Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбарын мэндэлсний 60 жилийн ойг энэ сарын 27-29-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойд зориулан уран бүтээлийн үзэсгэлэн, номын баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг Дашбалбар сан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулах юм.
Яруу найрагч О.Дашбалбарын зурсан зураг, бусад бүтээлийн үзэсгэлэн, ойд зориулж шинээр хэвлүүлсэн таван номын нээлт, баярын арга хэмжээ энэ сарын 27-нд Монголын Уран зургийн галерейд, эрдэм шинжилгээний бага хурал, “Миний мэдэх Очирбатын Дашбалбар” эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Хүүхдийн төв номын санд тус тус болно.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон хүмүүст бэлэг гардуулах бөгөөд зөвхөн энэ өдөр зохиолчийн шинээр хэвлэгдсэн бүх номыг хямдралтай үнээр борлуулах аж. Дашрамд дурдахад, Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба, Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэн, Ч.Ойдов, зохиолч Д.Даржаа нарын мэндэлсний 100 жил, Төрийн шагналт,зохиолч Ч.Чимидийн 90, СГЗ, Төрийн шагналт, зохиолч А.Гармаагийн 80, яруу найрагч Д.Нямсүрэнгийн 70 жилийн тэгш ой тохиож байна.