Дорнын намуухан Отгонтэнгэр хайрхан хилэнтэй байна. Зулай дээрх цасаа шилгээж, үүлэн хөшгөө татаж сануулга өглөө. Эцэг өвгөдөөс тахин шүтэж ирсэн хайрхануудыг сүүн цацлаар аргадаж, алга хавсран залбирч, нэрийг нь ч хэлэхээс цээрлэн сүсэглэдэг монгол ёс мартагдан бүдгэрч байна.
Өгсөх даваа, урсах гол том, жижиг ямар ч байлаа гэсэн ам гарч, эрдэж бардаж болдоггүй гэж хөх өвгөчүүл хэзээнээс нааш сургасан. Хар авдарт судар бий, хазгар өвгөнд эрдэм бий гэдэгсэн. Байгаль дэлхийдээ идээнийхээ дээжийг өргөн аргадаж, ширхэг чулууг нь хөндөхгүй гэж ээтэн хоншоортой гутал өмсдөг монголчууд нүүдэлчдийн төрөлх ахуйгаасаа хэт тасарчээ.
Хөдөө явахыг хог хаях гээд ойлгочихсон, гөрөө хийхийг хядна гээд улайрчихсан, усыг гүехэн гэж басамжилдаг, давааг намхан гэж эрддэг хэнэггүй хандлагатай, том үгтэй болсоор байгаа нь тун гэмтэй. Өчнөөн олон гол, горхи мөнгөнд улайрсан хүмүүсийн харгайгаар амь тавилаа. Энэ бүхний хариуд байгаль дэлхий дохио сануулгаа янз бүрээр өгсөөр байна. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг.
Ууланд харамсалтайгаар осолдсон хүмүүсийн тухай элэг эмтэлсэн хүйтэн цэвдэг үгс цахим орчинд хөвөрч байна.
Үхлээ хайж явсан хэдэн мангаруудын араас бөөн сүр хүч боллоо гэсэн утгатай сэтгэгдлийг талийгч болсон хүмүүсийн ар гэрийнхэн яаж өр зүрх нь өмрөн хүлээж авч байгааг төсөөлөхөд бэрх. Олон жилийн өмнө Эверестэд осолдсон гадаад жуулчдын зургийг тавьж байгаад одоо мэнд олдохоосоо өнгөрлөө гэсэн мэдээг уншаад хүү, охиноо инээгээд ороод ирэх юм шиг горьдон байгаа аав ээжүүдийн зүрх тэснэ гэж үү. Аавыгаа, ээжийгээ мөнх цаст өндөр хайрханаас мөсөн чихэр аваад ирнэ гэж итгэн хүлээх үрсийн сүүн сэтгэл рүү үгэн мэсээр ингэж сийчих эрхийг тэдэнд өгсөн билүү.
Талийгаачийн араас муу муухай үг унагадаггүй монгол ёсон бий.
Цахим орчинд нэр нүүрээ нуусан зарим хүнийг монгол, бүр цаашлаад хүн мөн эсэхэд эргэлзэн тээнэгэлзмээр. Араатанд гэсэн хайрлан энэрэх мэдрэмж байдаг. Цахим орон зайд чонын арьс нөмрөн араа шүдээ хурцлан орж ирдэг төрийн хууль цааз үйлчлэх л ёстой.
Төрийн ордонд заларч байгаа эрхэм дээдсүүд ч үг, үйлдлээ цэгнэмээр болсон гэдгийг олон олон жишээ татан хэлж болно. Тэгж нурших нь илүүц биз. Саяхан л гэхэд шинээр томилогдсон төрийн өндөр албан тушаалтан “Би үхэхээс айхгүй…” огцорсон нэг сайд “Шоронд хатааж, хайрцганд хийх гээд байгаа юмуу, гарч ирээд алалцана…” улс төрийн нэг намын хурлын үеэр “Гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ шүү…” гэх үхэл хагацал, аллага, өс хонзон нэвт ханхалсан ёс бус үгс хөврөв. Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг, сүсэглэдэг ард түмэн шүү дээ. Энэ их бишрэл, хүндлэлийн өөдөөс үхэх сэхэхээ үзье, алалцъя, дайтъя гээд байхаар хэнд ч сайхан санагдахгүй. Хүндэл ийм л билэггүй үг, үйлдлийн ард мөхдөг.
