Өнөөдөр интернетээр тархах нэгэн цахим валютад дэлхий даяараа анхаарал хандуулж байна. Энэ бол хийсвэр валют, тоон мөнгө гэгдэж буй биткойн (bitcoin) юм. Биткойн сүүлийн үед дэлхийн зах зээл дээр маш эрэлттэй байна. Исланд, Норвеги, Шведэд найман нэрийн барааны дэлгүүрүүд нь биткойноор үйлчилж эхэлжээ. Ганц биткойн ч биш өнөөдөр дэлхий дээр 1200 төрлийн цахим мөнгө бий болчихоод байна.
Токио хотод тулааны спортын дамжаа ажиллуулдаг нэгэн залуу жилийн өмнө шавиасаа 1500 ам.долларын сургалтын төлбөрийн өрөнд 130 нэгж хийсвэр валют авсан байна. Хийсвэр валютын талаар сайн ойлголтгүй тэрбээр саяхан ханшийг нь шалгаж үзтэл нийт өртөг нь 150 мянган ам.доллараар үнэлэгджээ. Норвегийн иргэн Кристофер Коч дөрвөн жилийн өмнө 17 фунттай тэнцэх хэмжээний өртөг бүхий хийсвэр валют худалдаж авчээ.
Тэгвэл тэр өнөөдөр хуруугаа ч хөдөлгөлгүйгээр хагас сая фунтын хадгаламжтай болоод байна. Биткойн нь интернетэд солилцох мэдээллийн нэг хэлбэр бөгөөд үнэн чанартаа ямар ч үнэ цэнэгүй зүйл. Гэвч сүүлийн саруудад хөрөнгө оруулалтын хэрэгсэл болон хувирч ханш нь огцом өссөөр байна. Биткойны талаар мэдэхийн тулд эхлээд криптовалют гэж юу байдаг талаар мэдэх хэрэгтэй. Криповалют гэдэг нь доллар, иен, евро зэрэг валютын адил арилжааны хэрэгсэл боловч криптограф дээр суурилан цахим мэдээлэл солилцдогоороо ялгаатай. Криптограф гэдэг нь гүйлгээг хамгаалах, хянахад ашигладаг кодчилол юм.
Тэгэхээр криптовалют гэдэг нь үнэ цэнэтэй цахим код болгон хувиргасан код. Хамгийн анхны криптовалют нь биткойн. Биткойн нь SHA256 кэш алгоритм (нэг чиглэлд кодчилол) буюу хэд хэдэн криптограф үйлдлээс бүтсэн алгоритм ашигладаг байна. Уг үйлдлийг хийхэд маш их хүчин чадалтай компьютер хэрэг болдог. Биткойн гэж яг юу юм бэ гэдгийг IT инженер л биш бол ойлгоход жаахан төвөгтэй. Хамгийн энгийнээр тайлбарлавал монголчууд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг мобикомын “Candy” юнителийн “GG”-тэй төстэй.
Бид нэгж худалдаж авах, төлбөрөө төлсөнийхөө урамшуулалд “Candy” болон “GG” авдаг. “Candy” болон “GG”-ээр яриа болон мессэж бичих эрх авахаас гадна кино театрт хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх гээд хөнгөлттэй үйлчлүүлэх боломжтой олон төрлийн гүйлгээ хийж болно. Үүнтэй яг адил биткойноор тус цахим мөнгийг хэрэглэхийг зөвшөөрсөн бүхий л газар гүйлгээ хийж болно. Бүр пицца хүртэл захилж болно. Харин төлбөрөө төлсөн болон нэгж худалдаж авсан хүн бүрийн дансанд “Candy” болон “GG” автоматаар ордог бол биткойн тэгэхгүй.
Мэдээж хүн бүрт биткойн олборлох боломж бий ч биткойныг олборлоход өндөр хүчин чадалтай компьютер болон тусгай программ шаардлагатай. Олборлогчид программ ашиглан математикийн загварчилсан бодлогыг бодож олборлолт хийнэ. Дэлхий даяар тархан орших олборлогчид криптографийн алгоритм ашиглан хамгийн сүүлийн үеийн арилжаануудыг багтаасан блок бодлогыг бодож олборлолт хийдэг. Дунджаар 10 минут тутамд өмнөх блокны гүйлгээний дуусч, дараагийн блок эхэлдэг учир олборлогчдод дараагийн блокийг бусдаас түрүүлж олох шаардлага гардаг.
