Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын “Алтан соёмбо” тэмдэг, Д.Сүхбаатарын одон, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээснээ өчигдөр гардуулан өгсөн юм. Шинэхэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин хоёрын хувьд Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан салбар бүрт амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан өдөр АНЭУ-ын Абу Даби хотод болсон Их дуулга тэмцээнээс хос алтан медаль хүртэж төрийн дээд одон медалиудаа мялаасныг Ерөнхийлөгч Х.Баттулга цохон тэмдэглэсэнийг дурдууштай.
Хоёр шавиа Хөдөлмөрийн баатар, гавьяат болгосон О.Балжинням багштай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
-Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг буюу таны шавь нараас гурав дахь Хөдөлмөрийн баатар цолтон төрөн гарсан энэ сайхан мөчид Ардын багш таны сэтгэгдлийг сонсоё?
-Сэтгэл үнэхээр өндөр, тун их баярлаж байна. Д.Сумьяа маань Риогийн олимпийн мөнгө, ДАШТ-ний алт, хүрэл медаль, Оюутны Универсиад наадмын алтан медаль, Азийн аварга, Их дуулга, Гран при тэмцээнүүдийн аварга гээд жүдоч хүний авч болох бүх л шагналыг авсан бахархам амжилтаа Монгол төрөөрөө үнэлүүллээ.
Энэ жилийн хувьд манай жүдочид үнэхээр арвин амжилттай маш сайхан жил болж байна. Миний шавь нар ДАШТ-нээс зургаан медаль хүртэж үнэмлэхүй амжилт үзүүлсэн бол Залуучуудын ДАШТ-нээс гурван медаль хүртэж Монголын жүдо бөхийн ирээдүй ямархуу амжилттай бэлтгэгдэж байгааг ард түмэндээ нотлон харууллаа. Зөвхөн энэ жил гэхэд л нэг Хөдөлмөрийн баатар, хоёр гавьяат цолтон төрөн гарлаа. Шинээр хүч түрэн гарч ирсэн Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг хоёр маань гавьяат тамирчин боллоо. Багшийн хувьд үнэхээр баяртай, сэтгэл маш сайхан байна аа.
-Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хувьд жүдочдын маань хамгийн ойрын зорилго, оролцох тэмцээнүүдийн талаар сонирхуулахгүй юу?
-Одоо бидний өмнө дөрвөн тэмцээн байна. Удахгүй Голландад Гран при тэмцээн хүлээж байгаа бол залгуулаад үнэмлэхүй жингийн ДАШТ Марокко улсад ирэх сарын 11-12-нд болно. Түүний дараа бага дэлхийн аварга гэгддэг Токиогийн Их дуулга, мөн л залгуулаад шахуу жин тус бүрийн шилдэг 16 бөх оролцдог Мастерс тэмцээн манай хүүхдүүдийг хүлээж байгаа.
-Шинэхэн Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа болон гавьяат М.Уранцэцэг хоёр маань жин тус бүрээ тэргүүлж байгаа. Тэргүүллээ хадгалахын тулд эдгээр тэмцээнүүдэд барилдаж таарах болов уу?
-Д.Сумьяагийн маань хувьд жингээ хол тасархай тэргүүлж байгаа. Харин сая Абу Дабид барилдаагүй М.Урнаагийн хувьд тэргүүллээ хадгалахын тулд эдгээр тэмцээнүүдэд зайлшгүй барилдах шаардлагатай.
-Үнэмлэхүй жингийн ДАШТ-нд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аварга барилдах уу. Шагналын сан өндөртэй энэ тэмцээнд дөрвөн бөх оролцохоор яригдаж байгаа гэсэн?
-Тийм ээ. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 100 мянган еврогийн шагнал амласан энэ тэмцээнд манайхаас Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн хоёр барилдана. Харин Н.Түвшээ аварга маань явахгүй ээ.
-Таны хувьд жүдогийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар хэд дэх жилдээ ажиллаж байгаа билээ?
-За би чинь одоо зургаа дахь жилдээ ажиллаж байна. Урьд нь 1992-1996 онуудад дөрвөн жил ажилласан гэхээр нийтдээ 10 жил улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна даа.
-2020 оны Токиогийн олимпод барилдах Монголын жүдо бөхийн залуу халаа, ирээдүй аль хэр бэлтгэгдэж байгаа бол?
