Манай эцэг, эхчүүд хүүхэддээ ном сонгохдоо зарим нэг нийтлэг алдаа гаргах нь байна.
Жишээ нь:
1. НАСАНД НЬ, ОЮУНЫ ЧАДВАРТ НЬ ТААРЧ ТОХИРСОН НОМ СОНГО…
Манай эцэг эхчүүд хүүхдийн ном гэхээр л олон зурагтай, 5 өгүүлбэртэй ном байх ёстой гэсэн өрөөсгөл ойлголттой байх нь бас байна.
– Зурагтай ном байна уу? Өө зураггүй юм уу? гэх эцэг эхчүүд нэлээд таарна.
– Хүүхэд нь хэдэн настай вэ? гэж асуухаар
– 8 настай,
– 12 настай гэх мэт…
Ингэхэд 12 настай хүүхдийн сэтгэлгээ 2 настай хүүхдийн сэтгэлгээ хоёрт их хол зөрүү бий дээ.
Хүүхдийн зурган номууд нь уншиж, бичиж хараахан сураагүй, эсвэл дөнгөж уншиж бичиж сурч байгаа бага насны буюу 6 хүртэл насны хүүхдэд ихэнхдээ зориулагдсан байдаг.
Гэхдээ бага насны байх хэрээр зураг олонтой, нас насны онцлогт, хүлээн авах чадварт таарсан зургийн өгүүлэмжтэй байх шаардлагатай.
Зурагт номууд хүүхдийг номд дуртай болгох, сонирхолыг нь номруу татах зориулалт нь түлхүү талдаа. Зурган өгүүлэмж нэн чухал. Гэвч НАС ӨСӨХ ХЭРЭЭР ЗУРАГТ НОМООС ТЕКСТ ИХТЭЙ УНШЛАГЫН НОМРУУ ШИЛЖИЖ байвал уг нь илүү үр дүнтэй санагдана…
Бие бялдрын хөгжил өсөх хэрээр хүүхэд илүү хүнд ачаа дааж, илүү төвөгтэй техникт суралцдаг шиг хүүхдийн чинь оюун сэтгэлгээ хөгжих хэрээр илүү том бүтээл туурвилд хөтлөн дагуулах шаардлагатай юм. Зарим эцэг эхчүүд 10 орчим насны хүүхэддээ 5 настангуудад таарсан зурагт ном хайгаад явж байгаа нь харамсалтай юм. Хүүхдийнхээ оюуны хөгжлийг тийм түвшинд харж, бас барьж хязгаарлаж болохгүй ээ.
Үе тэнгийн 12 настангууд нь Дюмагийн Шадар гурван цэргийн Артаньян, Атос нартай нөхөрлөж, Стивенсоны Эрдэнэ нуусан аралд тэмцэж, Фродо, Сэм нартай хамт Мордорт ертөнцийг мөхлөөс аврах гэж мачийж явахад таны 12 настан Гуталт муурын сахлаар оролдсон шиг сууна гэдэг бараг л эмгэнэл юм даа.
Ингэхээр хүүхдийнхээ насанд нь, оюуны чадварт нь таарсан ном уншуулах хэрэгтэй юм. Үргэлжийн 5 настан шиг бодож сэтгэж харьцаж таарахгүй, ингэвэл нь хүүхдийнхээ оюун сэтгэлгээний хөгжилд өөрсдөө том саад, гацаа үүсгэж буй хэрэг юм. Бүр насных нь түвшингээс болж өгвөл ахиулж байх хэрээрээ илүү сайн. Тэгэж байж үр дүн илүү гарна.
Ер бага наснаас ном уншиж сурсан хүүхдийн унших чадамж санаанд багтамгүй өндөр байдаг. Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн”-гээс салж чадахгүй шимтэн суугаа 12 настан ч байна. О.Уайльдын “Дройн Грейн хөрөг”-ийг хүртэл хээв нэг уншиж орхих нь ч байна.
