Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Д.Батцогт: Энэ янзаараа бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдэхгүй, Чингис хаан ирээд ч нэмэргүй – updown.mn

Д.Батцогт: Энэ янзаараа бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдэхгүй, Чингис хаан ирээд ч нэмэргүй

УИХ-ын гишүүн асан Д.Батцогттой ярилцлаа. Тэрээр 2016 онд баз хүргэн МАН-аас нэр дэвшиж байсан С.Бямбацогттой өрсөлдөж ялагдсан билээ.

-Ардчилсан нам мажоритари системийг дэмжиж байсан. Гэвч Сонгуулйин хуулийг өөрчилж, намын жагсаалтыг байхгүй болгосноор унах нүхээ АН өөрсдөө ухсан гэлцдэг. Та өнгөрсөн сонгуулиар нэг айлын хүргэн С.Бямбацогт гишүүнтэй нэг тойрогт өрсөлдсөн. Жижиг тойрогт С.Бямбацогтоос өөр хүнтэй өрсөлдөж болоогүй юм уу?

– Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс болж Ардчилсан нам ялагдсан гэж зарим хүмүүс ярьдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хувьд сөрөг хүчин “Намын жагсаалт буруу юм байна” гэдэг ойлголтыг нийгэмд өгсөн. Намын жагсаалтаар тохиолдлын хүмүүс УИХ-д орж ирлээ гэж үзээд олон нийт дургүйцсэн. Иймээс ч иргэн гомдол гаргаж Үндсэн хуулийн цэц үндсэндээ намын жагсаалттай холимог тогтолцоог хаасан. Би ч 76 жижиг тойргоороо явъя, нам гэж туйлшрахгүйгээр хувь хүмүүсийг таньж гаргах боломжийг сонгогчдод гаргаж өгөх нь зөв гэж бодсон.

Харамсалтай нь бас л “нам” гэдэг утгаараа туйлширсан. Нэг нам нь рейтингийн хувьд жаахан л илүү байхад үнэмлэхүй ялалт байгуулчихдаг, 50 хувь авч чадаагүй нэг нам УИХ-д үнэмлэхүй олонхи болчихлоо. Нам гэдэг нэрийн цаана олон шударга улстөрчид унасан. Гэхдээ яах вэ, одоо эргээд харж байхад зөв болж гэж харж байна. С.Бямбацогт бид хоёр нэг тойрогт өрсөлдсөн, тэр нь нам дамнасан бүлэглэлийн хүсэл юм шиг байгаа юм. Бид хоёрыг УИХ-ын гишүүн байхад хүмүүс хардаад, хоёр баз хоорондоо хуйвалддаг, тохирдог байх гэж ярьдаг байсан. Үнэндээ тийм биш, хоёулаа нэг тойрогт жинхэнэ гал гартал өрсөлдсөн дөө.

Юу нь зөв гэж?

-АН ялагдсан нь зөв. Туйлдаа хүртэл ялагдаж байж алдаа оноогоо ухаардаг, шинэчлэгддэг дэлхий нийтийн улс төрийн намуудын жишиг байна. Манай намын удирдлагууд, гишүүд ухаарсан, алдаа оноогоо шүүж тунгаасан хугацаа үргэлжилж байна. Ер нь Монгол төрийн гол тоглолтуудыг хийж байгаа МАН, АН аль аль нь шинэчлэгдэх шаардлагатай. Албан тушаалын, баялгийн хуваарилалтын төлөө хэдхэн улстөрчид намуудыг хэрхэн хямралд руу хөтөлж байгааг бүгдээрээ л харж байна шүү дээ. Завшаантай нь манай нам ялагдсан энэ үедээ шинэчлэлээ маш эрчимтэй хийж байна. Анх удаа АН бүх гишүүдээсээ намын даргаа сонголоо. Бүх сонгуульт албан тушаалтнуудаа гишүүдээсээ сонгож эхэлсэн явдлыг би системийн маш том өөрчлөлт гэж үнэлж байгаа.

МАН ч гэсэн манай намын энэ сайн жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй. УЗ, Бага хурал гээд цөөхөн хүний хүрээнд Ерөнхий сайдаа тодруулдаг байдал нь удаан үргэлжлэхгүй байх. Дараагийн дөрвөн жилд МАН бүх гишүүдээсээ намын дарга, албан тушаалтнаа сонгоод явбал зөв замдаа орох юм. Ер нь нийт намын гишүүдээрээ хэлэлцүүлэхээр намын мянга мянган гишүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн лидер гарч ирдэг юм билээ.

Ер нь хэт олонхи ухамсаргүй, сүргийн сэтгэхүйтэй болдог, зөв биш, АН-ын даргаар гэхэд л С.Эрдэнэ гараад ирлээ гэж шүүмжилдэг.

-Өнөөдөр нийгэмд бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдсэнгүй. Ямар нэгэн байдлаар нэгийгээ харлуулдаг, гутаадаг, нэр хоч зүүдэг болсон. Улстөрчид ч гэлтгүй сайхан тамирчид, урлагийн улсаа ч гутаадаг нийгэмтэй болчихлоо. Үнэхээр өөгүй өндөг шиг цэвэрхэн хүн алга. С.Эрдэнийг “Баянголын” гэж овоглотол тухайн дүүргийн иргэд нь сонгоод, хүлээн зөвшөөрөөд байгаа нь өөрөө маш том өгүүлэмж байхгүй юу. Тэр хүн тэр дүүргийн иргэдийн нүдэнд харагдаж, гарт баригдтал ажил хийгээд байгаа учраас л сонгоод байгаа хэрэг. Өрсөлдсөн хүмүүс нь тэр хэмжээнд хүрч ажиллах итгэл төрүүлэхгүй байна гэсэн үг.