-Нөөц бололцоо, ирээдүйтэй залуу бөхчүүдийн залгамж халаа сайн байгаа. Сая Залуучуудын болон Өсвөрийн ДАШТ-нээс манай өсөх ирээдүйтэй хүүхдүүд олон медаль авч багагүй амжилт үзүүллээ. Тэгээд одоо барилдаж байгаа хүүхдүүд маань 2020 оны олимпод ёстой л ид жагссан үе дээрээ очно. Тийм ч учраас Токиогийн олимпод ихээхэн өндөр амжилт гаргахаар одооноос тооцоо судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлээд явж байна. Токиогийн олимпийн гол онцлог, давуу тал нь цагийн бүслүүрийн хувьд Монголтой их ойр дөт учир манай хүүхдүүд ядарч цуцалгүй бүх хүч чадлаа дайчлан барилдах бүрэн боломжтой гэж тооцоолж байгаа. Гэтэл Риогийн олимп 12 цагийн зөрүүтэй нөхцөлд болсон учир хүүхдүүдэд маань ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь ойлгомжтой. Энэ бүхнээс дүгнэвэл Токиод амжилт гаргах боломж нь илүү их байгаа гэж харж байна.
-Япончууд нутагтаа 56 жилийн дараа хүлээн авч байгаа 2020 оны олимпийн жүдогийн бүх жинд аваргална хэмээн ил тод зарлаж эхлээд байгаа. Тэгэхээр өрсөлдөөн туйлын ширүүн болох болов уу?
-Аа тэр ч тэгж л байгаа. Гэхдээ бид нар айж эмээх зүйлгүй яс үзэлцэнэ дээ.
-За таны шавь нар болон танд ч гэсэн хойшид улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе?
-Баярлалаа. Монгол түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө улам их хөдөлмөрлөх болно оо.
Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа
-Баяр хүргэе баатар аа. 30 хүрээгүй насандаа Монгол төрийн эрхэм дээд шагнал хүртлээ?
-Баярлалаа. Би одоо 26 настай. Монгол төрийн эрхэм дээд Хөдөлмөрийн баатар цол хүртсэндээ төр засаг болон Монголынхоо нийт ард түмэнд хязгааргүй их баярлалаа. Миний 12 жилийн уйгагүй их хөдөлмөрийг урамшуулж, ирээдүйд байгуулах олон ялалтыг минь мялаасан маш өндөр хүндэтгэл гэж бодож байна. Жүдо бөхийн холбоондоо, эрхэм Ерөнхийлөгчдөө, шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид, хамтран зүтгэгч хамт олондоо баярлалаа. Ардын багш О.Балжинням багштайгаа хоёр олимпийн циклд хамтран ажиллаж байна. Мөн онцолж хэлэх ёстой хүн бол 10 жил удирдлаганд явж байгаа миний багш Х.Эрдэнэт-Од маань байна. Хамгийн анх Эрдэнэбат, Базарсүрэн багш нарынхаа удирдлага дор жүдо бөхийн цагаан толгойг заалгаж байлаа. Жүдо бол хүмүүжил юм, тэсвэр хатуужлын сургууль юм, хүндэтгэл бишрэлийн илэрхийлэл юм. Ер нь тамирчин хүн тэсвэр хатуужлаас гадна хамгийн гол нь халуун эх орончид байдаг юм. Тийм болохоор залуус дүү нараа их спортоор тууштай, зорилготой хичээллэж миний амжилтад хүрээрэй гэж захиж байна, баярлалаа.
Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт Х.Эрдэнэт-Од
-Жүдогийн татамид гараас нь хөтлөн гаргадаг таны шавь Хөдөлмөрийн баатарын алтан таван хошуугаар энгэрээ мялаалаа. Баярын сэтгэгдэлээ хуваалцана уу?
-Үнэхээр их баяртай байна. Багш, дасгалжуулагч хүнд үүнээс илүү аз жаргал гэж юу байх вэ дээ. Уйгагүй хөдөлмөрлөж, 10 жил бэлдсэн шавьтайгаа бэлтгэлээс бэлтгэлийн хооронд, тэмцээнээс тэмцээн рүү ниссээр гэртээ ч харих завгүй шахам зүтгэсээр энэ сайхан амжилтад хүрч төр засаг, ард түмнээрээ хөдөлмөрөө үнэлүүллээ. Үгээр илэрхийлэх аргагүй баяртай байна.
-Жүдогийн шигшээ багаас гурав дахь Хөдөлмөрийн баатар төрсөн нь Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болж байна даа?
