Өмнөд Солонгосын нэгэн сонинд нийтлэгдсэн мэдээллээс үзэхэд Хятад улсад Ким Чен Уны залуу хамаатныг санаатайгаар хөнөөхийг оролдсон Хойд Солонгосын хэдэн иргэн баривчлагдсан гэнэ.
Хойд Солонгос дахь нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжийн мэдээллээс үзэхэд Хятадын эрх бүхий албан тушаалтнууд Коммунист намын их хурлын үеэр Хойд Солонгосын нууц үйл ажиллагаанд ажиглалт хийх явцдаа 22 настай Ким Хан Солыг хөнөөх гэж буй хуйвалдааныг илрүүлжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “JoongAng Ilbo” сонинд мэдээлсэн байна. Тус сонины баталснаар хөлсний долоон алуурчин, түүнчлэн хоёр этгээд саатуулагдаж, Хятадаас өөр улсад нэлээд хэдэн хүнээс байцаалт авсан байна. Хятадын Гадаад хэргийн яамнаас энэ мэдээллийг батлаагүй байна.
Ким Хан Сол нь Ким Чен Уны ах, өнгөрсөн хоёрдугаар сард Малайзад хоёр эмэгтэйд хорлогдож амиа алдсан Ким Чен Намын хүү юм. Ким Чен Намын үхэл нь Хойд Солонгосын эрх баригч гэр бүл дотроо хэрхэн зөрчилтэй байгааг тод томруун харуулсан билээ.
Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ир 1994 онд эцгийнхээ оронд улс орноо удирдаж, нас барах хүртлээ буюу 2011 он хүртэл төрийн тэргүүн байсан. Түүний хувьд дөрвөн өөр эмэгтэйгээс дөрвөн охин, гурван хүүтэй байсан аж. Том хүү Ким Чен Нам нь 2001 он хүртэл төрийн эрхийг залгамжлагчаар нэрлэгдэж байсан боловч Токиогийн Диснейлэнд рүү хуурамч паспорттой явах гэж байгаад баригдсан билээ. Гэхдээ “North Watch Leadership Watch”-ийг үүсгэн байгуулагч Майкл Мэддений мэдэгдсэнээр Ким Чен Намд хэзээ ч засгийн эрхийг шилжүүлэх төлөвгүй байсан гэнэ. Гэхдээ Ким Чен Нам тус улсын аюулгүй байдалд чухал үүрэгтэй нэгэн байсан юм.
Ингээд 2001 он хуурамч паспортын хэрэг дэгдмэгц Ким Чен Ир бага хүү Ким Чен Ундаа ойртсон нь том хүүгээ түлхэж, Хятад зэрэг улсад дүрвэхэд хүргэжээ.
Ким Чен Нам өнгөрсөн хоёрдугаар сард Малайзад амиа алдсаны дараа түүний хүү Ким Хан Сол “Youtube”-д товч бичлэг цацаж, эцгийгээ хэд хоногийн өмнө алуулсан гэдгийг баталсан билээ.
Уг бичлэг цацагдсаны дараахан Лондон дахь Хойд Солонгосын элч асан Дэ Ён Хо Японы хэвлэлүүдээр Ким Хан Солыг Ким Чен Уны дараагийн бай байж магадгүй гэж анхааруулжээ. Ким Хан Сол 2012 онд Финляндын хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ авга ахыгаа “дарангуйлагч” хэмээн нэрлээд Хойд, Өмнөд Солонгосын харилцаа сайжирна гэдэгт найддагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Newsweek