Таван нэр дэвшигчээс С.Эрдэнэ нь дээр юм байна гэж АН-ын 180 мянган гишүүнээс олонхи нь үзсэн. Асуудал ердөө л энэ. Яахав ажил хийж байгаа хүн хэл амнаас хол байх биш гэдэг үгээр хариулчихад бараг болохоор болж. Ардчиллын үнэт зүйл бол олонхийн шийдвэрийг дагадагт л байгаа юм. Монголын ард түмэн нарийн ухаантай. МАН-ыг ялуулсан нь ч, АН-ыг ялагдуулсан нь ч учиртай. Дараагийн орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг харахаар бас л тэнцүүлэх ухаан айхтар юм даа гэж харж байлаа.

-АН-ын ялагдсан гол шалтгаан нь З.Энхболд, Х.Баттулга гээд бичээд байсан. Жилийн дараа нэг нь ерөнхийлөгч, нөгөө нь ЕТГ-ын дарга боллоо?

-Ялагдсаныхаа дараа буруутанг хайдаг л даа. Бүгд л тэрнээс болсон, тэр л буруу ажилласан гэдэг. Угаасаа ялагдсан бол нийтээрээ байж байгаа царай нь тэр байхгүй юу. Хэн нэгнээсээ өө хайгаад, буруу хараад байх шаардлагагүй. Хийсэн ажил ч, алдсан зүйл ч их байгаа. Дөрвөн жилийн турш алдсан алдааг ард түмэн дэнслээд, мартдаггүй юм гэдгийг өнгөрсөн сонгууль нотоллоо. Гэнэт нэгийг нь хэт олонхи, нөгөөг нь хэтэрхий цөөнх болгоод гаргасан. Нэг намд хэтэрхий их эрх мэдэл төвлөрөх аюултай юм байна гэдгийг ойлгоод эргээд сөрөг хүчиндээ саналаа өгчихөж байна. Нэг нь УИХ-д үнэмлэхүй олонх байгаа бол Ерөнхийлөгчийн институцийг АН аваг гэж шийдсэн байх. Үүнийг зөв гэж бодож байна.

    АН 33 суудал авсан шүү дээ, 33 суудалтай засаг барина гэдэг маш хүнд

УИХ-д олонхи болсон 35-ын бүлэг 33,32 гээд хуваагдсан, сөрөг хүчнээс ялгаагүй л болж байх шиг байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд АН 33 суудал авсан шүү дээ. 65-аас бас нэг дахин бага суудал. 33 суудалтай засаг барина гэдэг маш хүнд. Дангаараа нэг нам засаг бүрдүүлэх эрх байхгүй. Аль нэг намтай хамтрахаас өөр аргагүй байдалд хүрч байлаа. АН өнгөрсөн дарвөн жил ямар зовлон дундуур засагласныг ард түмэн харсан байх. Хэт олонхи болсон чинь нөгөөдүүл нь эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл болж хувираад, нэг намд хэтэрхий их эрх мэдэл өгөх буруу юм байна гэсэн дохиог нийгэмд өгчихсөн. Дараагийн сонгуулиар сонголт хийхэд хэцүү байх.

Тэнцвэртэй, олон ургальч үзэл уралдсан парламент байж УИХ-ын үйл ажиллагаа зөв явдаг юм байна. Одоогийн УИХ-ын ажиллаж байгаа царай, өнгө төрхийг харахад өнгөрсөн дөрвөн жил ажилласан парламент яг л ардчилсан орны парламент шиг зөв санаа уралдуулсан парламент байж. Одоо УИХ-ын чуулганы хуралдах үе, хэлэлцэж байгаа процессыг харахад надад сонирхолтой харагдахгүй л байна. Өмнөх парламент олон өнгө хосолсон, олон ургальч үзэл уралдсан, нэгнийгээ шүүмжилсэн, ажил явуулах гэж оролдсон дөрвөн жил байсан. Энэ дөрвөн жилийн хоёр жил нь өнгөрчихлөө, хийж гийгүүлсэн юм би олж харахгүй байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд нэгэнтэйгээ тооцоо бодох ажлыг эрх баригчид дэндүү сайн хийлээ. Эрх мэдэл, сандал ширээний төлөө л өрсөлдлөө.

У.Хүрэлсүхийн Засгийн газар мордохын хазгай болчихлоо

-Энэ 65 бол 2000 оноос хойшхи парламентын дээд тоо биш. 2000 онд 72 суудалтай парламент бүрдсэн. Н.Энхбаяр зангидаж чаддаг байсан, дөрвөн жилд нэг ч сайдаа солиогүй ажилласан. Харин энэ 65 гишүүнээ залгамжилж гарч ирсэн М.Энхболд нь удирдаж чадахгүй байна уу?

-Тэр 72 суудалтай байх үеийн улс төр өөр үе байсан юм. Тэр үеийн МАХН асар том нам байсан, хуучин коммунист намын угшил, уламжлал алдагдаагүй байсан үе. Одоо МАН, МАХН гээд хуваагдсан. Мөн дотроо шүүмжлэл гардаг болсон явдал нь хүчгүйдэх гол хөшүүрэг болоод байна. Дарга нарынх нь алдаа оноо, янз бүрийн асуудал байгаа л байх. Хуучин зөв ч бай, буруу ч бай даргын шийдвэрийг дагадаг нам байсан. Засгийн газраа буруу алхам хийсэн ч хайрлаад хамгаалаад байж таарахгүй. Ерөнхий сайд, сайд гэдэг алдах эрхгүй албан тушаал. Ж.Эрдэнэбатын засгийн газар унах шалтгаанаа хангалттай хийсэн, олон алдаа гаргасан.

