–Бясалгал, шашин хоёр юугаараа ялгаатай вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?
-Хүмүүс бясалгал гэхээр шашин гэж ойлгодог. Үнэн чанартаа энэ нь хоорондоо газар, тэнгэр шиг ялгаатай. Тодруулбал, бясалгал нь оюуны санааны ариун үнэний зам гэсэн үг. Гэхдээ багш маань “Бясалгалыг гадил жимстэй зүйрлэхэд шашин бол хальс нь. Бясалгал бол жимс нь” гэж хэлдэг. Нөгөөтэйгүүр бясалгал, шашин хоёрын явж буй зам нь адилхан. Хоёулаа хэсэг бүлэг хүмүүсийн оюун санааны хөгжлийн нэг төвшинд очдог юм шиг санагддаг. Бид олон шатаар дамжихад шашинлаг хүн бол тэндээ очоод зогсоно. Харин шашинлаг бус хүмүүс идсээр, ажилласаар, үржсээр байгаад нас эцэслэдэг.
Ингэж амьдрах нь үнэхээр харамсалтай шүү. Амьтдаас ялгарах зүйлгүй. Тэгэхээр шашин номын замд орж байж хүн амьтнаас ондоогоо мэдэрнэ. Хайр, хүндэтгэл, айдсыг ойлгоно. Үүгээрээ шашинлаг хүн огт сүсэггүй нэгнээс хамаагүй илүү л дээ. Тэгвэл шашнаас дээгүүр зүйл байдаг нь бясалгал юм. Хүн булчин шөрмөсөө хөгжүүлж байж, тамирчин болдог шүү дээ. Үүнтэй адил оюун санаагаа хөгжүүлэх нь хамгийн гол зорилго байх учиртай.
-Хүний оюун санааг хөгжүүлэх “дасгал” нь бясалгал гэж та хэлэх гээд байна уу?
-Бясалгал хийж байж л хүний оюун санаа хөгжинө. Бод доо, хамгийн өндөр боловсролтой хүн уураг тархиныхаа таван хувийг л ашигладаг гэсэн судалгаа бий. Үлдсэн 95 хувийг нь ашиглахын тулд бясалгал гэдэг замаар явна. Би 1995 оноос хойш бясалгал хийж байна. Санскрит хэлээр бясалгал гэдэг үг маань “Самадей”. Бясалгал амнаас гарч буй үг, харж буй харц, биеэ авч яваа байдлаас эхэлдэг. Түүнээс бясалгал гэдгийг аглагт очоод хийснээр буян хурдаг юм биш. Хүн эхлээд өөрийн алд биеийг авч явж чадаж байвал бусдын төлөө санаа тавьж чадна. Бясалгалын гол чанар үүнд байдаг юм.
-Жимсээр зүйрлэвэл хальс нь шашин, жимс нь бясалгал юм байж. Хүмүүсийн хувьд “шри шри” гэхээр гадны шашин гэж ойлгох нь бий. Энэ эндүүрлийг яаж тайлах ёстой бол?
-Шашны байгууллагын хүмүүс ч ингэж андуурдаг юм. Би буддын шашны сургуульд очоод “Танай хүүхдүүдэд яаж бясалгал хийх техникийг зааж өгье. Биеэрээ, толгойгоороо, уушгаараа дасгал хийхгүйгээр хэзээ ч бясалгаж болдоггүй юм. Номыг хоосон цээжлээд хэрэггүй” гэж хэлдэг. Гэвч буддын шашинд гаднын шашны нөлөө орох нь гэж эмээдэг юм уу хүлээж авдаггүй. Ингэж эмзэглэх нь нэг талаар зөв байх л даа. Яагаад гэвэл бясалгал бол хүний цэвэр оюун санааны хийдэг ажил.
–Анх Монголд бясалгалын төвөө нээхэд хүндрэлтэй байсан уу?
