Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хороо 2017 оны төсвийн тодотголын төслийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Олон улсын валютын сантай тохиролцоод төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулалд 300 мянган төгрөг олгохоор болсныг дуулгасан билээ. 192 мянган төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийн нөхөн олговор нэг удаа олгоход 55.4 тэрбум төгрөг шаардлагатай. Мөн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгохоор тусгасан 72.5 тэрбум төгрөгийг хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн. Төрийн энэ шийдвэр хувийн хэвшлийн ажилтнууд болон жижиг дунд үйлдвэрлэгч, хувиараа бизнес эрхлэгчдэд хүндхэн тусч байгаа юм. Түүнчлэн нэг дор 55.4 тэрбум төгрөгийг 192 мянган хүнд олгосноор үнийн хөөрөгдөл үүсэх магадлалтай. Харин ханшийн өсөлт, үнийн хөөрөгдлөөс хамгийн их алдагдал хүлээдэг хүмүүс бол хувиараа бизнес эрхлэгчид.
Хэдий эмч, багш болон соёлын салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байгаа нь зөв ч гэлээ төрөөс энэ асуудлыг шийдэхдээ хувийн хэвшилд хүндрэл учруулж болохгүй. Жижиг, дунд бизнес эрхлэгчид төрийн албан хаагчидтай адил тэр бүр нэгдэн нийлж, жагсаж цугладаггүй. Хэдий тэд нийгэмд дуу хоолойгоо хүргэхгүй, төр засагт шаардлага тавихгүй байгаа ч цөөнгүй асуудал бэрхшээлээ даван туулж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр өдөр хоногийг өнгөрөөж байгаа билээ. Ингээд хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл болгож, Б.Мөнхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та бизнес эрхлээд хэчнээн жил болж байна вэ. Эдийн засгийн энэ хүнд үед хэр ашигтай ажилладаг вэ?
-Би эх баригч, бага эмч мэргэжилтэй. 1992-2002 он хүртэл мэргэжлээрээ ажилласан. Тухайн үед улсын эдийн засаг тогтворгүй, нэлээд олон хүн цомхтголд орсон. Тэр үеэс бизнес эрхлээд 10 гаруй жил болж байна. Төр засгаас хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийг анхаарч үздэггүй. Бид ямар ч дэмжлэггүйгээр өдий хүртэл амьдралаа залгуулж яваа хүмүүс. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад төрлийн татвар төлдөг ч гэсэн тэр төрлийн үйлчилгээнд хангалттай сайн хамрагдаж чаддаггүй. Мөн ямар нэг байгууллагад харьяалагддаггүй. Зээлгүй бизнес эрхлэгч гэж байхаа больсон. Тэр дундаа ихэнх нь банкны өндөр хүүтэй зээлд хамрагддаг. Тиймээс цаана нь ашиг гарахгүй хэцүү нөхцөлд бизнес хийж байна. Бүгд л татвар, зээлийн хүү, лангууны түрээсээ арай ядан төлдөг. Валютын ханш өссөн, татвар, түрээс нэмэгдсэнээс үүдэн сүүлийн үед ашиг гарахгүй байгаа. Ихэнх сард ашиггүй ажиллаж байна гэхэд болно. Ашгаас орж ирж буй ихэнх мөнгө банкны хүү, түрээс рүү явдаг. Зарим сард худалдан авалт сайн бол цэвэр ашиг 500 мянгаас нэг сая төгрөг авдаг.
-Та яг ямар бизнес эрхэлж байна вэ. Бизнесээ орхиё гэхээр ажлын байр олдох уу?
-Би ОХУ болон БНХАУ-аас гэр ахуйн бараа оруулж ирж борлуулдаг. 10-22 цаг хүртэл долоо хоногийн зургаан өдөр ажилладаг. Замын зардал, гаалийн татвар, түрээсээ шингээж, үнээ тогтоохоор ханшийн өсөлтөөс хамаараад заримдаа ашиг гардаггүй. Улсад ажиллая гэхээр нас 40 давчихсан учир мэргэжлээсээ хөндийрсөн. Тэгээд ч биднийг авдаг ажлын байр байхгүй. Амьдралаа залгуулахын тулд өөрийгөө ажилтай байлгаж бизнес эрхэлдэг.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгохоор тусгасан 72.5 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас хассан. Энэ шийдвэрийг жижиг бизнес эрхлэгчид хэрхэн хүлээж авч байна вэ?
-Төр засгаас эмч, багш нарын цалинг нэмнэ. Зөвхөн төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно гээд байх юм. Төрөөс зөвхөн энэ хүмүүсийн талд шийдвэр гаргаж байна. Би уг шийдвэрийг дэмжихгүй байгаа. Төр яагаад нөхөн олговрыг ялгаварлан олгох гээд байгаа юм бэ. Мөн бизнес эрхлэгчдээ яагаад дэмжихгүй байна вэ.
-Төрөөс олгодог хөнгөлөлттэй зээлийг судалж үзсэн үү?
-Судалж үзсэн. Хамрагдах гэхээр боломжгүй, санхүүжилт дууссан гэдэг. Хөгжлийн зээл гэж байдаг юм билээ. Ямар хүмүүс хамрагддагийг нь мэдэхгүй. Хөгжлийн банкнаас бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн талаарх мэдээлэл муу байдаг. Уг зээлд хамрагдах гээд асууж сураглахад санхүүжилт дууссан гэсэн хариу өгдөг. Олон бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгч төрөөс олгодог хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсдэг. Гэвч бидэнд банкны өндөр хүүтэй зээл л олддог. Би хувьдаа байрны болон бизнесийн зээл төлдөг.
-Бизнесээ өргөжүүлэх юм уу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бий юу?
-Одоогоор гэр ахуйн бараа зарж байгаа. Үүнийгээ өргөжүүлээд даавуу оруулж ирж борлуулъя гэхээр урд хөршийн Эрээн хотод тухайн бөс давуугаар хямд өртгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм билээ. Бид авсан бараагаа хил гаалиар оруулж ирэхдээ татвар төлдөг. Түүнчлэн үйлдвэрийн түрээс, ажилчдын цалингаа нэмэхээр бүтээгдэхүүний өртөг өндөр гардаг. Ингээд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ алдагдал хүлээхгүй борлуулахын тулд урдаас орж ирсэн бараанаас өндөр үнээр зарах хэрэгтэй болдог. Харин худалдан авагчдад тэр үнээр авах эдийн засгийн боломж байхгүй. Тэгэхээр энэ төрлийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлснээс бэлэн бүтээгдэхүүн оруулж ирээд зарсан нь дээр болдог.
-Төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгосноор тэдний амьдралд дэм болж чадах уу. Энэ талаар бизнес эрхлэгчид ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний ойр тойронд байгаа бизнес эрхлэгчид бүгд ямар нэг албан газар харьяалалгүй, янз бүрийн амьдралтай хүмүүс бий. Тэр дундаас зээлгүй бизнес эрхлэгч гэж байхгүй. Бүгд л татвар, зээлийн хүү, түрээсээ арай ядан төлдөг. Мөн одоогийн нийгэмд хувиараа бизнес эрхлэгчид хүн биш болсон. Ямар нэг нийгмийн халамж, тэтгэмжээс гадуур байдаг. Тэр их мөнгийг төрийн албан хаагчдад олгосноор өртэй нэг нь өр зээлээ төлнө. Маргааш нь ахиад хоосон болно. Мөнгө тараах сургаар бүх зүйлийн үнэ нэмэгдэнэ.