МАН ямар зүйлийг мөрийн хөтөлбөртөө амлаж байж сонгуульд яллаа. Амлалтуудынхаа эсрэг явсан. Гарч ирээд хийсэн нүдэнд харагдаж, гарт баригдах ажил байна уу. Юу ч хийсэнгүй. Ард түмэн тэнэг биш харж байгаа. Ард иргэдийн дийлэнхи нь засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байсан. Сэтгэл дундуур байгаагаа ерөнхийлөгчийн сонгуулиар илэрхийлчихсэн. Өөрөөр хэлбэл та нарт ямар хэмжээний эрх мэдэл өглөө, ямар их хүлээлт байлаа, та нар бидний санасан хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна гээд дөнгөж өчигдөрхөн сольсон АН-даа саналаа өглөө. Үүнд МАН дүгнэлт хийх хэрэгтэй. Засгийн газраа унагасныг, бужигнаж байгааг нь буруутгахгүй.

Үнэхээр ууж идээд, хууль зөрчөөд байгаа бол таслан зогсоох эрх нь УИХ-ын гишүүдэд байгаа. Ард түмний төлөөлөл болсон гишүүд бурууг шүүмжилж гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй улс. Гэхдээ эрүүл шүүмжлэл гэж болох зүйл явж байгаа ч бас үүний цаана албан тушаал, эрх мэдлийн төлөөх хоорондын тэмцэл хэрээс хэтэрч байгаа харагдаж л байна. УИХ дотроосоо 100 хувь сайд нараа томилсон нь буруу. Энэ алдаа хуучных, 1996-2000 оны хооронд болсон явдал шүү дээ. УИХ-ын гишүүд дотроосоо засгийн газрын гишүүдээ томилсон, Засгийн газар хамгийн хурдан огцорсон. УИХ-ын гишүүдээс сайдуудаа томилчихоор Засгийн газар тогтвортой ажиллаж, сайн шийдвэр гарна гэж бодохгүй байна. Бас л мордохын хазгай болчихлоо гэж харж байна.

-Хоёр жилийн өмнөхөн “давхар дээл” эсэргүүцээд түмний өмнө илтгэл тавьж явсан залуухан улстөрч УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын даргаар ажиллалаа. Хүн ч хэлсэн үгээсээ буцах хэцүү, улстөрчид олны өмнө амласан эргэж буцах нь амархан болж.

-Улстөрчдөд ичдэг зовдог зүйл байхаа больж. Энэ нь хэрээс хэтэрч байна. Өчигдөрхөн шал өөр юм ярьж яваад, өнөөдөр 180 градус эргээд л, тэмээг ямаа болгож яриад явж байна. Өчигдөр өөрөө тэгж хэлээ биз дээ гэхээр үгүй гэдэг тийм л ширэн нүүртэй болж. Энэ маш муу жишиг. Энэ байдал л ард түмний төрд, улстөрчдөд итгэх итгэлийг байхгүй болгоод байна. Өмнөх алдаануудаа засаж, төр ард түмний нандин холбоог сэргээх шаардлага улстөрчдөд тулгарч байна. Энэ бол бүх улс төрийн хүчнүүдийн өмнө тулгарч байгаа бас нэг том асуудал. Нам, улстөрч гэдэг хоёр үг үнэ цэнэгүй болж байна. Гэхдээ энэ хоёр үгнээс ангид төр гэж байхгүй. Энэ байдалд МАН, АН хоёр хоёулаа онцгой анхаарах цаг болсон.

Та бууринаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдөг гэдгийг та харуулсан. Анхнаасаа АН-ын идэвхтэй гишүүн байсан, дараа нь өөр нам байгуулж явж үзсэн. Эргээд намдаа ирлээ. Гуравдагч хүчнийг сайн мэднэ. Дугаар хорооны дарга, намын жагсаалтанд орж, шууд УИХ-ын гишүүн, давхар сайд болж үзлээ…

-Би том намд байж үзсэн, жижиг намд байж үзсэн. Эргээд том намд байна. Жижиг намуудын зовлон байгаа. Жижиг нам хүрээгээ тэлээд, өөрчлөлт хийж, өөрсдөө зөв байх юм бол тэднийг тойрон хүрээлэх ард иргэдийн тоо нэмэгдэнэ. Бүх асуудлыг цөөн хүний хүрээнд шийдэж, эрх мэдлээ тэр дотроо бариад явахаар өөрчлөгдөхгүй, болохгүй байгаа юм. Нэг хүний үзэл бодлоор яваад байхаар нь би болъё, том намд ороод өөрчилж, сайжруулах тал дээр нь зүтгэсэн нь дээр юм гэсэн итгэл үнэмшилтэй болоод АН-даа буцаж орсон.

Анхнаасаа л АН-ыг байгуулагдсан цагаас нь явсан. Сүүлдээ үзэл бодол таарахгүй учраас тасраад, жижиг нам байгуулж явсан. Зарим нэг хүмүүс намаасаа урваад нам байгуулаад явсан юм шиг ярьдаг. Хэсэг бүлэг хүмүүс нийлээд намаасаа хөөчихсөн учраас нам байгуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Шударга бусаар намаасаа хөөгдсөн учраас сэтгэл нийлдэг байсан журмын нөхдөө дагаад нам байгуулаад явсан хэрэг.

