Өмнөд Солонгост Хөх ордны дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ гэдгийг тодруулах тандалт судалгаа хэдийнэ эхэлжээ. “Ёнхап” агентлаг гэхэд дундаас дээш боловсролтой, 50 гаруй хувь нь төрийн байгууллагад ажилладаг 200 хүнээс судалгаа авч амжсан байна. Судалгааны дүнгээр ирээдүйн Ерөнхийлөгч болох эхний хүнээр 2012 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд Пак Гын Хетэй өрсөлдсөн Ардчилсан Тобура намын дарга асан Мүн Жэ Ин нэрлэгдсэн байна. Санал асуулгад оролцогчдын 29.9 хувь нь түүнд саналаа өгчээ.
Олон нийт Мүн Жэ Инийг шударга, ажилдаа үнэнч. Авлига болон хээл хахуульд холбогдож байгаагүй, нэр цэвэр улстөрч хэмээн үнэлжээ. Түүний гол өрсөлдөгч нь Чхунчхон-Намдо мужийн захирагч Ан Хи Чон байх магадлалтай байна. Санал асуулгад оролцогчдын 17 хувь нь түүнийг дэмжиж, шударга, итгэлтэй, улстөрийн арвин туршлагатай гэж дүгнэжээ.
Тэдний араас одоо Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа Ерөнхий сайд Хван Кё Ан бичигдэж байна. Ажиглагчид ирэх тавдугаар сарын 9-нд тодрох Ерөнхийлөгчийн суудлын төлөөх гол өрсөлдөөн Мүн Жэ Ин болон Ан Хи Чон, Хван Кё-ан нарын дунд өрнөнө гэж үзэж байгаа аж.