Пакистаны Карачи хотын иргэн, 14 настай Мухаммад Самир толгойгоо 180 хэм эргүүлж, ардаа болж байгаа зүйлсийг харж чадна. Пакистаны “шар шувуун хүн”-ий өвөрмөц чадварын талаар The Daily Mail-д мэдээлжээ.
Мухаммад 6-7 настайдаа Холливудын аймшгийн кинон дээрээс жүжигчин нь хойшоо харахын тулд толгойгоо 180 хэм эргүүлж байгааг харжээ. Ингээд хэдэн сарын турш түүнийг сурахаар сургуулилт хийсэн байна. “Ээж маань намайг юу хийж байгааг хараад цохиж авсан. Тэгээд дахиж үүнийг хийж болохгүй, хүзүүгээ гэмтээчихнэ гэж хэлж билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр үүнийг бурхны бэлэг хэмээн ойлгосон. Миний мөрөөдөл бол Холливудын аймшгийн кинонд тэр жүжигчин шиг ажиллах” гэжээ.
Самир сургуулиа орхиж, Dangerous Boys бүжгийн хамтлагт оржээ. Эцэг нь хоёр ч удаа харваж, ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон тул Мухаммад гэр бүлээ тэжээхээс өөр аргагүй болсон ажээ. Тэр дөрвөн охин дүүгээ сургууль завсардуулахгүй гэсэндээ авьяасаара мөнгө олж байна.
Мухаммад хамтлагийнхаа гишүүдтэй хамт Карачи даяар янз бүрийн шоунд оролцож, тоглолт бүрээс 6-40 фунт стерлинг олдог. Ингэснээр сард 100-120 фунт стерлингийн орлоготой ажилладаг.
Самир бүжиглэх чадвар, гимнастикийн үзүүлбэрээ сайжруулахын хажуугаар жүжиглэх чадвараа нэмэгдүүлж, мөрөөдөлдөө хүрэхийг эрмэлзэж байна. “Би хэзээ нэгэн цагт том дэлгэцээр авьяасаа харуулна гэж итгэдэг” хэмээн хүү ярьжээ.