-Тэр үед Э.Бат-Үүл “АН санал нийлээгүйн төлөө Ж.Наранцацралт, М.Энхсайханыг намаасаа хөөлөө, шившигтэй шийдвэр гаргалаа. Тэд улстөрчид, улстөрчдийн оромж нам юм чинь, тэд нам байгуулахаас өөр яах юм бэ” гэж хэлж байсан.

-Яг л тийм болсон. Энэ намыг хорлоё, тараая гэсэн бодлоор нам байгуулж яваагүй. Би өөрийнхөө үзэл бодол, зарчимдаа үнэнч байхыг хичээдэг. 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа ийм л нуруутай, зарчимтай үйл ажиллагаа явуулах юмсан гэх зарчмыг барьж ажилласан.

-Хоёр хүн ч харилцаандаа бие биендээ худлаа хэлэхгүй, хуурахгүй гэж нөхөрлөдөг. Одоо улс төрийн намын амлалт юу ч биш боллоо. Өмнө нь та Амлалт нэхэх ард түмний холбоог удирдаж явсан…

-Амлалт нэхэх ард түмний төлөө байгуулж зөв тэмцэл өрнүүлсэн, үүнийгээ л үргэлжлүүлж явахгүй гэж зарим нь хэлнэ. Ний нуугүй хэлэхэд хэдэн хүн туслав, санхүү хэрэгтэй, хичнээн цаг хугацаа зарцуулав гээд асуудал их. Өөрийнхөө хүсэл зориг, итгэл үнэмшлээр явсан. Тэмцэл хийнэ гэдэг амаргүй. Эрх баригчид, эрх мэдэлтнүүдийн хавчлага дарамт байна. Энэ бүхний дундаас энэ холбоог байгуулж ажилласнаараа улстөрчдөд том сануулга өгч чадсан гэж боддог. Бид нэг сая, сая таван зуун мянган төгрөг өгүүлж чадаагүй ч гэсэн улстөрчдийг бэлэн мөнгөний амлалтыг хориглуулж чадсанаараа Монгол төрд том гавъяа байгуулсан. Бэлэн мөнгө амлахаараа уралдаад эхлэхэд улс орон хаашаа хэлбийж эхэлснийг олон нийт мартаагүй байгаа. Энэ гажуудлыг л манай холбоо зассан.

Одоо улстөрчид шударга ёс тогтооно, том том бүтээн байгуулалт хийж гэж амлачихаад амлалтандаа хүрэхгүй байна. Нэг хүнд чихэр авчирч өгнө гэж амлачихаад биелүүлэхгүй бол худалч л гэнэ. Энэ дандаа худлаа ярьдаг гэнэ. Яг түүн шиг амлалтаа биелүүлдэггүй улстөрийн нам, улстөрчдөд итгэх итгэл улам л алсраад байгаа. Юу ч яах вэ, ялж л байвал хамаагүй амлая, гарсан хойноо яаж ч цайруулж болно гэдэг асуудлаар хандах юм бол сонгогчид дүнгээ тавина, ард түмний ой санамж гэж байдгийг эрх баригчдад хэлмээр байна. Эрх баригчид сонгуулийн үед юу амласан, түүнийгээ биелүүлэх ёстой. 100 хувь биш юм аа гэхэд амлалтаа эхнээс нь биелүүлэх санал санаачлага гарган ажиллах шаардлага байна.

-Улстөрчид уулын оргилд гардаг “мода”-г таныг эхлүүлсэн гэдэг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр хамтдаа Алтай таван богдын оргилд гарахад та санааг нь гаргаж авч явсан гэж яригддаг байсан.

-Нэг л юманд зоривол тууштай явдаг. Монголынхоо олон уулын ноён оргилд гарч байсан. Уул хүний эр зориг, тэсвэр тэвчээрийг шалгасан спорт. Уулын оргилд гарахад хүний царай ямар болдог билээ. Амлалт нэхэх ард түмний холбоо байгуулаад явж байхад бас тийм болсон. Тэгэхэд мөнгө байхгүй, би нэг машинтай, бензин хийгээд орон нутгаар явж эхэлсэн. Тухайн үед хүмүүс “Та нар хөдөө зардал гарган явж яах юм бэ. Улаанбаатартаа байж зурагтаар яриад, уулзалт хийгээд, төв талбай дээр уриа лоозон бариад суу. Хөдөө явах ажил бүтэхгүй, зардал ихтэй” гэж байсан.

Бид хөдөө явахгүй бол болохгүй гэж зориод очсон. Монголын ард түмэн сайн дэмжсэн, зардал мөнгөгүйг мэдээд 500 төгрөг өгөх хүн байсан. Хүмүүсийн халуун сайхан дэмжлэг урам өгсөн. Айлд хоноод ч хамаагүй явдаг байсан. Дараа нь Г.Уянга бид хоёр УИХ-ын гишүүн болсон, ард түмэн дэмжсэн, тэднийхээ итгэлийг алдаагүй гэж бодож байгаа. Тэнд очоод хулгай хийсэнгүй, худал хэлсэнгүй, ноён нуруутай ажилласан. Цаашдаа ч хүний итгэл сэтгэлийг хөсөрдүүлэхгүй ажиллана гэсэн бодолтой явдаг.

