Өнөөдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө. Засгийн газрын тогтоолын дагуу 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах 130580 (10 дугаар сарын 1-ний дүн) айл өрх хэрэглэгч байна. Эдгээрээс 128509 нь 100 хувь, 2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд тус тус хамрагдах юм. Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 – 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна
Ингэхдээ 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 1500 кВт.цаг байна. Үүнээс илүү гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцно.
Мөн энэ өвөл 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон. Хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөнө.
“Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан. Иймд цахилгаан хэрэглэгчид11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө амжиж хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулах шаардлагатай. Мөн баталгаажсан тарифт электрон тоолуур, стандартын шаардлага хангасан, үйлдвэрийн гэрчилгээтэй цахилгаан халаагуур сонгож, гэр ахуйн цахилгааны аюулгүй байдлыг хангахыг УБЦТС ТӨХК-иас зөвлөж байна.