Хошин шогийн хамтлагууд хүн инээлгэхийн тулд “Цус үзье” ч гэж байх шиг. Хамгийн аймшигтай нь энэ үгсийг сонсоод хүмүүс эвгүйцэх биш инээд алдацгаах нь элбэг болчихлоо. Хэлд ороод удаагүй багачууд “Ална шүү” гэх нь монголчууд бидний хувьд бараг л амьдралын ердийн, хэвийн үзэгдэл болтлоо ужгирчээ. Билэггүй үгс муу ёр, муухай тавилан даллаж байдаг тул монголчууд цээрлэдэг.
Хараалын муу үгс шивнэсэн ус хар муухай энергитэй байдгийг, ерөөл шивнээд орхисон ус гойд сайн үйлчилгээтэй болохыг Японы эрдэмтэн шинжлэх ухаанаар саяхан баталсан. Харин нүүдэлчин монголчууд олон мянган жил ерөөл өргөж амьдарсаар ирсэн. Ийм учраас ёр дуудсан билэггүй үгээ өтгөс буурлуудаас авахуулаад нялх балчирууд хүртэл хаа хаанаа цэгнэе.
Эх сурвалж: niislel.mn
12 comments
Estoi vnen de
unen unen bodoh l heregtei ugee tsegneh heregtei
ёстой зөв. Амны билгээс ашдийн билэг
Зөв. Төрийн түшээд нь үлгэргүй байдал үзүүлээд ёс зүйгүй авирлаад муу үгээр ёрлоод л ийм муу юм даллаад байна шүү дээ.
муу хараал ген ДНК д нолоолдог гэдгийг оросын эрдэмтэд тогттоосон . Хараал ероол хэл чиний удам генд нолооллж чи болон удам чинь суйрнэ
Er nl joohon bodoltoi baih estoi baihaa.MOngolshuud
Tsuuhuul haramsaltsi l baina daa.manaihan ahij muu muuhai
Ug buu hel.
Зарим нэг талаараа энэ байж болох асуудал. Ялангуяа уламжлал зан заншил, шашин шүтлэгийн хувьд. Гэхдээ өөр талаас нь харах шаардлага өнөө үед бидэнд тохиож байна. Улс төрийн хэргийг уул овооны асуудалтай холиод яах вэ. Хэдүүлээ энэ цаг үед тохиож байгаа гашуун зовлонгийн үед маргаж мэтгэх, нэгнийгээ чонын сүрэг шиг боорлоод яахав. 17 хүн харамсалтай байдлаар эндчихээд байгаа нь бидний цөөхөн монголчуудын хувьд том гарз. Анхаарвал зохих ноцтой асуудал. Бид юуг анхаарах вэ? Эхлээд баримтуудыг бодьтой дэлгэх хэрэгтэй. Гол нь эрүүл ухааны үүднээс шүү. Сүүлийн үед гарч байгаа гэмт хэрэг, осол эндэгдэл түүний шалтгаануудыг аваад үз. Осол эндэгдлээр бидний цөөхөн монголчууд дайн тулаантай бүс нутагт болдогоос илүү олон хүмүүсээ алдаж байгаа. Зөвхөн яармагийн зам ашиглалтанд орсноор тэнд ослоор амиа алдагсад 50 дөхсөн гэж сонссон. Нэг их ч удаагүй шүү дээ. Саяхандаа, Сүхбаатар руу тавигдсан хатуу хучилттай зам ашиглалтанд орсноор тэнд хүмүүс микр микрээрээ сүйрдэг байсан. Өндөр хурдтай явж байгаад огцом эргэлтэн дээр хурдаа хасаж амжилгүй нисчихээд байсан. Хөдөө