-Ерөнхий сайд асан эрхэм “Хар хавтастай хүн УИХ-ын гишүүн болоод буухдаа Лексус 570 унах болсон гэдэг. Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө муугүй бизнесмэн байсан. Буухдаа ер нь илүү бизнестэй болж чадсан уу?

-Улстөрд орохоосоо өмнө би мөнгөтэй байсан. Ганзагын наймаанаас эхэлж бизнес хийгээд, хүмүүсийг мөнгө атгаж үзээгүй, мөнгөтэй хүн цөөхөн байхад овоо юм бариад үзчихсэн хүмүүсийн л нэг. Улс төрд орсон, намд орсон, олсон жаахан юмаа улстөрд зарсаар байгаад, одоо бизнес ч үгүй болсон юм шүү. Одоо ч тэгээд төсөөрчихөж дээ бизнесээс. Төрийн хар хүн гэдэг шиг л.

-Одоо АН, МАН гээд авгай нөхөр хоёр ч муудалцаж байна. Таны зөвлөхөөр МАН-ын хүн ажиллаж байсан юм уу?

-Намын батлахтай үгүйг мэдэхгүй. Би ер нь зөвлөх, туслах эргэн тойрны улсуудаа намын нүдээр хардаггүй. Хэн сэтгэл зүрхээ зориулж ажиллаж чадна, тийм улсуудыг л авч ажиллуулдаг. Ер нь намын нүдээр бүхнийг харж амьдрахыг хүсдэггүй. Монгол хүн гэдгээр нь хардаг. Би УИХ-ын гишүүн болохдоо ч том тойрогт хоёр том намын гишүүнтэй өрсөлдөж байж жижиг намаас ялалт байгуулсан. Тэр утгаар хардаг.

Улс төрд Увсын, Ховдын гээд хоёр бүлэглэл хүчтэй гэдэг. Нэг үе Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гээд Ховдынхон төрийн толгойд гарлаа. Та хэр ойр байдаг вэ?

-Манай Ховдынхон айхтар нутгархаж бүлгэрхдэггүй. Тохиолдлоор нэг цаг үед Ховдоос МУ-ын Ерөнхийлөгч, Ховдоос УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хотын мээр, Монголбанкны ерөнхийлөгч гээд баахан хүн томилогдож, сонгогдсон. Тэр нь өөр өөр намаас. Тэгээд л Ховдынхны бүлэглэл гэж ярьж эхэлсэн. Эднээс нутгархаад нэгийгээ айхтар дэмжиж, татаж гулдраад албан тушаалд тавьсан зүйл огт байхгүй. Ер нь манай Ховдынхон хувь хүнийхээ хувьд хүчтэй улсууд. Үнэхээр очсон газар, салбар болгондоо амжилт үзүүлэн ажиллаж чадах потенциаль сайтай хүмүүс.

Тэр чадлаараа явж байгаа. Манайхан бүлгэрхээд нэгийгээ албан тушаалд томилдог улс биш. Угаасаа Ховд аймаг олон ястан үндэстний өлгий, ямар ч хэрүүл шуугиангүй, эв нэгдэлтэй сайхан амьдарч чаддаг ард түмэн. Тийм ард олон дундаас төрж гарсан улс бүлгэрхэж, нутгархахгүй гэж боддог. Нийт том дүнгээр нь харвал уулс шигээ их ноён нуруутай гэцгээдэг. Тухайн үед Зүүнгарын хаант улс, ойрадууд гээд л ярьдаг байсан. Тэдний гал голомт нь Ховд. Тэр улсууд эх орныхоо тусгаар тогтнолын төлөө үеийн үед тэмцэж ирсэн, ийм л баатарлаг түүхтэй, ийм л ген өвлөгдөж ирсэн ард түмэн шүү дээ.

30 гэр бүл гэж нарийн тоо хэлж чадахгүй ч, энэ үнэн

-Та Ховдынх болохоор тэр үү, алс зах нутгийг хөгжүүлэх талаар ярьдаг. Зарим нь хөдөө тийшээ хөрөнгө үргүй зарж яах юм бэ гэдэг л дээ?

-Нэг хэсэг зуд болоод малаа бараад, зарим нь ажил төрөл, амьдрал ахуй хайгаад хот руу ирсээр байгаа. Энд амьдрал ахуй нь гайгүй боломжийн яваа хэсэг ч байна, болохгүй байгаа улс ч байна. Утаа униаргүй, буянт малаа дагаад сайхан амьдарч байгаа залуус олон. Сүүлийн үед орон нутагт чиглэсэн бодлого явуулсны хүчинд зам харгуй, утсан харилцаа, телевиз интернеттэй сайхан боллоо. Хотод ажил орлогогүй байснаас хөдөө очоод малаа маллаад, газар тариалан эрхлээд амьдарвал боломж байна. Сайхан залуусыг орон нутагт очиж ажиллаж амьдрахад дэмжсэн бодлого явуулах шаардлага байна.

Улаанбаатарт энэ их төвлөрөл үүсээд байгаа нь ажлын байр хайсан, зах зээлээ дагаснаас болж байна. Хөдөөнөөс сонгогдсон гишүүд жалга руугаа баахан юм чирч байна, тийшээ хөрөнгө оруулалт хийлээ гэдэг. Хөдөө орон нутаг хөгжихгүй бол нийслэлдээ багтаж шингэхээ болино. Хөдөө хөгжилгүй бол хүн тогтохгүй, зах нутаг эзгүйрнэ. Харин ч хөдөө нутгаа хөгжүүлэх шаардлага илүү их байгаа. Тийм учраас орон нутгаас сонгогдсон гишүүд иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах чиглэлээр илүү ажиллах хэрэгтэй. Цаашдаа эдийн засаг нь өргөжин тэлбэл орон нутгаа онцгой анхаарч хөгжүүлэх шаардлага бий.

