Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг найман аймагт малын гоц халдвар дэгдээд буй. Он гарсаар халдварын эсрэг 22 малчин өрхийн 900 гаруй хонийг холбогдох мэргэжилтнүүд устгалд оруулжээ. Тэгвэл зайлшгүй шаардлагаар устгасан хонинд нөхөн төлбөр олгох уу гэдгийг малчид сураглаж байна.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар устгасан тохиолдолд тухайн үеийн улсын дундаж үнийн 90 хувийг нөхөн төлнө. Устгагдсан малын нөхөн төлбөрийг хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцлагдсанаас хойш 30 хоногийн дотор олгоно гэсэн заалт бий. Энэ тухай аймгийн Онцгой байдлын газрын дарга Я. Алтанхундага “Өвчилсөн малыг устгасан тухай акт холбогдох бичиг баримтыг нэгтгээд Улсын онцгой комисст явуулсан. Нөхөн төлбөр олгогдох эсэх дээр тодорхой мэдээлэл бидэнд хараахан алга байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж байгаа зүйл бий байх” гэжээ.
2016-2017 оны байдлаар Дундговь аймгийн хэд хэдэн сумын нутагт хонины цэцэг өвчний голомт үүсч, хүнд хэлбэрэр өвчилсөн хонийг Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх тухай зааврын дагуу устгажээ. ХХАА- н газрын Мал эмнэлэгийн хэлтсийн өгсөн мэдээгээр өнгөрсөн онд 7 сумын 49 малчин өрхийн 782 хонь, энэ он гарсаар 7 сумын 22 өрхийн 894 хонийг устгаж булшилсан байна.