Биткойны ямар нэгэн арилжааг баталгаажуулснаар олборлогчид ашиг буюу биткойн авдаг. Үүнийгээ зардаг. “Candy” болон “GG”-ийг хаанаас гаргаж байгаа, цаашид гаргасаар байх уу, 1000 нэгж авсан хүнд олгогддог “GG” цаашид нэмэгдэх үү, үүгээр үйлчилдэг байгууллагын тоо өсөх эсэхийг бид мэдэх боломжтой бол биткойны үнэ өсөх эсэх, хэчнээн нөөцтэй вэ гэдгийг бидэнд мэдэх ямар ч боломж байхгүй. Анх 2009 онд Сатоши Накамота гэдэг хүн биткойны талаар нийтлэл гаргаж мөн биткойны алгоримт кодыг нь бичжээ гэхээс өөр ямар ч мэдээлэл байхгүй.
Үнэхээр Сатоши Накамота гэдэг хүн бүтээсэн эсэх нь ч тодорхойгүй. Энэ нэрийн цаана гэмт бүлэглэл, IT инженэрийн баг, дэлхийн томоохон технологийн компани эсвэл хэдэн хакерчин залуус ч байж болохыг таашгүй. Хүн бүр өөр өөрийн таамгаа дэвшүүлсээр л байна. “Georgetown” сургуулийн профессор Жеймс Анжел “Биткойны ард хэн байгааг хэн ч мэдэхгүй. Хүмүүст Сатоши Накамота гэдэг нэрнээс өөр ямар ч төсөөлөл алга байна шүү дээ. Тиймээс насан туршдаа цуглуулсан мөнгөөрөө биткойн авна гэдэг бүтэшгүй” гэсэн байдаг.
Биткойны алгоритм нь ердөө 21 сая биткойн эргэлтэд орох боломжтойгоор анхнаасаа кодлогдсон гэдэг ч үүнийг батлах баталгаа мөн л байхгүй. Учир нь биткойныг зохицуулах банк гэж байхгүй хэр нөөцтэйг ямар ханштай байх эсэх нь бас л тодорхойгүй. Түүнчлэн биткойныг зохицуулдаг Засгийн газар гэж байхгүй учраас онлайн арилжаанд оролцогчид болон хөрөнгө оруулагчид эрсдэлээ өөрсдөө хүлээнэ. Биткойны ханш огцом өөрчлөгддөг. Өнгөрсөн оны сүүлчээр 770 ам.доллартай тэнцүү байсан биткойны ханш энэ оны дөрөвдүгээр сард 1223 ам.доллар, одоо 7000 ам.долларт гараад байна.
Ийнхүү гарт баригдахгүй, гагцхүү комьютерийн дэлгэцэн дээр л үзэгдэх цахим валютын зах зээл тэлсээр. Өнгөрсөн ням гаригийн байдлаар биткойны ханш 7600 ам.доллар болж, 10 сарын хугацаанд 750 орчим хувиар өсч дэлхийн зах зээл дээр цахиур хагалж байна. Бид АТМ-ээс мөнгө авдагтай адил биткойны АТМ гэж байдаг. АНУ, Канад, Их Британи, Испани Улс хамгийн их биткойны АТМ-тэй ажээ. Санхүүгийн зөвлөхүүд биткойны ханшийн өсөлтийг 2006-2007 оны орон сууцны ханшийн хөөсрөл, 2008-2009 оны түүхий эдийн үнийн хөөсрөлтэй зүйрлэж байгаа юм.
Сатоши Накамато гэж хэн бэ
Биткойн олон нийтэд түгэн дэлгэрэх тусам Сатоши Накамато гэх нууцлаг эрхмийг хэн бэ гэх асуулт хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татдаг сэдэв болжээ. Тэрбээр жинхэнэ нэрээ нууцлан Сатоши Накамото гэх хуурамч япон нэр зориудаар сонгосон нь эргэлзээгүй юм. Сатоши Накамото өөрийн хувийн мэдээллээ нууцалж байсан нь олон нийтийн анхаарлаас хол байж өөрийн аюулгүй байдал болон энгийн тайван амьдрал эрхэмлэснийх биз.
