Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо болон Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо гурван сарын турш багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар тэмцсэн билээ. Тэд ажил хаялтын тэмцэлд шилжиж үр дүнд нь гурван яамтай гэрээ хэлэлцээрт сууж арав хонгийн турш цалин нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн юм. Энэхүү хэлэлцээрийн үр дүнгийн талаар өчигдөр “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо” мэдээлэл хийхдээ “Засгийн Газрын зүгээс 2017 онд цалин нэмэх боломжгүй бөгөөд валютын сантай хатуу гэрээ хийсэн.
Тийм учраас үндсэн цалин нэмэхгүй бол урамшуулал, нэмэлт хөлсний зарчмаар багш нарын бодит орлогыг нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг бид хүргүүлсэн. Бодит үр дүнд хүрч чадлаа” хэмээн “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны ерөнхий зохицуулагч Ц. Мөнхтуяа хэлсэн бол “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны дэд зохицуулагч Б.Бат-эрдэнэ хэлэхдээ “Ерөнхийдөө албан ёсоор гарын үсэг зурж эцэслээгүй ч гэсэн 516 мянган төгрөгийг авах яриа хэлэлцэгдсэн байгаа.
Энэ дээр түр хорооныхон дотроо зөрчилдөөн үүсгэсэн. Үүн дээр монголын мянга мянган багш нар санал нийлэхгүй байгаа. Учир нь бид үндсэн цалингаа нэмүүлье гэж тэмцлээ эхлүүлсэн. Үндсэн цалинг нэмж үнэхээр болохгүй байлаа гэхэд байнгын авдаг урамшуулалтай болъё, нэмэгдэл хөлсийг авъя гэсэн санал хүсэлтийг явуулж өнөөдрийг хүрсэн. Гэтэл зөрчилдөөн гарлаа. Хэвлэлийн хурлын үеэр энэхүү шийдвэрийн хүлээн зөвшөөрч байна гэсэн зүйл ярьсан байх.
Гэвч энэ нь албан ёсны эцэслэсэн зүйл биш. Бид бүхэл бүтэн гурван сарын турш тэмцэл хийчхээд 500 мянган төгрөгөөр амаа таглуулах сэхээтнүүд биш. Бид бодит орлогыг цалин хөлсөн дээрээ байнга авахыг хүсэж байгаа.Өнөөдөр шийдвэр гараагүй байхад мэдээлж байгаад харамсаж байна” гэжээ. Энэ нь “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо” дотроо хагаралтай байгааг харуулж байна. Ирэх долоо хоногийн даваа гаригаас багш нар хугацаагүй ажил хаялт зарлах бололтой. Өнөөдөр зарим сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдийг хүлээлгэж өгсөн гэх бичигт эцэг,эхчүүдээр гарын үсэг зуруулж байгаа аж.