-Хүндрэл учраагүй ээ. Харин миний сэтгэлд нэг бодол л байсан. “Мах иддэг махчин шахуу монголчуудыг яана даа. Миний үгэнд орох болов уу” гэж. Гэхдээ би өөрөө амьд жишээ учраас бясалгалын ач тусыг хүмүүст мэдрүүлж чадсан даа.
-Амьд жишээ гэдгээ жаахан тодруулна уу?
-Оюун санааны хувьд би өөртөө сэтгэл хангалуун байсан. Зөвхөн эрүүл мэнддээ зовж байлаа. Хүн эрүүл биш болохоороо амьдралд гутардаг юм билээ. Би харшилтай, энэ нь эдгэрдэггүй өвчин. Гэтэл бясалгалд явсан эхний өдрөөс эхлээд өөрчлөлт гарч, маш гоё санагдсан. Жин 84 кг, харшилтай, том линзтэй байсан бол одоо яаж өөрчлөгдсөнийг маань чи ч бас харж л байна. Үнэхээр хүн өөрийгөө 100 хувь дайчилбал өөрчлөгдөж чадна. Ер нь хүн аав, ээжээсээ биеэр төрөөд дараа нь оюун ухаанаа дахин төрүүлж байж жинхэнэ хүн болж төлөвшдөг. Иймээс бид оюун санаагаа хөгжүүлэхгүйгээр мөнгө, албан тушаал гэхчилэн ямар нэг материаллаг зорилго тавьчихаад түүнийхээ төлөө яваад байхаар амьдрал утгагүй болно.
-Маханд дуртай монгол хүнийг бясалгалаар цагаан хоолтон болгоно гэдэг хэцүү байх шүү?
-Монголчууд эрс тэс уур амьсгалтай учраас огт мах идэхгүй байж болохгүй л дээ. Гэхдээ би мах иддэггүй. Бясалгал хийж тодорхой амжилтад хүрснийхээ дараа мах идэхгүй биеэ авч явж чадаж байвал болно. Мах идмээр санагдаад байгаа хэр нь тэвчээд гэгээрнэ гэвэл хэзээ ч бүтэхгүй гэж би хэлдэг. Учир нь хүн мах идмээр байхад идүүлэхгүй байх нь нүгэл. Ерөөс хоол ундыг ухаанаараа зохицуулах ёстой.
– Та их олон шавьтай болсон байх. “Шри шри” бясалгалын олон төв байдаг уу?
-2006 онд Алтангадас одон авахад миний шавь давхардсан тоогоор бараг нэг сая хүрсэн байсан. Гэхдээ тоо чухал биш, чанар эрхэм. Миний хамгийн настай шавь 90 гарсан хүмүүс байгаа. Хамгийн бага нь 6-7 сартай. Аав, ээж нь авчраад шавь орууллаа гэдэг. Шри шри бясалгалын төвийн хувьд ганц л бий. Хааяа сонсоход зарим хүн манай төвийг нэрийг бариад л хүмүүсийн нүдийг аниулаад суулгадаг сурагтай. Бясалгал бол ашиг олох хэрэгсэл биш. Яахав, энэ бүхэн түр зуурын бэрхшээл гэж ойлгож байгаа.
–Сүүлийн үед хүн бүр бясалгал хийхээр хошуурдаг болсон. Бясалгал хийдэг хүнийг таних шинжүүд бий юу?
-Байлгүй яахав. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, тунгалаг царайтай, харц нь тод, дуу нь яруу тунгалаг, үнэр нь их гоё. Ийм шинжүүдээр бясалгал хийдэг хүн мөн үү гэдгийг мэдэж болдог. Бясалгагч хүн андашгүй дээ. Ажил төрөл нь өөдрөг, хүнтэй харьцаж буйг нь харсан ч мэдрэгддэг. Ер нь эргэн тойрны хүмүүс чамтай хэрхэн хандаж байгаагаар нь өөрийнхөө энергийг мэдэж болно. Бид стрессээсээ болоод өөрт нь хүн сайн хандахаар “долгинож байна”, эсвэл “ямар нэгэн зорилго агуулжээ” гэж боддог. Надаас юм гуйх нь гэж сэрддэг. Бясалгал хийгээд эхлэхээр ийм “хар” бодлууд алга болдог.