орон нутагт тэрчлэн хотын замд авто ослоор амиа алдагсдын тоог харвал дайтаж буй орны иргэд ч хирдхиймээр тоо гарна. Энэ бүхэн юуг өгүүлнэ вэ? Бид осол эндэгдлийг аль болох өөр талаас нь тайлбарладаг. Яармагийн зам гэхэд л хэтэрхий шулуун, хязгаарлагч байхгүй зэргээс болж хүний амь өрж байна гэдэг. Сүхбаатар болон бусад аймгийн зам дахь ослыг бас л ийм шалтгаантай холбодог. Ер нь бол ослын дүгнэлтийг иргэд хийхдээ хүн талаас нь биш дан юман талаас нь хардаг. Бусад л буруутай. Үгүйдээ л замын компани нь стандарт бариагүй ч гэдэг юм уу. Эсвэл өөр нэг бэлэн, хариуцлага ацаглагч байна. Тэр бол сүнс чөтгөр. Чойрын зам энэ тайлбараар бол ердөө л сүнснүүд хөлхөлдөж байдаг зам болсон. Тэнд жолоочийн хариуцлагыг их л ховорхон ярина даа. Юу гэх гээд байна гэхээр монголчууд бид хариуцлагын мэдрэмж огт үгүй улс юм. Энэ ч бараг нүүдэлчин бидний цусанд, генэнд шингэсэн зуршил байх аа даа. Жалга бүрт ганц нэг гэрээрээ амьдарсаар байгаад түүхийн явцад энэ араншин бүрэлдэв үү? Эсвэл нийлж байлдаан хийж бусад улс гүрнийг хохироож эд баялагийг нь завшчихаад таран одоход хариуцлага үүрэх хүн олддоггүй өвөг дээдсийн маань тэр нарийн зохион байгуулалтын улбаа юу? Олон хүний өмнө эвгүй байдалд орж нэрээрээ дуудуулж хариуцлага ярихад жигтэйхэн дургүй. Ёстой нэг торонд хоригдож буй араатан шиг уурсан, галзуурах нь халаг юм болно. Учрыг сонсох сонирхол тэвчээр огтхон ч зарлагадахгүйгээр харин ч хариу дайралтыг дор нь гүйцэтгэж Тайчуудаас өшөө авсан Чингис хаан шиг ялгуулсан ялалтыг цогцлоох гэнэ. Энэ бидний цусанд байгаа нуугдмал онцлог л өөрсдийг маань хөөдөөд байх шиг. Асуудлыг энэ талаас нь тавьж сурвал л үр дүн нь бидэнд ашигтайгаар эргэх мэт. Асуудал байна уу? Байна. Хохирол байна уу байна? Хохирогч байна уу? Байна. Эрүүл ухаанаар бодвол хохироод л, хохирсон мөртөө хохирлынхоо эх үндсийг бодит утгаар нь хайж олохгүйгээр хаацайлж өнгөрөөд л, бас дахин хохироод л байдаг нэг тийм гэнэн цайлган бодгалийн дүр төрх сэтгэлд тань бууж байна уу? Энэ бодгаль яагаад асууддлын мөн чанарыг бодитой утгаар эрэлхийлэхгүй байна? Асуудал болгон дээр нэг тийм ойролцоо бараг л толгой холбосон бэлэн зэлэн шалтгааныг тодруулж суудаг. Төр засаг, олигарх, хужаа, монгол маягийн стандартгүй бүх зүйл тэрчлэн эцэстээ цаанаасаа заяагдсан уул ус, байгаль эх ч үүний нэг бүрэлдэхүүн нь болно. Энэ бодгалийг яах вэ?
