Сүүлийн үед хамгийн их шуугиан тариад байгаа зүйл нь CryptoCurrency буюу ЦахимМөнгө гэж үзэж болно. Гэхдээ мэдээж зарим хүмүүс Хойд Солонгосын Цахим тулааны чадвар дэлхий нийтийн анхаарлыг бүр илүү татаж байгаа гэж хэлж болох юм. Саяхан л барууны тусгай албад болоод цахим системийн ажилтнуудын доог тохуу болж байсан Хойд Солонгосын хакерүүд маш богино хугацаанд асар өндөр чадварыг эзэмшиж барууны хамгийн сайн хамгаалалттай банк санхүү, аюулгүй албадуудын тогтолцоо руу нэвтрэн цахим гэмт хэрэг үйлдсээр байгаа нь хамгийн их анхаарал татсан асуудал гэж үзэж байгаа хүмүүстээй би ерөнхийдөө санал нэгтэй байдаг, гэхдээ миний хувьд Оросын засгийн газраас өөрсдийн CryptoRuble буюу Цахим Рубль мөнгийг гаргаж эхэлсэн нь бидэнд илүү ач холбогдолтой үйл явдал гэж үзэж байна.
Оросын ерөнхийлөгч Путин өчигдөр (2017-10-17 Putin green lights launch of the CryptoRuble) Оросын төрийн хяналтанд байх Цахим Рубль гаргах зөвшөөрөлд гарын үсэг зурсан байна. Цахим Рубль гарснаар Орост бусад төрлийн тухайлбал BitCoin, CryptoDash гэх мэтийн цахим мөнгөнүүд худалдаалагдахгүй, хуулиар хориглогдох юм байна.
Сонссон бүхэн л цахим мөнгөний талаар ярих болж, хүн бүхэн л хэрэгтэй, ашигтай, гэнэт баяжих, их мөнгө хийх нэгэн боломж гэж харж буй аж. Үнэхээр ч тийм боломж бий мэт, бас үгүй, хуурамч нэгэн хөөс мэт. Мэдэмхийрэх нэг нь хэт мэдэмхийрч, үл ойлгох нэг нь чимээгүйхэн суух. Гэхдээ л Цахим мөнгө гэж яг чухам юу болох, ямар үр дагаварыг авчрах, хэн гаргаад байгаа гээд хамгийн гол асуудлуудыг мэдсэн, ойлгосон нь үгүй. Цахим мөнгөний хувьд нэг л том асуудал бий! Тэр нь Цахим мөнгийг хэн, хаанаас ямар эдийн засаг болоод эрх зүйн үндэслэлээр гаргаад байна вэ? Үүнд янз бүрийн тайлбар байдаг л даа. Үнэхээр сод ухаантай, бизнес сэтгэхүйтэй залуусын санаачилгаар эхлүүлсэн ажиллагаа юу, эсвэл яг жинхэнэ эзэд нь олон улсын банк санхүү, мөнгөний урсгалыг хянаж байдаг барууны Төв Банкнууд уу? Хэн ч яг үнэнийг одоогоор мэдэхгүй байна.
Яагаад Төв банкнууд гэж? Яагаад гэвэл орчин цагийн олон улсын банк, санхүүгийн тогтолцоо үнэндээ хямралд орж нуран унаж байна. Төв банкууд энэ системдээ байр сууриа хадгалан үлдэж чадахгүй болох магадлал улам нэмэгдсээр байгаа юм. Тиймээс төв банкууд болоод эзэд нь өөрсдийн олон улсын банк, санхүүгийн тогтолцоон дахь уламжлалт ноёрхолоо хадгалж үлдэхийн тулд өөрсдийн хяналтанд байдаг цахим мөнгөний банк санхүүгийн цоо шинэ тогтолцоог бий болгохоор туршиж байгаа гэх таамаг бий аж.
Цахим мөнгөний санаачилга хаанаас ч, хэнээс ч гарсан байж болно, гэхдээ харин одоо хэний хяналтанд байна вэ, хэн цахим мөнгийг хаанаас “хэвлээд” байна вэ, гэдэг асуултууд хариу нэхсээр байна.
Ямартай ч цахим мөнгө, тухайлбал Bitcoin эзэнгүй зүйл биш. Оросууд үүнийг мэдэж байгаа. Тиймдээ ч тэд хүний тоглоомонд орох биш, хүний барааг зарж өгөх биш харин өөрсдийн тоглоомоор тоглох, өөрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь дээр гэдгийг ойлгосон байна.
Манай төв болох Монгол Банкнаас цахим мөнгийг буруушаах, хориглох бодлого барьж буй сурагтай. Яагаад? Цаанаас, дээрээс нь өгсөн заавраар уу, эсвэл үнэхээр аюултай бүтэхгүй эд гэдгийг мэргэжлийн түвшинд судлаад гаргав уу (байвал үзмээр л байна), эсвэл хэт мэдэмхийрэгч нэгнийхээ үгээр үг хийв үү, эсвэл зүгээр л мэдэхгүйгээс мунхаглав уу? Бүү мэд. Ямартай ч Оросууд, аа бас манай урд хөрш, Япон, Сингапур гээд улсууд цахим мөнгийг хүлээн зөвшөөрч хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж эхлээд байна. Нэгийг хэлж байгаа буй за.
Х.Батсуурь
Эх сурвалж: gashuun.mn