-Сонирхоод үзэхээр бясалгалын маш олон урсгал байдаг юм билээ. Энэ олон урсгалын аль нь хүнд илүү өгөөжтэй бол гэсэн эргэлзээ төрдөг?
-Дэлхий дээр бясалгалын олон урсгал бий. Зорилго нь, хүрэх газар нь нэг. Бүгдээрээ л голын цаана гарах гэж байгаа. Нэг нь туулж, нөгөө нь сэлж, зарим нь завиар болон чулуун дээр гишгээд гарч болно. Эсвэл модоор дамжаад, гүүр бариад гарч болно шүү дээ. Гараад очих газар нь нэг учраас би олон бясалгалын энэ нь зөв, тэр нь буруу гэж шүүхгүй, зэрэг дэв олгохгүй. Бясалгалыг өөрийнхөө бор зүрхээр хийж байж шагнал нь амьдралд ирдэг. Өдөр тутам амьдралд чинь дүн тавиад л яваад байгаа. Тэгж байж л Равжаа хутагтын хэлдгээр эрдмийн дээд сэтгэлийг ажих юм.
–Бид сэтгэлээ ажиж чадаж байна уу?
-Үгүй дээ. Ерөөсөө ажиж чаддаггүй. Биднийг гадаад урсгал аваад явчихдаг. Тэгэхээр ямар хүн нь ойлгомжгүй. Хүмүүс бөөгнөрөөд орилж байвал хамт ямар ч зорилгогүй хашгираад эсвэл харж зогсоод хэрэгт ордог. Харин бясалгалд тэгж хандаж болохгүй. Үнэн сэтгэлээсээ хандах ёстой
–Бясалгал хийдэг хүмүүс сари өмсөөд байдаг. Ямар учиртай юм бэ?
-Намайг л дуурайдаг байх даа гэж боддог ш дээ /инээв/. Би Энэтхэгт бараг 20 жил амьдарсан. Тэнд их халуун л даа. Янз бүрийн хувцас өмсч үзэхэд хүний биед хамгийн эвтэйхэн нь сари байсан. Хүмүүст амьдрах эрчим хүч гэж үргэлж бороо шиг урсч байх ёстой зүйл бий. Яг шүршүүр дор зогсч байгаа юм шиг. Гэтэл хүмүүс цэвэр арьсан, ширэн тэлээ ч юм уу, савхин дээл өмсдөг ч юм уу ямар нэгэн байдлаар тэр урсгалыг зогсоож өөрийгөө хорлодог. Түүнийгээ мэддэггүй.
Харин сари энэ энергийн урсгалд саад болдоггүй. Сари гэж 5.5 метр урт даавуу байдаг. Дотуураа банзал өмсөөд, гадуураа даавуугаар ороодог юм. Энэтхэг үндэсний хувцас. Сари өмсдөг хүмүүст хандаж хэлмээр нэг үг бий. Өөрийн тань сэтгэл санаа замбараатай болоогүй аваас сари өмсөх хэрэггүй. Харин дотоод сэтгэл тань ариуссан, сайхан болсон бол сариг дагаад л энерги намирчихдаг. Намируулна уу, навсганах уу, өөрөө л мэд. Юу өмсөх нь хүний дурын асуудал. Гэхдээ хувцас гэдэг ийм аюултайг санах нь чухал.
–Хүнийг дуу хоолойны өнгөөр нь шинжиж, сайн, муу бодолтой эсэхийг мэдэж болох уу?
-Болно. Муу хоолойны өнгө гэдэг энергиэсээ шалтгаална. Хүний энергийн нягтрал их байвал дуу хоолой нь тод, гоё болдог. “Дуу нь бүр цаашаа орсон байна лээ” гэж ярьдаг даа. Үнэхээр хүний дуу хоолойны өнгө амьдрах эрч хүч хэр зэрэг байгааг харуулдаг. Нас ахих тусмаа эрчим хүч нь багасдаг. Нэг үгээр хүн элэгдэж байна гэсэн үг.