Хэрвээ хүүхэд тань 10-12 нас хүрчихээд одоо л дөнгөж номтой нөхөрлөх гэж буй бол дэндүү, даанчиг оройтсон байна. Гэсэн ч оргүйгээс оройтсон нь дээр, золоор номтой нөхөрлөчих ч юм билүү. Гэхдээ хүүхдийнхээ сонирхол, онцлог, оюуны чадамжийг нь сайтар анзаарч байж номоо сонгоорой.
.
2. ХҮҮХДИЙН НОМ ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН ҮЛГЭРИЙН НОМ БИШ…
– Энэ үлгэрийн ном уу?
– Үгүй ээ, роман.
– Өө, хүүхдийн ном биш юм уу?
– Хүүхдийн ном мөн.
– Тэгвэл яагаад роман гээд байгаа юм бэ?
Хүүхдийн ном гэхээр л зөвхөн үлгэрийн ном л гэж ойлгодог төөрөгдөл бас байна.
Ардын үлгэр гэдэг бол яндашгүй их далай билээ. Гэвч хүүхэд тань дандаа үлгэр уншаад байж таарахгүй. Тэгвэл жинхнээсээ “Үлийсэн сохор болно”. Хүүхдийн уран зохиолын нэгэн томоохон бүрэлдхүүн хэсэг бол өгүүллэг, тууж, романууд юм. Жүжиг, дууль, тууль гээд бусад төрөл жанр ч хүүхдийн уран зохиолын ай савд бүгд бий. Үлгэрийг ихэнхдээ бага, дунд насанд нь уншуулбал зохимжтой.
Гэхдээ том болсон хойно нь үлгэр уншуулж огт болохгүй гэж буй хэрэг биш. Ялгаа заагыг нь сайн ойлгоосой. Би одоо ч зарим хааяадаа үлгэр уншиж л байдаг. Гол нь бусад уран зохиолын төрөл жанруудтай танилцуулах хэрэгтэй. Үр хүүхдээ үнэхээр л номтой нөхөрлүүлэхийг хүсэж буй бол томоохон бүтээл туурвилуудтай танилцуулах зайлшгүй шаардлагатай. Тэдэн дотор хэдэн арван цуврал романууд ч бий.
Өнөөдөр дэлхийн хүүхдийн зохиолын тэргүүнд ихэнхдээ томоохон романууд явдаг гэдгийг мэдэж ав.
.
Ер роман уншихгүйгээр уран зохиол уншсан гэж хэлэх боломжгүй. Уран зохиолын оргил нь роман байдаг. Тэгэхээр хүүхдээ бага багаар роман руу ойртуулж байх хэрэгтэй. Бүү үлгэрийн ертөнц дотор нь хадаж орхи.
– Пөөх ямар зузаан юм бэ? Ийм юмыг чинь хүүхэд байтугай би ч уншиж дийлэхгүй юм байна гэж дуу алдаж буй эцэг, эх байна.
Хүүхэд чинь бага насандаа номын ертөнцөөс хөндий өссөн хөөрхий золгүй өөр шиг чинь байх ёсгүй, өөрийн чинь тавиланг давтаад хэрэггүй. Өөрөө боломж бололцоогүйдээ роман уншиж амжаагүй яваа бол одоо үр хүүхдээ өөрийнхөө араас бүү татаж оруулаарай. Роман уншиж байж л уран зохиолын жинхэнэ уншигч болдог гэдгийг бүү мартаарай.
Гэхдээ уншиж дөнгөж эхэлж буй хүүхдэд зузаан зузаан романаар дарамтлаад байж таарахгүй, ёстой жинхнээсээ залхаагаад, зугтаалгаж ч мэднэ.
.
3. САЙН НОМ БАС САЙН ХООЛ…
Номын худалдаан дээр зогсож байхад
– Яагаад заавал сонгодог зохиол сайн гээд байгаа юм бэ? Энэ зохиол юугаараа илүү юм бэ? гэж улайм цайм асуухгүй ч байгаа хандлагаараа асуугаад байх эцэг эхчүүд бас байна аа, байна.
