Өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин ихсэж, агаарын бохирдолтод илүү өртсөн эхээс төрсөн ургийн хэмжээ 80 граммаар бага байдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-д оролцохдоо тодотгосон юм.
Сүүлийн жилүүдэд нас баралтын тэргүүлэн шалтгаанд зүрх судасны өвчлөл тэргүүлж байгааг салбарын сайд тоон мэдээллээр чуулганд оролцогчдод “илтгэсэн”. Тодруулбал, Улаанбаатар хотод 19 хүртлэх насны хүүхдийн эмнэлэгт хэвтэлтийн 90 гаруй хувийг амьсгалын тогтолцооны эмгэгтэй хүүхдүүд эзэлж байна. Тухайлбал, хатгалгаа өвчнөөр нийт хэвтсэн хүүхдийн 42.4 хувь нь амьсгалын тогтолцооны бусад эмгэгээр 50 гаруй хувь нь хэвтэн эмчлүүлжээ. Жилдээ 5 хүртлэх насны 2000 гаруй хүүхэд эндэж байгаагийн дотор 14.5 хувь нь амьсгалын тогтолцооны өвчний улмаас эндсэн гэх “аймшигт” мэдээлэл ч бий тухай Д.Сарангэрэл сайдын илтгэлд дурьдагдсан юм. Мөн 2016 оны дүнгээр 0-5 насны хүүхдийн 50 гаруй хувийг амьсгалын тогтолцооны өвчин эзэлж байна. Судлаачдын судалгаагаар уушигны хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд хэвтсэн бөгөөд үүнээс 53 хувь нь агаарын бохирдолтой холбоотой. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 60 гаруй хувь нь гэр хорооллын хүүхдүүд.
Мэдээж агаарын бохирдол ганц Монголд тохиолдоод байгаа гамшиг биш. Дэлхийд жилдээ 3.7 сая хүн нас барж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан мэдээллэдэг.
Агаарын түгээмэл бохирдуулагчид болох Том ширхэгт буюу РМ 10, нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5 азот, хүхэр, нүүрстөрөгчийн нэгдлүүд хүний биед дан, хавсарсан байдлаар хурц, архаг өвчлөлүүд гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын өвчлөл бус зүрх судас, мэдрэлийн тогтолцоо, нөхөн үржихүйн тогтолцооны эмгэг үүсгэх эрсдэлтэй. 2009 оны судалгаагаар нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5-ын хувьд түүний 10 микро грамметркубээр өсөхөд зүрх судасны өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтэлтийг 0.8 хувиар нэмэгдүүлсэн тоон үзүүлэлт бий.
Агаарын бохирдол, цаг уурын хүчин зүйлтэй хавсран амьсгалын замын өвчлөлд 52.9 хувиар, зүрх судасны өвчлөлийн 20 хувьд нөлөөлж байгааг Эрүүл мэндийн сайд илтгэлдээ онцолж, Монголд зуухнаас гарах утааны хэмжээг 80 хувиар бууруулахад агаар дахь РМ 2.5-ын агууламж 48 хувиар буурч, жилдээ 66 сая ам.долларын эрүүл мэндийн зардлыг хэмнэх боломжтой гэдгийг чуулганд оролцогчдод хэлсэн юм.