Хүн амьдрах хугацаандаа эрчим хүчээ нөхөж байх ёстой. Нөхөхгүй байгаа учраас хөгшин хүний дуу хоолой сөөнгө болдог. Утсаар хэд орчим настай хүн ярьж байгаа нь мэдэгддэг шүү дээ. Намайг ярихаар “аав чинь байна уу” гэдэг. Хүүхэд гэж боддог юм шиг байна лээ. Энэ бол энерги, бясалгал худлаа биш гэдгийн нотолгоо.
-Далай багш монголчуудыг “Диваажингийн эзэд” гэж хэлсэн нь бий. Монголчууд бид тийм л их хувь заяатай улс байх нь?
-Хүн 84 удаа жинхэнэ хүн болж, төрж байж гэгээрнэ гэдэг. Өөрөөр хэлбэл, уураг тархи нь 100 хувь ажиллана гэсэн үг. Тэгж уураг тархиа 100 хувь ажиллуулсан хүмүүсийн ихэнх нь Монголоос гаралтай байдаг юм билээ. Яагаад гэвэл Монгол гэдэг нь ариун дагшин газар гэсэн үг. Ариун дагшин газар аль нэг насандаа гэгээрч явсан, орчин үеийн хэллэгээр оюуны чадвар өндөртэй хүмүүс төрдөг. Идэж, өмсөхийн төлөө биш, түүнээс арай дээгүүр юм байдаг гэдгийг мэддэг хүмүүс төрдөг болохоор “Диваажингийн эзэд монгол” гэж Далай багш зөв хэлсэн. Жишээ татахад, орос, монгол хоёр хүн бясалгал хийгээд хоёулаа ижилхэн төвшинд очоод гэгээрэх болоход монголыг нь авна гэдэг. Оросыг нь “чи дахиад нэг хүн болж төрөөд, жаахан буян үйлдээд хүрээд ир” гээд явуулна.
-Та “Амьдралын хамгийн үнэтэй шигтгээ хүн юм” гэж хэлсэн байдаг?
-Тийм шүү. Жинхэнэ эрдэнийн чулуун шигтгээ үнэ цэнээ алддаггүй. Ямар ч үед гялалздаг. Харин шигтгээ биш хэрнээ “би шигтгээ” гэж хашгирах хүмүүс бий. Манай багш “Гууль л өөрийгөө алт гэж их хашгирна даа” гэж хэлдэг юм.
–Оюутан байхдаа Таны лекцийг сонсоход “Орой ганцаараа унтдаггүй, олон мянгаараа унтдаг” гэсэн нь их сонирхолтой санагдсан?
-Хүний арьс харахад гуужаад манан татсан юм шиг л явдаг. Шөнө унтахаар орондоо орж хэвтэхэд тэр гуужиж буй арьсыг иддэг хувалз гэдэг амьтан байдаг. Ялангуяа залуу гэр бүл, залуу хосуудын орон дотор бүр их байна. Хүнээс гарсан ялгадсыг иддэг сонин амьтан байдаг гэсэн. Их цэвэрхэн хүний орон дотор гэхэд л 4-5 сая байдаг гэх. Дэр болон хөнжлийн уутны буланд бөөгнөрсөн хөвөн шиг юм байдаг шүү дээ.
Тэр чинь хэдэн тэрбумаараа үхсэн хувалз аж. Энэ бол өвчин үүсгэгч. Харшил гэдэг өвчний бараг 70 хувь нь үүнээс болдог. Мөн арьсны өвчин үүсгэдэг. Нүүрээр нь юм гарчихсан хүн байдаг даа. Хүн хөнжил, дэвсгэрээ байнга цэвэрлээд байхаар хувалз шууд арьсан дээр нь суугаад иддэг. Тиймээс бид үүнийг мэдэж байх ёстой.