sanaa zov zaya zov. Tanii bichsen zuils unen bas zov
Одоо асуудлыг өөр талаас нь харъя. Монгол гэдэг ойлголт, монгол нэртэй овог, угсаа манай эриний 9-р зуун хавьцаа бүрэлдэн бий болж 10-11-р зуунд аймгийн зохин байгуулалтанд шилжиж 12-р зууны эхэнд Азийн түүхэнд нэр нь дурьдагдах болжээ. Энэ бол дэлхийн түүхээс эшилсэн хэрэг шүү. Ерөнхийдөө тэмдэглэгдэж ирсэн түүх нь л энэ. Түүнээс монгол гэдэг нэрээр зонхиолох болсон нь 12-р зуунаас л эхтэй юм байна. Ингээд 13-р зуунд тулгар улсаа байгуулж улмаар Төв Ази, Зүүн Ази, өмнөд Азийг байлдан дагуулснаар 1300-гаад он гэхэд дэлхийд дуурссан агуу гүрнийг цогцлоож чаджээ. Гэхдээ энэ бол түүхэнд хосгүй цор ганц үзэгдэл хараахан биш юм. Гагцхүү хамрах хүрээ, дайтах урлаг, зохион байгуулалтын хувьд үнэлэхүйц содон үзэгдэл байсныг өнөө хэр дэлхийн түүхчид бодит утгаар үнэлдэг. Үүнтэй зэрэгцүүлэн дурьдвал эртний Ромын хүчирхэгжил, хожмын зөрчид нарын байгуулсан Манж Чин гүрний жишээ байна. Тэд дор бүрдээ дахин давтагдашгүй онцлогтой, түүх, шинжлэх ухаан, нийгэм эдийн засгийн судлагдахуунд тод мөрөө үлдээсэн гоц үзэгдлүүд байжээ. Гэвч томоохон хүчирхэгжил сэргэн мандалтын дараа урт удаан хугацааны бууран доройтол, уналт үзэгддэг нь жам ёсны зүйл ажээ. Ром унаснаас хойш түүний агуу түүх балран доройтож Харанхуйн эрин ноёрхож байв. Манж чин гүрний ялгуусан үеэс одоо Хятадуудын авч үлдсэн эд өлгийн соёл, шаштир түүх л үлдэж. Тэрчлэн монголчууд ч бас энэ зовлонг тойролгүй их уналтын эринийг үдсэн юм. 15-р зууны бүтэн жарнаар хэмжигдэх бага зэргийн сэргэлтийг эс тооцвол тэр үеийн монголын байгуулсан хүчирхэг гүрэн тасралтгүй бууран доройтсоор 17-р зуунд Манжийн сүрд дарагдан 20-р зууны эхэн үеийг хүртэл хорвоогийн түүхээс бараг арчигджээ. 20-р зууны эхэнд дэлхий дахиныг хамарсан их үзэл суртлын зөрчлийн дэнсэн дээр нүүдэлчдийн феодалын унтаа нийгмээс шинэ үеийн нийгэмд шилжин тусгаар гэгдэх болсон нь энэ бууран доройтсон жижигхэн үндэстний хувьд чухам л тэнгэрээс од шүүрсэн хэрэг байжээ. Хэдий тийм боловч бид Чингисийн эзэнт гүрэн унасан үеийн нүүдэлчний соёл, аж төрөх хэв маягаа бараг тэр чигт нь хадгалсаар 20-р зуунтай золгож. Чухам энэ л бидний өнөөгийн нийгмийн будлиу хэлбэрийн гол шалтгаан ёстой жинхэнэ “хэргийн буруутан” болсон шиг байна. Өөрөөр хэлбэл бид шинэ зохион байгуулалтанд орж шинэ маягаар буюу иргэншсэн хэлбэрээр аж төрж, иргэншлийн бүхий л элемент, эд эсүүдийг хүртэж байгаа мөртөө сэтгэлгээ маань нөгөөх л 13-р зууны үеийн нүүдэлчин хэлбэрээ хадгалсаар байгаагаас өнөөгийн энэ их цэгцэрч өгдөггүй будлиан, эмх замбараагүй байдал, сунжирсан зовлон эхтэй юм шиг санагдана. Өөрөө юу ч үйлдвэрлэдэггүй мөртөө бусдын үйлдвэрлэж бүтээснийг харгислан дайрч хуу хамахдаа үүнийгээ тэнгэрийн үйл гэж боддог