Алслагдсан нутагт амьдарч, газар нутгаа сахин хамгаалж байгаа иргэдэд илүү ээлтэй бодлого, хөнгөлөлт хангамж хэрэгтэй. Урамшууллын асуудал хөндөж байж, хүмүүс суурьшиж, хөгжиж цэцэглэнэ. Бид өнгөрсөн 4 жилд баруун бүсийн аймгууд, алслагдсан бүс нутгуудад байгаа иргэдийн хэрэглэж байгаа бензин шатахууны үнийг Улаанбаатарынхтай адилхан болгосон. Тухайн үед болоод байсан. МАН гарч ирээд энэ асуудал байхгүй боллоо.

Тэгэхээр Ховд, Увс, Баян-Өлгийд амьдарч байгаа ард иргэдийн буруу биш. Бодлогоо зөв явуулбал улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр тэнд амьдарч байгаа иргэд нийслэлчүүдтэй адилхан үнэтэй бензин шатахуун хэрэглэх боломж байсан. Болж байсан юмыг л байхгүй болгоод байх юм. Ухралтууд хийж байна. АН хийсэн маш олон зөв ажил бий, түүнийг нь төрийн бодлогоороо залгамжилж явахгүй, АН хийсэн бол зөв байсан ч зогсоодог бохир ажлыг эрх баригч нам хийж байгаад сэтгэл дундуур байгаа.

-ЕТГ-ын дарга, тэр зүгээс 30 гэр бүл гэж их ярьдаг боллоо. Үүнийг та юу гэж үздэг вэ?

-Монголын нийт баялгийн дийлэнхи хэсэг цөөн хүмүүсийн гарт байгаа нь нууц биш шүү дээ. Амлалт нэхэх ард түмний холбоо байгуулаад явж байхдаа ч ярьж явсан. Үнэн л тэр. Нийт банкуудад байгаа хадгаламжийн ихэнхи хэсэг нь цөөхөн хэдэн хүний дансанд байгаа нь үнэн. Энэ бүхнийг цөөн хэдэн гэр бүл хянаж байгаа. Яг 30, 50 гэсэн нарийн тоо хэлж чадахгүй, 200 гэр бүлээс хэтрэхгүй гэж бодож байна. Монголын бүх баялаг цөөн хэдэн хүний гарт эргэлдээд, тэднийг дэмжсэн бодлого яваад байгаа нь нууц биш. Би Ерөнхийлөгчийн ярьж байгаа зүйлийг дэмжиж байна.

Монголд оронд Монгол хүн болж төрөх ямар сайхан юм бэ гэж Ш.Гүрбазар гуай хэлдэг шиг, Монгол хүн болж төрсөн юм бол баялгаас хүртээд, баян чинээлэг амьдардаггүй юмаа гэхэд дутаж гацахгүй амьдрах бололцоог нь хангах хэрэгтэй. Яахаараа олонхи нь ядуу, цөөн хэдэн хүн хэт баяждаг юм бэ. Ийм нийгмийг бид хүсээгүй. Ялангуяа байгалийн баялаг нийт ард түмний өмч. Байгалийн баялгаас олж байгаа ашиг орлогыг цөөн хэдэн гэр бүл хүртдэг биш, нийт ард түмнээрээ хүртдэг, ашиг орлого болдог, нийтийн хэрэгцээнд зарцуулдаг болохгүй бол бид явахгүй.

-Таныг Шонхор фракцынх гэдэг. Одоо “Алтангадас”-ын дээр “Алтан шонхор” гарлаа, Ан-д нөлөөтэй байна гэдэг.

-АН шинэчлэгдээгүй байхад фракциуд байсан. 200 гаруй гишүүнтэй АН-ын ҮЗХ гэж байсан. ҮЗХ-ны хэдэн гишүүнийг фракцдаа багтааж байна, тэр хэрээрээ хувь ашиг хүртдэг, хувьцаа хүртдэг тогтолцоо байсан. ҮЗХ-ны гишүүний тоогоо олон болгохын төлөө фракциуд хоорондоо тэмцдэг, нэг ч гэсэн хүнээр илүү байхыг хүсдэг, тэр хэдэн хүнээрээ наймаалцдаг байсан. Одоо АН шинэчлэгдсэний үр дүнд фракц утгагүй болсон. Үндэсний бодлогын хороонд хэдэн гишүүнтэй байх нь чухал биш болж байна. ҮБХ-ны хорооны гишүүдийг, намын даргыг ч нийт гишүүдээрээ сонгодог болчихоор фракц алгуурхан устаж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн шинэчлэл зөв гэдгийг эднээс харж болно.

ҮБХ, хуучин ҮЗХ шиг албан тушаал хуваарилдаг газар биш

-АН-ын ҮЗХ, Үндэсний бодлогын хороо хоёр ямар ялгаатай юм бэ?