-Яг тэр хувалз шиг амьдардаг хүн олон болж. Эд хөрөнгөөр баян хэрнээ сэтгэлээр нэн ядуу хүн их байх юм?
-Македоны Александрын дэлхийг бараг тэр чигээр нь эзэлж авчихаад сэтгэл нь ханахгүй байж. Гэтэл модны хажууд нэгэн цагаан хувцастай гуйлгачинтай таарчээ. Тэр хүний нүд Александрт хязгааргүй огторгуй шиг л харагдсан гэдэг. Александрын дэлхийг эзлээд олж авч чадаагүй аз жаргал тэр хүнд байв. Тэгэхэд Александр “Энэ хүнд ганц ширхэг алтан зоос байхгүй мөртлөө яагаад ийм аз жаргалтай байна вэ” гэж маш их атаархжээ. Ингээд тэр эрдмээ зааж өг гэж дуудсан боловч ирээгүйд нь хилэгнэн судар номыг нь шатаахаар заналхийлсэн байна.
Өнөөх аз жаргалтай хүн “маргааш ирээд шатаагаарай” гэж. Харин Александрыг маргааш нь ирэхэд судар номоо шавь нартаа өгч цээжлүүлээд шатаалгахаар өгчээ. Оюун ухаан ийм аугаа, баян ажгуу. “Дэлхийг өмнөө сөхрүүлсэн би гуйлгачны өмнө сөхөрлөө” гэж Александрыг дуу алдуулсан оюун ухааны гайхамшиг их. Ер нь их сургууль төгссөн л бол эрдэм боловсролтой гэж хэлэхгүй. Харин идсэн хоолондоо сав болж байвал би тэр хүнийг эрдэмтэй хүн гэж үнэлнэ. Хүний 404 өвчний 303 нь хоолноос үүсэлтэй байдаг. “Хүн Танд ухаан байвал халбага, сэрээ хоёроор булшны нүхээ ухахаа боль” гэсэн үг ч бий.
-Зовлон, жаргалын мөн чанар угтаа адил санагддаг. Нэг хүнд зовлон болсон зүйл нөгөөд нь жаргал байх жишээтэй. Учир шалтгаан нь юунд байна вэ?
-Зовлон эсвэл жаргал гэдэг чинь нэг хүний л үг. Нэг хүнд зовлонтой санагдаж байгаа юм нөгөөд нь жаргалтай санагддаг байж болно. Тухайлбал, архинд дуртай хүнээс таныхаар диваажин гэж юу вэ гээд асуу. Тэр хүн “Конякан нууртай, архин голтой, виски, дарсаар ундарсан булагтай газар” гэж хэлнэ. Харин архинд дургүй хүнд тэр юуных нь диваажин байх вэ. Там л байна шүү дээ. Тийм болохоор зовлон, жаргал гэдэг ерөөсөө хувь хүний амьдралаас хүлээж авч байгаа дохио. Жаргалтайгаар нь хүлээж авбал жаргал байна. Зовлонтойгоор нь хүлээж авбал зовлон байна. “Нууц” номыг хүн бүр уншаасай гэж боддог. Таны толгойд ямар бодол эргэлдэнэ, тийм л орчин бий болдог гэдгийг тэр номд өгүүлдэг. Хүн юу тарина, тэр нь л ургана. Өргөст хэмх тарьчихаад улаан лооль авна гээд байж болохгүйтэй адил.
–Хүний нэр ч бас их утга учиртай. Дуудах нэрийг аав, ээж өгдөг, дуурсах нэрийг өөрөө олдог гэдэг. Нэрийг хагасалж дуудах муу ч гэх нь бий. Энэ талаар?
-Хүний нэрийг хэдэн мянган жилийн өмнө өгсөн байдаг. Лам, аав ээж нь л өгдөг юм биш шүү. Тухайн хүн төрөхдөө л нэрээ авсан байдаг. Тэр нэрэндээ тохирсон байдаг. Солиотой юм гэж бодох хэрэггүй шүү. Учир нь хүний нэр дээр үйлийн үр нь кодлогдсон байдаг юм. Иймээс нэрийг дутуу, хагасалж дуудаж болохгүй. Бүтэн нэрээр нь дуудах сайн.
