Ууланд эндэгсдийн ар гэрийнхнээс ахмад уулчдаа төлөөлөн уучлал гуйж байна

2017-10-27 12:01
UUL

Харамсаад харамсаад баршгүй, гашуудаад гашуудаад дуусашгүй аймшигг “хар өдрүүд” арайхийж өнгөрч байна даа. Монголын уулчид, Монголын ард түмэн энэ эмгэнэлт өдрүүдийг хагас дутуу нойртой, хатуу гашуун нулимстай үдэж, Монголоор барахгүй, дэлхийн хүн зон энэ өдрүүдийг сэтгэлдээ түгшүүртэйгээр өнгөрөөж байна. Яагаад гэвэл, 8000 гаруй метрийн өндөртэй “Дэлхийн дээвэр” Эврестед биш, 7000-5000 метрийн өндөртэй Ази, Африк, Америк, Европ тивийн өндөр оргилд биш, Монголын жирийн нэг 4000 метрийн өндөртэй ууланд, 3200-3800 метрийн өндөрт аюулт осол гарсанд харамсахын дээдээр харамсаж, гашуудахын ихээр гашуудаж, хохирогчдын ар гэрийнхэн аав, ээж, ахан дүүс, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Энэ олон хүнээс ядахдаа ганц нь ч болов амьд олддог арга байдаггүй юм болов уу гэж “горьдлогын манан”-д умбасан манантай, будантай хэдэн өдрүүд ард хоцорлоо. Авирагчид маань оргилоо эзэлчихээд буцаж, буухдаа осолдож дээ, янз нь. Тэгэхдээ тэд олсон холбоондоо ороогүй, ганц нэгээрээ, тус тусдаа буусан бололтой. Тийм учраас хэдэн өдөр, хэдэн зуун метр газарт эрэл хайгуулын ажил үргэлжиллээ. Хэрэв тэд олсон холболтондоо орсон байсан бол ийм их, олон өдрийн ажил болохгүй, нэгийг нь олоод авсан л бол олсыг хөөгөөд бусдыг нь амархан олоод авчих учиртай байсан.

Хамгийн урт 60 метрийн олсонд холбогдсон бол нэг олсонд сайндаа л 6-10 хүн холбогдох боломжтой. Нэгийг нь олсон бол эрэл хайгуулын ажил 60 метрийн дотор, хоёр олсонд холбогдсон бол 120 метрийн зайнд л тэд байх ёстой. Гэтэл тэгсэнгүй. Уулын спортын аваар ослын 90 хувь нь буцаж буухдаа болдог гэж үздэг.

Энэ удаа ч тийм юм боллоо. Учир нь, хүн авирахдаа ямагт дээшээ харж, хаданд бол хаана юунаас нь барих, дараа нь хөлөө хаана гишгэх, цас мөсөнд бол хаана нь ямар хамгаалалт бэхэлгээ хийж явах зэрэг нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, хүний харааны төвшин 40-50 сантиметрийн зайнд хардаг бол уруугаа буцах үед хүний харааны төвшин 2-3 метрийн зайнд байж, хаана, юун дээр яаж гишгэж явах нь тодорхойгүй байдаг тул аваар ослын ихэнх нь буухад болдог жамтай.

Дээр нь бас нэгэнт оргил эзэлчихсэн хүмүүс “сэтгэлийн хөөрөлд” орж буцаж буухдаа сэрэмж алдаж осолдох нь олонтаа байдаг. Дээхнэ үеийн анхны ахмад уулчид бид бол аав, ээждээ хэлж, авгай хүүхэд, нөхрөөсөө зөвшөөрөл авч, “өөрөөсөө болон өрөөл бусдаас шалтгаалан аваар, осолд өртөх буюу амь насаа алдвал ямарч гомдолгүй” гэсэн баталгаа гаргаж, гарын үсгээ зурж авчирдаг байсан.

Одоо эсэхийг мэдэхгүй юм. Ямарч ууланд авирах үед тухайн уулынхаа байгаль орчин, цаг уурын байдалд зохицох гэж дор хаяж долоо хоногийн, цаашилбал, 14-20, 30 хоногийн бэлтгэл сургуулилт хийж байж авиралт хариуцсан эмчдээ тогтмол үзүүлж, харуулж, хэрэв даралт өндөртэй (150-160 дээш) бол авирах эрхгүй. Авиралт хариуцсан багш, дасгалжуулагчид эмчийн зөвшөөрлөөр тэр өдрийн авиралтаасаа хасагдаж, хэдийгээр авирах дур сонирхолтой байвч “доголон нулимс”-тай хоцрох явдал байсан. Одоо тийм бэлтгэл сургуулилт дасгалжуулагч, эмч нарын хяналт байгаа болов уу. Цааш цаашдаа бүгдээрээ дор бүрнээ энэ бүхнийг анхааран бодоосой хэмээн хүсье. Дэндүү их харамсаж, гашуудаж байна. Эмгэнэж байна. Амь хохирогчдын ар гэрийнхнээс ахмад уулчдаа төлөөлөн уучлал гуйж байна.

Ахмад тамирчин, уулын спортын мастер Жа.ДУЛМАА (Төв аймаг, Жаргалант сум)