Өнөөдөр (2017.11.01) өглөө 10.00 цагт зарласан УИХ дахь МАН-ын бүлгийн хурал товлосон цагаасаа хоцорч эхэлсэн. Хурлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаас завсарлага авахад хүргэсэн 2018 оны улсын төсвийн асуудлыг хэлэлцжээ.
Бүлэг Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригийг хүлээн авахгүй гэдэг дээр 100 хувь санал нэгдэж байгаа хэмээн эх сурвалжууд баталж байна. Гэвч үүнтэй зэрэгцэн МАН-ын УИХ дахь хоёр хуваагдсан бүлгийн нэг, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн 32-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, Сангийн сайдыг огцруулах саналд нэгдсэн тухай мэдээ ч дуулдаж байна.
Энэ нь 32-ийн бүлгээс У.Хүрэлсүхэд барьж байгаа “гэнэтийн бэлэг” бөгөөд Засгийн газраа огцруулж, шинэ засгаа байгуулаад сар ч хүрээгүй байхад түүнд “сануулга” өгөх алхам болно гэсэн таамаглал яригдаад эхэлжээ. Анх наймдугаар сард Засгийн газраа огцруулна, огцруулахгүй гэдэг асуудлаар хоёр хуваагдсан МАН-ын бүлэг өнөөдрийг хүртэл нэгдэж чадахгүй байгаа. Хоёр жижиг бүлэг намын бүлгийн хурлаа ч хуралдуулж чадахгүй албан бусаар экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд тус тусдаа нууцаар хуралдсаар байгаа юм.
Юутай ч өнөөдөр үдээс хойш хуралдах УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Үүний дараа асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ гэсэн хүлээлт бий болоод байна.
1 comment
Ой гутарч байна. Ер нь Монгол улс ерөнхийлөгчийн засаглалтай болмоор ч юм уу?