УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2017.11.06) ээлжит хуралдаанаа хийж, бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Бүлэг энэ өдрийн хурлаар 2017 оны Төсвийн тодотголд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон ирэх оны төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
2017 оны Төсвийн тодотголд Ерөнхийлөгч хориг тавихдаа хүүхдийн мөнгийг 100 хувь өгсөнгүй, төрийн албан хаагчдад нэг удаа олгох гэж байгаа 300 000 төгрөг нь хууль бус. Төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр буруулсан нь чанарыг муутгасан гэсэн үндэслэлийг тавьсан байгаа. Бүлэг хуралдаад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэл нь хүлээж авахгүй хэмээн шийджээ.
Хоригийг хүлээн авахгүй байх шалтгаанаа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хүүхдийн мөнгөний хувьд эдийн засаг ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Одоо ч гэсэн ОУВС-тай гэрээ, хэлэлцээр хийж хүүхдүүдийн 60-80 хувьд мөнгө олгох асуудлыг ярьж байна. 2020 он гэхэд 100 хувь олгох бодлого барьж байгаа. Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөг бол урамшуулал биш сахилга бат, хариуцлагатай холбогдуулан өгч байгаа мөнгө. Төрийн албан хаагчдын цалинг сүүлийн хэдэн жилд нэмээгүй. Энэ онд цалин нэмэх боломж байхгүй. Ямар ч гэсэн орлогын тогтвортой өсөлтийг бий болгох үүднээс энэ мөнгийг олгохоор болж байна.
Төсвийн хөрөнгө оруулалт буурсан ч чанар нь 0.5 хувь сайжирсан. Бид 60 гаруй төсөл, хөтөлбөрийг нааш цааш нь болгож байж 94.5 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн хэмээн тайлбарлаж байна. МАН-ын бүлгийн хурлын ирц 70 гаруй хувьтай байсан гэнэ. Хуралд ирсэн гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэдэгт 100 хувь санал нэгдсэн гэж Бүлгийн дарга хэлэв.
Гэвч асуудал УИХ-ын Байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх үед гишүүдийн байр суурь хэрхэн өөрчлөгдөхийг хэлэхэд эрт байна. МАН-ын хоёр хуваагдсан бүлэг асуудал дээр дахин талцахыг ч үгүйсгэхгүй нөхцөл байдал улс төрд өрнөж байгаа билээ.