Анх түгэн дэлгэрэхэд нь Америк гаралтай хөгжүүлэгч нар олноор дэмжиж эхэлсэн бөгөөд тухайн үед АНУ-ын Засгийн газар биткойн гэх цоо шинэ зүйлийг хараахан ойлгож амжаагүй мөн янз бүрийн улс төрийн шалтгаанаар биткойныг хардаж сэрдэж байсан нь Cатошид өөрийгөө нууцлах хангалттай шалтгаан болсон байх талтай. Сэтгүүлч судлаач нар биткойны зохиогчоор олон хүнийг тодруулсан ч одоогоор хэн нь ч өөрийгөө Сатоши Накамото гэж хүлээн зөвшөөрөөгүй билээ. Тэр хэн ч байлаа гэсэн түүний үлдээсэн оюуны бүтээл болох биткойн өөрөө бие даан юунаас ч хараат бусаар ажиллах чадвартай дэлхийн хамгийн анхны цахим мөнгөний систем болоод байна.
Биткойн пирамид уу, эсвэл технологи уу
Биткойны талаар хүн бүр өөр өөрийн гэсэн таамгийг дэвшүүлж байна. Зарим хэсэг нь биткойныг мөнгө олох хэрэгсэл, яг л сүлжээний бизнес шиг пирамид хэмээж байгаа бол үлдсэн хэсэг нь мэдээлэл, технологийн салбарт гарч буй шинэ хувьсал хэмээн тайлбарладаг. Одоогийн байдлаар дэлхийн томоохон банкууд үүнийг судлах төвшинд явж байна. Япон болон Сингапурын Төвбанк энэ технологийг ашиглана гэдэг шийдвэрээ зарлачихсан. Харин ОХУ болон БНХАУ үүнийг өөрт хэрхэн ашигтайгаар ашиглах, хянах вэ гэдэг асуудлыг судалж байгаа. Улс орнууд энэ цахим мөнгө /биткойн/-ийг хориглолгүй харзнаж, цаашид албан ёсоор хүлээн зөвшөөрөх эсэхээ тунгааж байна. Хэдийгээр улс орнуудын Төвбанк, томоохон банк, санхүүгийн байгууллагууд биткойны талаар тасралтгүй судалж, энэ цахим мөнгөнд итгэж болно гэж мэдэгдээгүй ч хүмүүс биткойныг ихээр сонирхож, үүнийг дагаад биткойны арилжаа өссөөр байна.
Биткойны давуу тал
-Хөрвөх чадвар сайтай
-Олон улсын гуйвуулга хийхэд богино хугацаанд хийж, бага шимтгэл төлнө.
-Биткойноор гүйлгээ хийсэн хэрэглэгчийн мэдээллийг мэдэх ямар ч боломжгүй
-Банк болон Засгийн газраас хараат бус. Засгийн газраас Биткойны хэрэглээг хязгаарлах, торгууль ноогдуулах зэрэг арга хэмжээ авч чадахгүй.
Сул тал
-Богино хугацаанд ханш нь өөрчлөгддөг. Биткоины ханшны нэг өдрийн хамгийн том уналт 2013 оны дөрөвдүгээр сард болсон бөгөөд ханш нь 80 хувь хүртэл буурсан.
-Буцаан олгох боломжгүй. Өөрөөр хэлбэл та пицца захиалаад таны захиалсан пицца ирэхгүй бол та төлсөн биткойноо буцааж авч чадахгүй.
-Хакер халдлагад өртөх эрсдэлтэй. Биткойн хакеруудын анхааралд өртөж, хамгийн сүүлд гэхэд л нэг сая ам.доллараар үнэлэгдэх 1295 нэгж биткойн хулгайлагдсан байна. Худалдан авагчийн тухай мэдээлэл үлдэхгүй учир хуурамч паспорт, хар тамхи наймаалах, мөнгө угаах зэргээр хууль бус арилжаанууд ч биткойноор тооцоо хийх болжээ.
Хэрвээ биткойн энэ чигээрээ амжилттай явж, дэлхийг хамарвал хүмүүс өөрийн мөнгөө цахим хэлбэрт шилжүүлж, цаасан мөнгө үгүй болж, гар утас, таблетандаа суулгасан “түрийвч” гэх программан доторхи цахим мөнгө буюу биткойноор төлбөр тооцоогоо төлдөг болно. Бас цалин тэтгэврээ ч цахим хэлбэрээр авдаг болох нь дамжиггүй. Гэхдээ одоогоор биткойн 100 хувь найдвартай биш учраас яарч их хэмжээний мөнгө оруулж, биткойн болгох нь эрсдэлтэй.
Эх сурвалж: