Аравдугаар сарын 27-ны баасан гаригт Каталонийн парламент Испаниас салсан тусгаар тогтнолоо зарлав. Тусгаар тогтнох тунхагт өмнө нь “Каталонийн бүгд найрамдах улсыг тусгаар тогтносон, бие даасан, хууль эрх зүйт, ардчилсан, нийгэмтэй улс болгон тунхаглаж байна” гэж бүс нутгийн хууль тогтоох байгууллагын 72 депутат, Ерөнхийлөгч Карлес Пучдемоны гарын үсэг зурсан өгүүлжээ.
Санал хураалт нууцаар явагдаж нийт 135 мандаттай парламентын 70 гишүүн тусгаар тогтнолын төлөө, 10 нь эсрэг, хоёр нь түтгэлзсэн санал өгсөн байлаа. Үүнийг эсэргүүцсэн Социалист, Ардын ба Иргэний намынхан хурлыг орхин гарцгаажээ. Аравдугаар сарын 1-ний тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулгыг дэмжсэн намынхан л энэ санал хураалтад оролцсон байна.
Каталонийн парламент уг бүсийн Ерөнхийлөгч Карлес Пучдемон бүс нутагт ээлжит бус сонгууль явуулах болон мөн Засгийн газраа огцруулахаас татгалзсаны дараагийн өдөр нь автономийг тусгаар улс болгон тунхагласан байв. Ээлжит бус сонгууль явуулахыг Мадрид шаардсан ба түүнийг биелүүлээгүй бол Испанийн үндсэн хуулийн 155-р заалтын дагуу автономын статусыг зогсоож бүсийн бүх удирдлагыг төв засагт хамааруулах ёстой байв. Каталонийн парламент тусгаар тогтнолоо тунхагласны дараа залгуулаад Испанийн Сенат зохих шийдвэрээ зарласан байв.
Автоном баяртай
Испани нь нэгдсэн улс юм. Түүний Үндсэн хууль нь бүс нутгийн тусгаар тогтнолыг зөвшөөрдөггүй. Тусгаарлах ямар ч оролдлого нь салан тусгаарлах үзлийн илэрхийлэл ба Мадридад захирагдаагүйн илэрхийлэл гэж үздэг. Үндсэн хуулийг зохиогчид тухайн цагтаа каталоны үйл явдал шиг зүйл гарахгүй гэж үзсэн бололтой. Салан тусгаарлагч байх талаар Үндсэн хуулийн 155-р зүйлд өгүүлдэг.
Тэнд “хэрэв автономын нийгэмлэг нь Үндсэн хууль болон бусад хуулийн дагуух хүлээсэн үүргээ биелэхгүй бол Сенатын дэмжлэгтэйгээр Засгийн газар нь автономын үйл ажиллагааг зогсоон бүс нутгийн бүх удирдлагыг төвийн захиргаа авна гэж заасан байна. Тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний лидерүүдийг улсын эсрэг самуун дэгдээхэд уриалсан гээд баривчилж болох юм. Испанийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Нутаг дэвсгэрийн захиргааны сайд Сорайя Саенс де Сантамария мэдэгдэхдээ, Каталонид “хууль ба ардчиллыг сэргээх бүх арга хэмжээг” авна гэж хэлжээ.
Дотоод хагарал
Автономын мужийн хэрэг явдалд хилэгнэж байгаа Мадридаас гадна тусгаар тогтнолын төлөө байгаа каталончуудын хэсэг нь Испанийн бүрэлдэхүүнд байх хүсэлтэй хүмүүстэйгээ зөрөлдөөнтэй байгаа юм. Тусгаарлахын төлөө 90 хувь нь санал өгсөн ч тэд санал өгөх ёстой каталончуудын тал хувийг ч гүйцээхгүй байгаа юм. Бүх нийтийн санал асуулга явагдсаны дараагийн долоо хоногт нь сая орчим хүний жагсаал болж “Бид бүгд каталончууд”, “Пучдемоныг шоронд” гэсэн уриа барьсан байлаа.
Европын холбооны иргэдийн хөнгөлөлтөөс салахыг хүсээгүй хүмүүсээс гадна Каталонийн санхүүгийн салбар тусгаарлахын эсрэг байгаа. Жуулчны салбар нь гэхэд л автономын улс төрийн хямралаас багагүй хохироод байгаа юм. Каталонийн Засгийн газар эдийн засгийнхаа гурван зүтгүүрийг аж үйлдвэр, жуулчлал, худалдаа гэж тодорхойлсон ба жуулчлалыг эдийн засгийн үйл ажиллагааны хамгийн тодруун төрөл гэсэн байгаа.