тэр бэртэгчин үзэл. Өөрөө буруу хэрэг хийж алдаа гаргаж түүнийхээ хохирлыг амсчихаад үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, өөрийнх нь шаналалыг өөрт хамаагүй хөндлөнгийн хүн үүрэлцэх ёстой мэт бодож 3 настай хүүхэд шиг аашлах сэтгэлгээ. Хууль журам, заавар тушаал гэх мэт нийтийн дэг жаягийг хамгийн түрүүнд нулимж үгүйсгэсэн мөртөө өөрийн бодлогогүй үйлдлийн дүнд бий болсон хохирлыг чухам тэр нийтийн дэг жаягийг тогтоогч л үүрэх ёстой мэт авирлах нүүдэлчин зан. Өөрөө нэг ч баялаг бүтээхгүй, бусдын хүчээр амь зуух мөртөө бусдын нуруун дээр зайдагнаж байх ёстой юм шиг үзэх “тэнгэр” санаа. Шинжлэх ухаан, үүх түүх тэрчлэн байгалийн жамыг хүртэл өөрсдийн ёс суртахуун, үзэл баримтлалын дагуу байлгах гэж чармайх мунхаглал. Нийт хүн төрөлхтний бүтээсэн соёлын үр дүнг ашиглан амьдралаа хялбарчлах мөртөө бүтээсэн бий болгосон эзнийг нь элдвээр гутаан доромжлох сохор үзэл. Өөрийн амьдралаа авч явж чадахгүй шахам мөртөө хорвоогийн аль л өөдтэй өнгөтэй бүхэнтэй мөчөөрхөн тэмцэх атгаг сэдэл. Өөрөө соёлт хүн төрөлхтний бүтээлтэй танилцаж, тодорхой амжилтанд хүрсэн бол түүнийг өөрөө бий болгосон мэт санаж бусдад гайхуулан, өөрөө цор ганцаар тэр амжилтанд хүрсэн мэт аяглаж нүдний булай болох явдал. Энэ бүх эрээ цээргүй увайгүй мунхаглал бүхэн шинэ үеийн ” нүүдэлчид” биднээс гардаггүй гэж үү? Бидний шившигт явдал орчлонгоор нэг тархаж байгаатай зэрэгцэн түүний шалтгаан, үндэс учиг нь нүдний өмнө үргэлжлэн байна биш үү? Чухам бид нийтээрээ нийгмээрээ тэр сохор үзэлд ташуурсан учраас эрүүлээр сэтгэж өөрсдийн булайг харж чадахгүй чадсан нэгийгээ гадуурхан хавчиж эгнээнээсээ хөөн зайлуулах гэж мунхагладаггүй гэж үү? Бид цөөхөн. Их цөөхөн. Гэхдээ үржиж олшрохоосоо өмнө бид энэ булай бүхнээ нээн уудалж үр үндсийг нь таслахгүй бол юу болох вэ? Энэ жижигхэн улс орон дотроо бид арай ядан оршин тогтнож байгаа юм чинь хэрэв бидний жишээ орчлонгоор нэг түгэхдээ хүрвэл энэ бөмбөрцөг элдэв цөмийн дайнаас ч өмнө сүйрэх биш үү?
Байнга бодож,сэтгэл зовниж,заримдаа гайхширч байдаг боловч олон нийтэд хэлж чадаагүй байсан үнэн үгсийг бичжээ.Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй,амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Бие биеэ хайрлаж МОНГОЛ сайхан орноо онож төрсөндөө бахархаж сайхан амьдаръя
Юм болгонд л сөргөөр ханддаг болжээ манайхан. Үүнийгээ болиод дандаа эерэгээр хандаж байвал хувь хүнд өөрт нь сайн байх ёстой л доо. Сэтгэлээ ариусгаад, хандлагаа зөв болгоод явах л жаргал шүү дээ. Бид яагаад бие биенээ хайрлаж, хүндэлж, бие биедээ тусалж амьдарч болохгүй гэж. Энэ л миний монголчуудад дутагдаад байна. Бид чинь ямар сайхан уламжлалтай ард түмэн билээ. Энэ уламжлал алдагдаад байгаад сэтгэл зовних юм. Хүн бүр хичээвэл болно доо.