Японы Засгийн газар өнөөдөр (2017.11.01) яаралтай хуралдаанаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Сайд нарын танхимын тэргүүн Шинзо Абэ гишүүдээ огцрох тухай мэдэгдлийг хүлээн авсан байна. Энэ бол Японы парламентын доод танхимын тусгай хуралдаан эхлэхийн өмнөхөн болдог нэр төдий үйл явц юм. Үүний дараа доод танхимынхан Японы шинэ Ерөнхий сайдаа сонгоно.
Шинжээчдийн таамаглаж буйгаар Японы шинэ Ерөнхий сайдаар Шинзо Абэ дахин сонгогдох төлөвтэй байна. Түүнчлэн шинэ танхимын сайд нар өмнөхөөс нэг их ялгарахгүй л болов уу хэмээн шинжээчид харж байна.
Дашрамд дурдахад Японы парламентын доод танхимын ээлжит бус сонгууль 10 дугаар сарын 22-нд болж, эрх баригч эвсэл ялалт байгуулсан билээ.
Эх сурвалж: ТАСС