Иргэний дайн гарахгүй
Нэгэн ярилцлагадаа каталончууд хүчирхийлэл гаргахгүй гэж Пучдемон мэдэгдсэн юм. Бид цаг ямагт л энхийн хөдөлгөөн байсан гэж тэр хэлсэн байгаа. Каталони бол Баскийн улс орон биш. Тэдний ЭТА хөдөлгөөн тусгаар тогтнохын тулд хүчирхийлэлд уриалсан билээ. Каталонид 17 мянган хүнтэй цагдаагийн автоном хүчнээс өөр арми гэж байдаггүй учраас Мадрид төвийн засгийг тогтооход ямар нэгэн саад байхгүй.
Бүх нийтийн саналд асуулгын үеэр цагдаагийнхан тэдэнд нэг их саад болоогүй. Нутгийн цагдаагийн Моссос д’Эсквадра нэртэй алба өөрсдийгөө сөргөлдөөний аль ч талд зогсохгүй гэлэээ. Гудамжны үймээн гарч болох авч тэр нь зэвсэгт мөргөлдөөнд хүргэхгүй байгаа нь харагдаж байгаа.
Европын холбоо баяртай
Хоёр сая гаруй каталончууд Испанийн бүрэлдэхүүнээс гарч өмнөхөөсөө баян орон болно гэсэн итгэлээр тусгаар тогтнох саналаа өгсөн юм. Каталоничууд яагаад баялагийг хуваахад сэтгэл дундуур байна вэ гэдгийг ойлгохын тулд Барселоны эдийн засгийн газрын мэдээг харах хэрэгтэй. 2010 онд Каталони Испанийн сан хөмрөгт үндэсний төвшнөөс 1.2 дахин их татвар оруулж улсын дундажаас 98.9 хувийн татаас авчээ.
Гэхдээ тусгаарласны дараа тэдний эдийн засгийн таатай байдал нь үлдэхгүй биз. Тусгаар тогтнох тунхаглал нь хэрэгжээд эхэлбэл Каталони шууд л Европын холбооны гадна үлдэнэ. “Хэрэв муж тусгаар тогтновол Европын холбоонд элсэх ажиллагаа шинээр эхэлнэ. Олон жил үргэлжилнэ. Испани хэзээ ч түүний төлөө санал өгөхгүй. Мөн Европын холбооны ямар нэгэн хөнгөлөлт алга болно. Мөн ЕХ нь өөрөө тусгаар тогтнолыг нь зөвшөөрөхгүй байгаа нь Каталоныг энэ холбоонд мөд элсүүлэхгүй л болов уу.
Гүйцэгдэшгүй зүйл
Сарын өмнө бүс нутаг хэрхэн Испаниас тусгаарлах талаар хэнд ч төсөөлөл байгаагүй юм. Ерөнхийдөө мужийн тусгаар тогтнол нь гүйцэгдэшгүй зүйл байв. Бүс нутгийн эдийн засгийн хөгжил нь хэдэн зуун утсаар Европын холбоо ба Испанитай холбоотой байгаа. Тусгаарлах нь мужийн хувьд эдийн засгийн сүйрэл болох юм.
Харин Пучдемоны улс төрийн карьер нь салан тусгаарлах санаатай холбоотой учраас түүнд ухрах газар үгүй. Пучдемон ба түүний хамсаатнууд тусгаарлах талаар зүгээр л яриад Мадридтай хэлэлцээр хийхээр суух байх гэж байсан нь аравдугаар сарын 10-нд тодорхой болсон билээ. Пучдемон Мадридтай хэлэлцээр хийнэ гээд тусгаар тогтнох тунхаглалаа зогсоосон байв.
Гэтэл хэлэлцээрийн оронд Каталони Испанийн сенатын шийдвэрээс өмнө тусгаар тогтнолоо зарласнаар энэ хямрал дараагийн шатандаа шилжиж байна. Бодит тусгаар тогтнол хүртэл их зайтай. Каталони ямар ч байсан Испанийн бүрэлдэхүүнд үлдэх байх. Мадрид, Барселона хоёр тохиролцоонд хүрч каталоничуудад таалагдахгүй байгаа татварын бодлогоо зохицуулах ёстой болов уу. Талууд тохиролцтол бас их саад тотгор байгаа нь мэдээж. Каталоничууд тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байх зуур Мадрид тэдэнд гурван өдрийн дотор тунхагаа цуцлахыг шаардлаа.
Эх сурвалж: ТАСС