-Намынхаа ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон. ҮБХ, хуучин ҮЗХ шиг албан тушаал хуваарилдаг газар биш болсон. Яагаад Үндэсний бодлогын хороо гэж нэрлэсэн юм бэ гэхээр тэнд дан бодлого л ярина. Анхны хурлаа хийсэн, ажиллах журам дүрмээ боловсруулсан, үзэл баримтлалаа өөрчилж байна. АН-ын шинэчлэлт тасралтгүй үргэлжилнэ. Зөвхөн хэдэн хүнийг сольсноор асуудал шийдэгдэхгүй. Үндэсний бодлогын хороон дээр “Сүүдрийн парламент” маягаар ажиллая гэж ярьсан. Парламентаар хэлэлцэж байгаа хууль бодлогын асуудлуудыг ярина.

Манайд туршлагатай олон парламент, ИТХ-ын гишүүн байсан улстөрчид байгаа. Энэ бүгдийг ярина. Тухайлбал, ирэх сонгуулийн АН-ын мөрийн хөтөлбөр ямар байх юм бэ, яаж боловсруулах вэ. Зүгээр хэдэн хүмүүсийг нэг өрөөнд вакумжуулан суулгаж байгаад зохиож бичээд, ард түмнээс санал авахын тулд хийдэг биш, хөрсөн дээрээ буусан хөтөлбөр боловсруулах ёстой. Мөн парламентад олонх болоод ямар хуулиудыг хэрхэн амьдралд нийцүүлэн өөрчлөх талаар ч санал авна. Энэ ажил руу түлхүү орно гэсэн бодолтой байгаа. Үүнийг хийхийн тулд орон нутгаар явж, иргэдтэйгээ нэг бүрчлэн уулзана.

Яг тулгамдаад байгаа ямар бүтээн байгуулалт, ямар асуудал байна гэдгийг аймаг, сум, багаар нь гаргаж ирнэ. Энэ ажлыг санаачлаад эхлүүлье гэсэн бодолтой байна. Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын мөрийн хөтөлбөр яаж боловсрогдсон тухай мэднэ л дээ. Хэдэн улсыг вакумжуулаад нэг газар хоол унд өгч байлгаад “Та нар намын мөрийн хөтөлбөр зохиогоод аваад ир” гэсэн, тэд нь иргэдэд таалагдаж санал авахын тулд баахан юм зохиогод биччихсэн, тэгээд асар том ялалт байгуулсан. Тэр нь биелэх бололцоогүй амлалт, мөрийн хөтөлбөр байгаа. Энэ намын алдааг манай нам давтаж болохгүй.

Өмнө нь МАН-ынхан өрийн тааз 80 хувьд хүрлээ, АН-ынхан өр тавьж байна гээд дандаа ярьдаг байсан. Монголчууд өрөөс айдаг өргүй бол баян гэж ярьдаг болохоор АН-ын саналаас хойш татсан байх.

-Өнгөрсөн дөрвөн жил АН эх орноо өрөнд живүүллээ гэсээр байгаад МАН ялсан. АН-ын тавьсан өр тодорхой. Чингис бондын 1,5 тэрбум, Самурай бонд 2 тэрбум гаруй долларын өр. Энэ мөнгөөр гарт баригдан нүдэнд харагдах бүтээн байгуулалт хийсэн. Идсэн уусан гээд ярьдаг, идсэн уусан хүн байдал бол шалгаж тогтоогоод хуулийн хариуцлага хүлээлгээд явах ёстой. Засгийн эрх аваад жил гаруй хугацаанд тэрбум хол давсан өр тавьчихлаа. Энэ мөнгөөр юу хийв, би бүр гайхаад байгаа.

Манайх парламентад цөөн гишүүнтэй, хүчгүй байна, гудамжинд байгаа хүмүүст микрофон индэр олдохгүй байна. Одоо дахиад 4,5 тэрбумын зээл авна гэж ярьж байна. Өрийн таазыг нэмэхгүй гэж асар их ярьсан улс өрийн таазаа ч нэмчихлээ. Бид зээл авахыг буруутгахгүй. Зээл авч болно оо, тэр нь үр ашигтай байх ёстой. Үр ашигтай зараад улс орноо хөгжүүлбэл болж байна. Бонд гэдэг ний нуугүй ярихад зүгээр санхүүгийн хэрэгсэл. Нэг бонд гаргаад, дахиад үргэлжлүүлээд явдаг. Өр гэж болохгүй. Өөрсдөө эрх бариад ирэхээр энэ бүх зовлонг мэдэж байгаа байх.

Тухайн үед АН-аас салгаад өгөөч, энэ улсыг тавиад туулаа, дөнгөж төрсөн хүүхэд 10 саяын өртэй байна гэж айлгасаар байгаад үнэхээр АН-аас салахгүй бол болохгүй юм байна гэдэг итгэл үнэмшил ард иргэдэд төрүүлж чадсан. Тийм учраас үнэмлэхүй ялалт байгуулсан. Одоо ард түмэн харж байгаа. Гарснаасаа хойш хэдэн тэрбумын өр тавив, энэ мөнгөөр юу хийв, ямар бүтээн байгуулалт босов. Харагдах юм нэг ч байхгүй. Нэг ч сургууль, цэцэрлэг нэмж барьсангүй. Ирэх хоёр жилд л гялалзуулдаггүй юм бол. Ганц нэг тууз хайчилсан, тэр нь АН-ын үед эхлүүлсэн ажил.

17 хувийн өсөлттэй эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ гэж ярьсан. 17 хувийн өсөлт нь хаана очиж наалдсан юм бэ?

