МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо”-ноос “Төрийн хямрал ба улс төрийн намын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд улс төрд суудалтай болон бусад намын төлөөлөл, улс төр судлаач, шинжээчид оролцож, намын шинэчлэлийн асуудлаар илтгэл хэлэлцэн, санал солилцов. Хурлын эхэнд “МАН-ын шинэчлэл, хөгжлийн бодлого, хөтөлбөр” сэдвээр УИХ-ын гишүүн, МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо”-ны дарга Т.Аюурсайхан илтгэл хэлэлцүүлсэн юм.
Тэрбээр илтгэлдээ “Монгол Улсад төрийн хямрал дээд цэгтээ хүрсэн. Улс төрийн намын нэр хүнд унасан байна. Хямрал юунаас үүссэн бэ гэхээр улс төрийн намуудтай холбоотой. Энэ бол зөвхөн МАН-ын асуудал биш. Эхний ээлжинд парламентад суудалтай улс төрийн намуудын үзэл бодлын нэгдэл бий болгох зорилготой ажиллаж байна” гэлээ.
Дараа нь “АН-ын шинэчлэлийн үйл явц, тулгамдсан асуудлууд” сэдвээр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, “МАХН-ын шинэчлэлийн үйл явц, тулгамдсан асуудлууд” сэдвээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү илтгэл тавьлаа.
Тэрбээр илтгэлдээ “Улс төрийн намууд төрийн хямралд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Нам бол үзэл суртлын төв байх ёстой. МАХН зүүн төвийн үзэлтэй гэдэг ч хатуу хэлэхэд коммунист сэтгэлгээнд суурилж байна. Сүүлийн үед фашист сэтгэлгээнд орж байна. Тиймээс үзэл суртал, үйл ажиллагаандаа шинэчлэл хийхийн тулд намын Их хурлыг зарлан хуралдуулж, асуудлыг ярилцах зайлшгүй шаардлагатай” гэв.
Улс төрийн нам бодлого хэрэгжүүлдэг, нийгмийн хөдөлгөгч хүч, зүтгүүр нь байх ёстой. Гэтэл өнөөдөр дээрх шинж чанараа алдаж, чансаа нь унасаар байна, төрийн хямралд намууд нөлөө үзүүлж байна гэж хуралд оролцогчид онцолж байлаа.