Ингэхэд та хүүхэддээ хоол унд авч өгөхдөө аль болох шим тэжээлтэйг нь сонгодог, үгүй ядахдаа л хичээдэг байх. Түүнтэй чинь яг адилхан. Уран зохиол гэдэг бол оюун сэтгэлгээний талх нь, хоол нь. Тэр дундаа сонгодог бүтээл гэдэг бол бүр хамгийн их “шим тэжээлтэй” нь юм шүү дээ. Тийм асуултын түвшинд өөрөөр юу гэж ойлгомжтой тайлбарлах вэ дээ…
Та бидний худалдан авдаг өргөн хэрэглээний бараанд брэнд гэж нэг зүйл байдаг даа. Брэндийнх бол үнэхээр чанартай, урлагтай, найдвартай. Түүн лугаа адилаар уран зохиолд ч бас брэнд бий. Тэр бол зохиолчид нь юм. Жишээлбэл хүүхдийн зохиолд бол хамгийн том брэндүүдийн нэг бол Андерсен байна. Би л хувьд Ричард Киплингийн ертөнцөд саатах дуртай. Бас Оскар Уайльд. Энэ мэт зохиолчдын бүтээл л бол эргэлзээгүй хүүхэддээ сонгоно гэсэн үг. Яагаад гэвэл брэнд…
.
4. УРАН СЭТГЭМЖ МУУ ГЭЖ ҮҮ???
Сельма Лагерлөфийн “Галуу дагасан гайхамшигт аян” гээд гайхалтай сайхан үлгэр тууж бий дээ. Их Б.Ренчин гуайн орчуулгаар гарсан. Яах аргагүй л хүүхдийн номын ертөнцийн нэгэн маргашгүй маргад эрдэнэ болсон зохиол.
Тэр номыг барьж үзэж үзэж, хойш нь тавьчихаад илүү өндөр үнэтэй математикийн ном хүүхэддээ авч өгч буй аавтай таарав.
– Би бол нөгөө номыг нь л сонгоно доо гэвэл
– Өө, галуун дээр суугаад нисдэг гэж юу байсан юм, худлаа юм уншуулах ямар хэрэг байна вэ? гэж миний амыг яг таг бөглөв.
Уран сэтгэмж хөгжинө гэдэг тийм муу зүйл биш юм. Харин ч энэ ер бусын гайхамшгаар дүүрэн хорвоо ертөнцийг зөвөөр ухааран танихад уран сэтгэмж л хамгийн их тус болно. Чухам уран сэтгэмжийн цонх л амьдралыг баялаг сайхнаар, өөдрөг, гэрэл гэгээгээр гэрэлтүүлж байдаг.
Заавал галууны нуруун дээр суугаад нисэж болдог юм гэж ягштал үнэмших явдал биш. Тэр бол жинхэнээсээ тэнэгрэл болно. Уран сэтгэмж муутай, аливаад мэдрэмжгүй, бүхнийг хайрцаглаж хардаг, яг байгаагаар нь ойлгож, хүлээж авдаг хүнтэй хамт байхад хүртэл хичнээн уйтгартай, баригдмал, мухар нүхэнд орчихсон мэт, бетонон хананд тулчихсан мэт хүнд хэцүү мэдрэмж төрдөг шүү дээ.
Зохион бүтээх, туурвих, ер алив ажилд амжилт гаргахад бүгдэд нь уран сэтгэлгээ гарцаагүй хэрэгтэй болдог. Тэр бүү хэл математикийн гайхамшигт нээлтүүдийн чинь үзүүрт чухам уран сэтгэмж л байсан юм шүү дээ. Аливааг яг таг гэсэн, 2 дээр нэмэх нь 2, тэнцүү дөрөв л гарна, өөр хариу хайгаад хэрэггүй гэх мэт хайрцагласан сэтгэлгээнд хаших нь үнэн хэрэг дээрээ хүүхдийнхээ танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзэлийг харанхуй гянданд хорьж буйтай адил зүйл юм.
..