-Тийм ээ. Д.Сумьяа маань Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр аваргуудын дараа анхны эмэгтэй Хөдөлмөрийн баатар боллоо. Аргагүй л энэ цагийн жингийхээ дэлхийн нэг номерын жүдоч гэдгээ дэлхий нийтэд бахархалтайгаар зарлан тунхаглачихсан хүн дээ, миний шавь.
-Одоо багш шавь хоёрын хамгийн ойрын зорилго, оролцох тэмцээн юу байна. Жиндээ тасархай түрүүлж яваа болохоор ингэж асуулаа?
-Олон улсын жүдогийн холбооны календарчилсан цуврал тэмцээнүүдийн хуваарийн дагуу тэмцээндээ ороод явна даа. Гэхдээ ямар ч гэсэн тооцоо судалгаагаа харж байж оролцох тэмцээнээ сонгоно. Сая Абу Дабигийн Их дуулгын дараа дэлхийн чансаа шинэчлэгдсэн байгаа. Тэрийгээ харж байгаад дараагийнхаа орох тэмцээнийг товлоно доо.
-Яг барилдахаар гарахад нь өрсөлдөгч бөхийг нь хараад зааж сургах зөвлөлгөө байнга өөрчлөгддөг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Ер нь бол сэтгэлзүйн бэлтгэлжилт нэг удаагийн зааж хэлсэн үгээр явдаггүй л дээ. Сэтгэлзүйн бэлтгэл гэдэг нь олон жилийн турш бэлтгэл сургуулилттайгаа холбож байж тухайн тамирчины ой тоонд гүн бат тогтдог зүйл.
Миний хувьд яг тулсан үед гэхээсээ байнгын бэлтгэл сургуулилтынх нь үед л тэдгээрийг илүүтэй зааж зөвлөдөг. Үүнийг өөрөөр тайлбарлавал “Энгийн үед хөлс их урсвал дайны цагт цус бага урсана” гэж ярьдаг байх аа. Би ер нь үүнийг л ажилдаа гол болгодог. Харин яг барилдахаар гарах үед нь илүү тайвшруулж, сэтгэл зүйг нь дээд зэргээр барилдаандаа төвлөрүүлэхийг нь л чухавчилдаг.
-Сая Абу Дабигийн Их дуулгад аваргалахдаа 2016 оны Риогийн олимпод эргэлзээтэй ялагдсан гол өрсөлдөгч Бразилийн Р.Силваг илт илүүрхэж, хоорондын барилдааны харьцаагаа 5:2 болгосон. Энэ талаар таны сэтгэгдлийг сонсоё?
-Энэ хоёр бол яах аргагүй гол өрсөлдөгчид. Тэгээд ч барилдаан нь эн тэнцүүхэн, их хүнд болдог. Та бүхэн сайн мэдэж байгаа. Риогийн олимпод жүдогийн дүрмийн гажуудлаас болоод л бид алтан медалиа алдчихсан. Риод алдсан алтан медалиа миний шавь жилийн дараа Абу Дабигийн татамигаас эх орондоо авч ирлээ.
Энэ хоёрын хувьд нэг нэгнийхээ барилдааныг хэтэрхий сайн мэддэг, манай хүн нуруугаар арай намхан ч түүнийгээ биеийн ерөнхий хөгжил, хоёр шууны бяраар нөхөж барилддаг болохоор ер нь л барилдаан нь их өрсөлдөөнтэй, хүнд болж өнгөрдөг. Хамгийн гол нь миний шавь эмэгтэй хүнд ахадсан гэмээр зоригтой, хатуу чанд зорилготой хүн л дээ. Энэ ч чанараараа “Монголын Сумьяа” гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жүдоч. За уучлаарай манайхан дуудаж зургаа авхуулах гээд байна.
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Г.Болдбаатар
-Олон жил нэг багт бэлтгэл хийж, жаргал зовлонгоо хуваалцсан нэг дүү чинь Хөдөлмөрийн баатар боллоо. Гавьяат их л баярлаж байгаа нь илэрхий байна шүү?
-Мэдээж ийм сайхан баяртай үйл явдал тохиож байхад би байтугай Монгол даяараа баярлаж, Д.Сумьяа дүүгээр маань бахархаж байгаа нь тодорхой. Би үнэхээр их баярлаж байна. Хойшдоо ч зорилгоо зөв тодорхойлсон, эвсэг манай хамт олноос олон гавьяат, баатрууд төрөх байх гэж бодож байна.