-Бясалгал хийдэг хүмүүс үргэлж сайн сайхан зүйл бодож явдаг байх. Та эх орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Монголыг гайхамшигтай сайхан ирээдүй хүлээж байгаа. Муу бүхэн далайн хөөс мэт алга болно. Монгол Улс 2050 он гэхэд дэлхийд тэргүүлж чадна. Дэлхий АНУ-ыг биш Монголыг ярьдаг болж, ертөнцийн анхаарал Монгол уруу хандана. Ерөөс хүн бүрийг, хэнийг ч гэсэн сайхан ирээдүй хүлээж буй. Гагцхүү тэр сайхан бүхнийг хүлээж авах эсэх нь хүний сэтгэлээс хамаарна. Сүү шиг сэтгэлтэй бол ирээдүй тань гэгээн байна. Үүнд итгэж, сайхан ирээдүйгээ тосч аваарай.
Эх сурвалж: tovchoo.mn
7 comments
Таньдаа баярлалаа хайртай шүү
JGD
ххххх
арай ч дээ
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юмнууд ярих юм. Монгол хөрсөнд огт тохирохгүй зүйлийг л яриад явах юм. Олон тэрбум хүнтэй энэтхэг оронд таны хийгээд яваа энэ шри шри бясалгал тохирноо. Монгол оронд бидний уламжлалт арга тохирноо. Шинжлэх ухаан хүний уураг тархи ярьж байснаа гэнэт л хөнжил доторх амьдат яриад л, тэгснээ үйлийн үр яриад бантанг нь хутгаж байнаа.
2006 онд нэг сая шавьтай байсан гэж, тухайн үеийн хүн амын бараг тал нь байна. Энэ ярилцлагыг 2017 онд хийсэн байна, өөрөөр хэлбэл 11 жилийн дараа. Монголын хүн амын тал нь энэ хүний шавь атал монголчууд яагаад өөдлөн дэвжихгүй, харин ч хүний мөс муудаж, хүн чанар гэдгийг мэдэхээ байгаад байна вэ? Энэ хүн биднийг хааш нь залаад байна вэ?
Сома багшийн сонинд тархиныхаа 5 хувийг л арай чамай ашигладаг бусад 95 хувийн тухайд харанхуй байдаг гэж уншиж хичээл дээрээс нь сонсоод 10 жил болж байна. Хүний ярьсан бичсэнийг хуулбарлахдаа ит татаж яримаар юм аа. Би л лав аглагийн курст олон удаа суусан. Аглагт суухаар маш олон зүйлийг ухаарч ойлгож, гэм нүглээ олж харж, өөртэйгээ ажилладаг. Наад зах нь л аглагийн курсын үеэр муу муухай зүйл бодохгүй 10 хоног харин ч буян хураадаг шүү. Нүгэл хийхгүй гэж 5 сахил авч аглагийн турш мөрддөг. Аглагт байсан үе маань диваажинд байх шиг амьдралын минь хамгийн сайхан үе байдаг. Хорвоотой хутгалдаад завгүй амьдралын мөчлөгтөө өнгөрсөн болоод ирээдүй, дараа төрлийнхөө тухай бодох ч завгүй, мөнгө, ажил гэр бүлээ бодсоор юун ухаарахтай манатай л явдаг юм байна лээ. Харин аглагийн курст сууснаар өдөр тутмын амьдралын аар саархан асуудлаас холдож, өөртэйгээ үнэнээр тулж, өөрийн амьдралаа өөрөө дэнсэлж, хэр буян хийж, хэр нүгэл хийж байснаа ойлгож гэмшиж ухаарал авдаг юм байна лээ. Тийм их ач тустай байхад та аглагийн курст буян хураахгүй гэх мэтээр ярих нь бүр хачин санагдлаа. Таныг аглагт нэг суугаарай гэж зөвлөе.