5. МЭДДЭГЭЭ Л АВДАГ НЬ…
Манай эцэг эхчүүд бас зөвхөн өөрийн бага насандаа уншиж байсан номоо л хүүхэддээ авч өгөх гэсэн эрмэлзэл их байна. Жишээлбэл, Ж.Вернийн “Арван таван наст капитан”, “Ахмад Грантын хүүхдүүд”, “Нууцат арал”, “Усан доогуур 20 000 бээр аялсан нь”, эсвэл оросын үлгэрийн “Үүлэн бор” гэх мэт хуучны орчуулгуудыг асуугаад байхгүй гэвэл “Өө хүүхдийн номын лангуу гэсэн чинь хүүхдийн номгүй л юм байна шүү дээ” гэж урам хугарсан аястай.
Соц үед хүүхдийн уран зохиолыг сайн орчуулж байсан, тэдгээрээс бас боломжийн түвшинд уншиж танилцаж байсан нь сайн хэрэг. Гэвч хүүхдийн номын ертөнц тэр үеийн Ж.Верн, Майн Рид, Уэльс, Дюма нараар хязгаарлагдахгүй шүү дээ. Тэд л зөвхөн сонгодгууд, бусад нь биш юм шиг мухар ойлголт мэр сэр байгаа нь харамсалтай. Асар баялаг уудам ертөнцийг өчүүхэн нэгэн хэлтэрхийгээр нь хязгаарлаж болохгүй.
.
6. ХҮҮХДИЙН ТУХАЙ БИЧСЭН БҮХЭН ХҮҮХДИЙН ЗОХИОЛ БИШ…
– Энэ номонд юун тухай бичсэн бэ?
– Хүлэг баатруудын тухай бичсэн ном оо…
– Хүүхдийн тухай байхгүй юу
– Байхгүй ээ..
– Аан, хүүхдийн зохиол биш юм байна, тийм ээ…
– Үгүй үгүй, хүүхдийн зохиол…
– Тэгээд яагаад…
Ийм яриа ч бас болох. Ингэхэд хүүхдийн зохиол гэхээр заавал хүүхдийн тухай бичсэн байх ёстой биш. Юуны ч тухай байж болно. Гагцхүү тэр нь хүүхдийн оюун сэтгэлгээний ертөнцөд таарч тохирсон байх хэрэгтэй.
Нөгөө талаар бас хүүхдийн тухай бичсэн бүхэн хүүхдийн зохиол болж чаддаггүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Хүүхдийн тухай хэдий бичсэн ч хүүхэд бүү хэл үүхэд ч уншихааргүй номууд зөндөө. Хүүхдийн зохиолыг хүүхдийн зохиол болгодог хамгийн гол шинж чанар бол тэндээс хүүхдийн тэр ариун гэгээхэн, хиргүй тунгалаг, мөрөөдөмтгий дэврүүн, ер бусын барьцгүй ертөнц харагдаж, мэдрэгдэж, уншигдаж байх ёстой.
Чухам тиймдээ л дуртай бүхэн хүүхдийн зохиол бичиж чаддаггүй, магадгүй уран зохиолын хамгийн хүнд талбар бол хүүхдийн зохиол байхаа. Миний хувьд хүүхдийн ертөнцийг хамгийн яруу сайхан харуулсан зохиолд “Винни Пүү нэрт тэнэгхэн Бамбарууш”, “Бяцхан хунтайж” гэх мэтийг нэрлэнэ. Насанд хүрэгсдэд магадгүй огт ойлгомжгүй, эсвэл дэмий чалчаа мэт санагдаж болох. Хэрвээ тийм бол та хүүхдийн ертөнц рүү өнгийж харж чадаагүйн илрэл болохоос биш тэр зохиолуудын муугийнх биш шүү.
.
7. СОНГОДОГ ҮЛГЭРЧИД ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?
– Үлгэрийн ном байна уу?
– Байна байна. Энэ Андерсений үлгэрүүд байна.
– Энэ хүний зохиосон юм уу?
– Тийм.
– Үгүй ээ, хүн зохиосон биш, жинхэнэ ардын үлгэрийн ном асууж байна..
Бас иймэрхүү яриа ч болно.
Ардын үлгэрийн хажуугаар Х.Х.Андерсен, Шарль Перро, Ах дүү Гримм, Мадам де Олнуа, Вильгельм Хауф гэх мэт маш олон сонгодог үлгэрчид бий. Эдгээр үлгэрчдийн бүтээлүүдийг хүүхдийн утга зохиолын ертөнцөд Сонгодог үлгэрүүд гэж үздэг. Яагаад гэвэл тэд ихэнхдээ ардын үлгэр домгуудыг дахин боловсруулж, жинхэнээс нь хүүхдийн шилдэг үлгэр болгож, өнөөх сонгодог бүтээлүүдэд хамгийн ихээр байдаг “шим тэжээл” болох үнэт зүйлсийг хамгийн ихээр шингээж өгсөнд л хамаг учир нь байдаг.
Тиймээс тэдний “зохиосон” үлгэрүүд үнэ цэнэтэй. Аль нэгэн ардын үлгэрийг биш чухам Х.Х.Андерсенийг дэлхий дахинаараа ҮЛГЭРИЙН ХААН хэмээн хүлээн зөвшөөрсөн, бас А.Линдгренийг ҮЛГЭРИЙН ХАТАН ХААН гэдэг. Тэд тийм алдрыг хүртэх бүрэн эрхтэй хүмүүс. Тэдний үлгэрт өнөөх сайн сайхны сүүн дусал илүү их дуссан байдагт тэр юм шүү дээ.
.
8. ХОРИГЛОХ, ЦЭЭРЛЭХ ҮЛГЭР, ЗОХИОЛУУД БИЙ ЮУ?
Дээрх сэдвээс цааш нь үргэлжлүүлэхэд Ардын үлгэр бүхэн гайхамшигтай боловч бас бүгдээрээ хүүхдийн сэтгэлгээнд таарч тохирох нь үгүй. Бүр хүүхдээс хол байлгамаар зарим ардын үлгэр ч бий. Аавыгаа алаад, ээжийгээ өвчөөд сууж байгаа нь ч бий шүү дээ. “70 давхар нөхөөс зад унгадаг”, “Өрөвдөх юмгүйгээр хоёр нүдийг нь ухдаг” гэх мэт бүдүүлэг, хэцүү үлгэрүүд ч бас бий. Харин сонгодог үлгэрүүдэд бол тийм зүйл огт үгүй билээ.
Жишээлбэл “Мянга нэгэн шөнийн үлгэр” байна. Бүрэн эхээрээ бол бага насны хүүхэд уншихад ихээхэн төвөгтэй, эротик дүрслэлүүд ихтэй, хүнд хэцүү хэллэгтэй. Тиймээс ч хөгжингүй орнууд “Мянган нэгэн шөнийн үлгэр”-ийг нэлээн хянан засварлаж, хүүхэд унших хэмжээнд боловсруулж байж хүүхдийн номынхоо тоонд оруулж хэвлэдэг. Харин бүрэн эхээрээ бол насанд хүрэгчид, судлаачдад нээлттэй байх нь тодорхой.
Ер аймшиг, аллага хядлага, хүнийг ад үзсэн, амьдралын болоод хүний сайн сайханд итгэл алдарсан агуулгатай зохиолыг, ялангуяа эротик зохиолуудыг бага насны хүүхдээс хол байлгавал зүгээр дээ. Тийм зохиолууд харамсалтай нь хүүхдийн зохиол нэрийн дор нуугдаад ороод ирчихсэн байх нь бий. Бүр сонгодогуудын бүтээлүүд дотор ч хүүхдээс хол байлгамаар нь байна. Жишээ нь Эдгар Аллан Погийн зарим өгүүллэгүүдийг хүүхдээс хол байлгамаар санагддаг.
Гэтэл харахад айдас хүйдэстэй мэт боловч хүний сайн сайхан талыг нь илүү төвийлгөсөн, итгэл тэвчээр, сайн үйлс ялж буйгаар төгсдөг тийм аймшгийн гэмээр зохиол ч бас байна. Тухайлбал “Дуурийн театрийн хий үзэгдэл”, “Чөтгөртэй лонх” гэх мэт. Тийм зохиолын зөвхөн гарчигийг нь харчихаад хүүхдээсээ нуугаад байж таарахгүй ээ.
.
9. ХҮҮХДИЙН НОМ БҮХЭН АДАЛ ЯВДАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ БИШ…
Адал явдал бол яах аргагүй хүүхэд багачуудын төдийгүй хэн бүхний сэтгэл, сонирхолыг татах нь тодорхой. Гэхдээ “Шадар гурван цэрэг” шиг, эсвэл “Дэлхийг 80 хоногт тойрсон нь” шиг л адал явдалтай байж сая сайн номын шалгуурт тэнцдэг юм биш.
Дэлхийн хүүхдийн шилдэг сайн зохиолуудыг анзаарч байхад адал явдал гэхээсээ илүүгээр драма, хүний дотоод гоо сайхныг илүү нээж өгсөн нь түлхүү талдаа байна.
Тухайлбал “Ногоон Давхарцагийн Аня охин” гэдэг дунд хэрийн роман бол хүүхдийн утга зохиолын магнайд яах аргагүй заларна. Зарим сурвалжид энэ зохиолыг Библийн дараа орох хэмжээнд олон удаа хэвлэгдсэн гэж бичсэн байх. ХХ зууны хүүхдийн хамгийн шилдэг, хамгийн олон хувиар хэвлэгдсэн номд тооцогдоно. Олон дахин, олон зуун сая хувиар хэвлэгдсэн гэдэг бол гэхдээ хамгийн сайн цор ганц үзүүлэлт биш л дээ. Харин юу нь, ямар илүү тал нь энэ зохиолыг тийм өргөн хүрээнд уншуулж байна вэ гэдэгт байна.
Энэ зохиолд тийм ч их адал явдал буцлахгүй. Насан өндөр болсон, үр хүүхэд үгүй эгч, дүү өвгөн эмгэн хоёр насны төгсгөлд хань болох нэг хүүг асрамжийн газраас өргөж авая гэлцээд Асрамжийн газарт захиалга өгдөг. Гэтэл Асрамжийнхан хариуцлага алдаад хүү биш охин явуулчихна. Хөөрхий өнчин охин өргөмөл аав ээжтэй боллоо хэмээн баярлаад иртэл хүү хүүхэд хүлээж байсан нөгөө хоёр нь охиныг голж, буцаах болно.
Бяцхан охины сэтгэл зүрхэнд маш хүнд цохилт ирлээ. Гэвч галт тэрэг явчихсан учир маргааш болтол тэр жаахан охиныг буудал дээр орхилтой биш, гэртээ ганц хонуулахаар авч явснаар цоо шинэ амьдрал эхэлнэ. Охин эмгэн, өвгөн хоёрт таалагдаж, түүнийг өргөж авна. Үүгээр зогсохгүй өнчин Аня тэдний тосгоныхны бүгдийн сэтгэлийн татсан охин болно. Тэр ч бүү хэл дэлхий дахины хүүхэд багачуудын хамгийн хайртай дотно анд нөхөр нь болдог билээ.
Аня охинтой бага насандаа танилцсан дэлхийн улс орон бүрийн хүүхэд багачууд уг зохиолын үйл явдал болдог Канадын Ханхүү Эдвардын хагас аралд жилдээ хэдэн арван мянгаараа зочлон ирж, Аня охины явж байсан цэцэрлэгт өргөн чөлөөгөөр зугаалж, тоглож байсан газарт нь сууж, сурч байсан сургуульд, амьдарч байсан жижигхэн байшинд нь зочилцгоодог байна. Хүний сэтгэлд үнэхээр л бодит анд нөхөр мэт дотно сайхан сэтгэгдэл, дурсамж үлдээдгээс, тийм мөн чанарыг нь дуудан сэрээж чаддаг учраас л хүмүүс тийш хэрэг болгон очдог хэрэг. Тэр хагас аралд бүр зөвхөн Аня охины найзуудад зориулсан жуулчны бааз хүртэл байна.