-Таны хувьд бэлтгэл сургуулилт сайн байгаа байх. Мэдээж тамирчин бүрийн мөрөөдөл байдаг 2020 оны Токиогийн олимпод оролцохоор бэлтгэл сургуулилтаа чамбайруулж явна уу?
-Бэлтгэл сургуулилт гайгүй боломжийн байгаа. Одоо удахгүй оны сүүлийн том тэмцээнүүдэд ороод явна.
-Тамирчин хүний амжилтаас хойш нь чангаадаг хамгийн гол хүчин зүйл болдог бэртэл гэмтэл гайгүй байгаа юу?
-Саяхан шагайгаа жаахан эвгүй болгочихоод одоо гайгүй болсон. Бэлтгэлдээ ороод явж байна.
-Одоо мэдээж хамгийн ойрын зорилго бол Токиогийн Их дуулга, Мастерсын тэмцээн байгаа болов уу?
-Тийм шүү. Яг л наад хоёр тэмцээнд чинь барилдахаар үндсэн бэлтгэлдээ ороод явж байгаа. Бага дэлхийн аварга гэдэг Токиогийн Их дуулга, за тэгээд жин бүрийн шилдэг 16 бөх барилддаг Мастерсын тэмцээнээр тухайн оны тэмцээнүүд шувтарч бөхчүүдийн чансааг тодорхойлдог тул энэ хоёр тэмцээнд л сайн оролцохоор бэлтгэлээ эрчимжүүлээд явж байна.
-Он гараад л 2020 оны Токиогийн олимпийн цикл улам л өрсөлдөөнтэй, гол гол тэмцээнүүд явагдаж эхлэх байх даа?
-Тэгэлгүй яахав. 2018 оны гуравдугаар сард улсын аварга шалгаруулах тэмцээн байгаа. Улсын аваргад үзүүлэх амжилтаас шалтгаалан дараа дараагийн тэмцээн уралдаанд хэрхэн оролцох нь тодорхой болно доо.
-За гавьяатдаа улам их амжилт хүсье?
-Их баярлалаа. Энэ завшааныг ашиглан биднийг үргэлж дэмждэг Монголын ард түмэндээ маш их баярлалаа, та нарынхаа энэ их хайр хүндлэлийг амжилтаар хариулахын төлөө уйгагүй зүтгэх болно гэдгээ илэрхийлье.
Монгол Улсын шинэхэн гавьяа тамирчин Г.Одбаяр
-За дөнгөж сая Ерөнхийлөгчийн гараас гавьяатын тэмдгээ зүүсэн шинэхэн гавьяатдаа баяр хүргэе. Монгол төрийн эрхэм шагнал гардах мөчид яг юу бодогдож байв даа?
-Яг тэр мөчид олон жилийн минь бэлтгэл сургуулилт, амжилтын баяр хөөр, ялагдлын гашуун сургамж нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрөх шиг болсон. Өнгөрсөн наймдугаар сард Унгарын Будапештийн ДАШТ-ний дэвжээнээс хүртсэн хүрэл медалийг минь өндөр үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнасан төр засаг, ард түмэндээ баярлалаа.
-Сая Абу Дабид гол өрсөлдөгчдийнхөө нэг ОХУ-ын бөх Могушковыг илт илүүрхэн ялж аваргалсан барилдааныхаа талаар дурсахгүй юу?
-Абу Дабигийн Их дуулгын өмнө манайд ирж хамтарсан бэлтгэл хийсэн болохоор барилдааныг сайн судалж, давуу талтай болсон нь нөлөөлсөн байх.
-Өөрийн тань хоёр шууны бяр 73 кг-д дэлхийд ховорхон гэж яригддаг. Өөрт чинь мэдрэгддэг л байх даа?
-Хэ хэ. Бэлтгэлээ уйгагүй сайн хийдэгтэй минь л холбоотой байх гэж боддог шүү дээ. Бас тэгээд энэ сайхан Монгол орны маань байгаль, цаг агаар, ууж иддэг хоол ундтай маань ч холбоотой байдаг байхаа.
-Одоо мэдээж Токиогийн Их дуулга, Мастерсын тэмцээн өөрийг чинь хүлээж байгаа болов уу?
-Тийм. Тэр хоёрт л барилдана даа. Болж өгвөл энэ сайхан гавьяат цолоо мялааж амжилттай оролцохыг хичээнэ ээ.