-17 хувийн өсөлттэй байна гээд монголчууд байтугай дэлхий гайхаж байсан. Тэгэхэд ашигт малтмалын үнэ тэнгэрт хадчихсан, ашигт малтмалын үнийн өсөлтийн супер цикльд таарсан үе. Дараа нь дэлхий даяараа хямарлаа. Хятад, Орос хямарсан, энэ бүх хямрал нөлөөлж байгаа. Ийм өсөлттэй эдийн засгийн АН аваад хасах руу оруулчихсан, хоосон данстай улс орон хүлээж авлаа гэж шоудсан. Тэрбум 500 сая доллар Монголбанкинд үлдээсэн. Түүнийг огт мөнгө байхгүй гэж улаан цайм худлаа ярьсан. Харлуулахын тулд харлуулдаг, муулахын тулд муулдаг байж таарахгүй. Бид муулаад байвал муулаад байна.

Тайван тэвчээртэй харж, хүлээж байна. Ийм олон суудалтай юм чинь өнгөтэй өөдтэй ажил хийгээсэй, сайн хууль батлаасай, бүтээн байгуулалт хийж, улс орны хөгжлийг урагшлуулаасай гэж харж байна. Аль болох гай болохгүй ажлыг нь хийлгэе гэж хүлээж байна. 65-ын бүлэг өөрсдөө засгийн газраа унагачихаад АН унагасан мэтээр ярьж байна. Тэгэхэд бид парламентад 33 гишүүнтэй байж, ямархуу байдлаар ажиллаж ирлээ, эд манай засгийн газрыг унагахын тулд яаж шоудаж байлаа. Дан дээл, давхар дээл гээд талбай дээр жагсаал цуглаан хийгээд явж байлаа. Тухайн үед ярьж байснаасаа 180 градус эргэхээр гайхаж байна. Ийм жишиг, явуургүй арга барилыг Монголын улстөрд хэвшүүлж болохгүй.

Засгийн газрын асуудал ярих үед МАН-ын тэргүүний эмэгтэй гэгддэг гишүүн “Манай намын асуудал АН-д хамаагүй” гэх утгатай үг унагаж байна лээ?

-Ерөөсөө УИХ дээр яригдаж байгаа асуудлыг манай нам гэж яриад байх юм. Төрийн ажил явагдаж байна. Аль ч намаас нэр дэвшээд гарч ирсэн байж болно, тангараг өргөсөн бол Монгол төрийн хүн болсон гэдгээ ойлгох хэрэгтэй. Монгол улс нэг л төртэй. Төрийн нэрийн өмнөөс, төрийн төлөө дуугарах ёстой. Төрийн ажил явагддаг чуулган дээр намын ажил, хэрүүл яриад байж болохгүй. Иймэрхүү өнгө аясаар ярьж байгаад үнэхээр гайхдаг.

Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг. Зарим нь Чимэд багш өөрчилж болохгүй гэж гэрээсэлсэн гэх нь холгүй хамгаалдаг. Таны хувьд?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмждэг. Ардчилал зах зээлийн нийгэмд шилжих үед баталсан шинэ Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн. Монголд ардчилал хэзээ ч ухрахааргүй бат нягт тогтсон, зах зээлийн нийгэмд эргэлт буцалтгүй орж чадсан, үнэт зүйл болгож чадсан. Харин өнөөдөр өрнөж байгаа улстөрийг харахаар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахгүйгээр цаашид явахгүй гэдэг нь харагдаж байна. Энэ парламент л ийм байгаа юм биш, өмнө нь ч байсан, цаашдаа ч асуудал болно.

Дараагийн парламент ухаантай мундаг гишүүдээс бүрдлээ гээд нэмэргүй. Энэ улс төрийн тогтолцоо, эцэг хуулиа зоригтой өөрчилж чадаж байж Монгол Улс хөгжлийн шинэ шатанд гарна. Ямар тогтолцоо байна, тэрэндээ тохироод улстөрчид нь бэлтгэгдээд, шаардлагын дагуу явна. Өнөөдрийн тогтолцоогоор явбал цаашдаа бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдэхгүй. Тийм төрмөл хүн төрөх бололцоогүй, Чингис хаан ирсэн ч харлуулна. Энэ бол тогтолцооны гажиг.

Энэ гажгийг засах ёстой. Бид ардчиллаас ухаръя гээгүй. Улам төгөлдөршүүлье, улс төрөө янзалъя, төр нь хүчтэй, сахилга дэг журамтай, ёс зүйтэй байх хэрэгтэй л гэж байна. Засгийн газар нь засаг шиг байх хэрэгтэй. Жаахан ажил хийх гэсэн, шударга байх гэсэн, өнгөтэй өөдтэй болгох гэсэн нэгийгээ дэгээдэж унагадаг тогтолцоо хол явахгүй. Чингис хаан энэ үед амьдарсан бол адгийн амьтнаараа дуудуулаад л дуусна. Ийм л тамын тогооны үлгэр шиг тогтолцоо, улстөр яваад байна. Тэгэхээр бид улс орноо, ирээдүйгээ, үр хүүхдүүдийнхээ хувь заяаг бодвол зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй. Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй.

Эх сурвалж: tovchoo.mn

 

One thought on “Д.Батцогт: Энэ янзаараа бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдэхгүй, Чингис хаан ирээд ч нэмэргүй

  1. МАН гишүүн 2017-11-14 01:16 at 01:16

    Та нарын буюу АН ы тавьсан өрийг төлөх гэж тавьсан өрийг хасаад тавьсан өрийг нь хэл дээ. Эцэг чинь АН яаж ч пиар хийгээд энхийн цагаан тагтаа биш гэдэг ээ ойлгох хэрэгтэй

    Хариулах

МАН гишүүн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн