medee.mn