Энэ бол адал явдалт роман биш, драма. Тэгэхээр хүүхдийн зохиол заавал адал явдалтай л байж сайн байх ёстой гэсэн үг биш болох нь ээ. Ийм драма буюу ёс суртхууны танин мэдэхүй, хүмүүжил, дотоод гоо сайхныг хүчтэй илэрхийлсэн зохиолууд олон бий дээ, хүүхдийн уран зохиолын ертөнцөд.
Жишээлбэл, Ж.Спайрийн “Хэйди охин”, Ф.Бөрнэтийн “Нууц цэцэрлэг”, “Бяцхан гүнж”, “Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн”, У.Виггиний “Нарлаг Горхи эдлэнгийн Ребекка охин”, А.Патерсоны “Агуу их Гилли Хопкинс”, Л.Алкоттын “Жаалхан авхай нар”, “Жаалхан эрчүүд”, Ч.Диккенсийн романууд гэх мэт.
Тэгэхээр ийм төрлийн зохиолуудыг болж өгвөл хүүхэддээ танилцуулбал илүү үр дүнтэй.
Өнөөдөр манай нийгэмд оюун соёл, ёс суртхуунлаг байдал ихээхэн дутагдалтай байгааг хэн бүгд мэднэ. Харин тэр дутагдалтай бүхнийг нөхөж өгөх шим тэжээлүүд чухам ийм төрлийн зохиолуудад илүү байгаа гэдэгт би итгэдэг ээ…
.
10. КОМИКС НОМ Л САЙН ГЭЖ ҮҮ?
– Комикс ном л сайн гэсэн хандлага бас мэр сэр ажиглагдана. Тэр ч бүү хэл манай төр засгаас Комикс номд илүү анхаарч, төсөв хөтөлбөр хүртэл гаргасан.
Харин хөгжингүй орнууд хүүхэд, залуусынхаа унших ёстой номын жагсаалтдаа ямар ч комикс номыг оруулдаггүй юм шүү дээ. Тэр бүү хэл зарим оронд хүүхдийн номын худалдаандаа комикс номонд тодорхой лимит хязгаарлалт ч тавьдаг байна.
Хүний бие организм амттай юманд дурлах лугаа адил оюун ухаан ч аль хялбар, энгийн ойлгочих, гял цял зүйлд татагдах нь байна. Гэхдээ амттай бүхэн шимтэй биш, бас хялбар энгийн ойлгочих бүхэн өгөөжтэй биш. Тэр дундаа уран зохиолын чанар чансаа өгсөх хэрээр улам бүр хүнд, төвөгтэй болдог. Гэтэл бидний үр хүүхдээ номд дуртай болгохын зорилго бол чухам тэр хүнд хэцүү, нарийн нандин бүхнийг л мэдэж, мэдэрч ойлгодог болгох явдал шүү дээ. Эс тэгвээс номтой нөхөрлүүлэхийн хэрэг юу байна.
Даваа давж хол явдаг, оюун санааны хөгжил ч мөн тийм. Гэхдээ энд комикс номыг огтоос хэрэггүй хог гэж хэлээгүй болохыг болгооно уу? Номд эхлэн хөтлүүлж буй хүүхдүүдэд хэрэгтэй байлгүй яах вэ, комиксууд… Зургийн чадварлаг өнгө, дүрслэл хүүхдийн сэтгэлгээ, мэдрэмжид чухал нөлөөтэй байлгүй яах вэ.
Гэсэн ч номыг уншихын цаана үг өгүүлбэрээр илэрдэг нарийн нандин мэдрэмжүүдийг мэдрэх, гүн утга санааг ухан ойлгох гэх мэт олон зүйлс бий. Хамгийн наад зах нь хүний өгүүлэн хэлэх, илэрхийлэх чадвар, үгсийн баялаг гэж нэг зүйл байна. Энэ нь өөрөө тэр хүний оюуны чадамжийг ямар нэгэн хэмжээгээр илэрхийлж байдаг. Таван өгүүлбэртэй ном уншаад үгийн баялаг хэр нэмэгдэх вэ гэдгийг дэнсэлж үзээрэй.
.
11. ХҮҮХДИЙН НОМЫН СТАНДАРТ ГАРЦААГҮЙ ХЭРЭГТЭЙ
Харамсалтай нь манайд ийм стандарт гэж байдаггүй болохоор нэгэнт байхгүйн тухай бичих нь бараг илүүц болох нь. Гэхдээ байдаг болоосой гэдэг үүднээс нэг хоёр санаа өгүүлье.
Утга агуулгын хувьд үнэхээр хатуу чанга хяналт, шаардлага байх ёстой. Ингээд хэлэхээр соц үеийн главлитийн сүнсийг босгож ирэх гэлээ гээд унадаг ардчиллаас өөр юуг ч мэддэггүй хийрхүү нөхөд бий шүү. Бид үр хүүхдийнхээ оюун тархи руу элдэвийн эрээвэр хураавар зүйлс цутгаж болохгүй шүү дээ.
Үг үсгийн алдаатай, хэл найруулга муутай, утга агуулга өчүүхэн хэрэггүй хог шиг номуудыг хүүхдийн номын лангуунаас зайлуулж байлгах хэрэгтэй. Айдсын, эротик, ёс зүйгүй бүтээлүүдийг ч ховхолж хая.
Нөгөө талаар хэвлэлийн технологид ч хяналт хэрэгтэй. Хуудас нь хүүхдийн эмзэг булбарай хуруу гарыг зүсчихээргүй, хэвлэлийн будаг нь хоргүй, харахад нүдэнд дулаахан өнгө зурагтай, уншихад хялбар том стандарт үсэгтэй гэх мэт олон шаардлагууд бий дээ.
Хөгжингүй орнуудад хүүхдийн номонд маш өндөр шаардлага тавьдаг нь яах аргагүй зөв юм. Хатуу хяналт, босго хэрэгтэй.
Харамсалтай нь бид энэ талаар огт санаа тавихгүй л яваад байх. Хүүхдийн номын редакци гэж уг нь байсан. Засгийн газрын харьяа. Гэхдээ тэр нь ямар нэгэн лоббид автаад таньдаг, эсвэл мөнгөтэй нөхдүүдийн номыг зөвшөөрөөд, бусдынхыг нь хяргаад байдаг бол байснаасаа байхгүй нь дээр. Нийгэм самуурчихаар сайн юмыг ч саар зүйл рүү нь холбилж орхичихоод байдаг нэг зовлон байх. Гэхдээ энэ нь огт боломжгүй гэсэн үг биш ээ. Нэн тодорхой шалгуур үзүүлэлтүүдээ журамлаж гаргачихаад, түүндээ таарч тохирсон шаардлагуудыг номын агуулга, чанар, хэвлэлд тавих бүрэн боломжтой.
Номын дэлгүүрийн хүүхдийн номын лангуун дээр ч гэсэн бас тодорхой хэмжээний стандарт гэж бий. Нас насанд нь таарсан, өндөр нам, өргөн нарийн, бас зураг чимэглэл, загвар дизайн нь ялгамжтай лангуу тавиуртай байдаг. Хүүхэд өөрийн насны хэсэг рүүгээ л явдаг байхаар..
.
12. ГОЁ ХАВТАСТ ХУУРТАЖ БОЛОХГҮЙ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ…
Энд олон тайлбарын хэрэггүй биз дээ.
Номын ертөнц бол зөвхөн ганцхан гоё хавтсаар илэрхийлэгддэг ертөнц биш. Номын ертөнц бол утгын гүн, үгсийн яруу, мэдрэмжийн тансагт найрсаж байдаг ертөнц.
.
13. ИХ УНШУУЛ…
Аль болох их…
.
Сүүлийн хэдэн жил хүүхдийн номын ертөнцөд өөрт тохиолдсон зарим зүйлээс санаалж бичлээ. Дутуу дундуур үлдээсэн нь нэлээн бий байх аа.
.
Б.Номинчимэд