-13 настай охины хэрэгтэй холбоотойгоор задлан шинжилгээг гэр бүлийн зөвшөөрөлгүй хийсэн шалтгааныг тодруулж, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэлгүйд тооцож буй мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд хариу өгөхийг шаардахад чиглэгдэж байгаа гэв-
Аав ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй 13-хан настай охиноо гаж донтнуудын гарт харамсалтайгаар алдсан гэр бүл, хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн тавхан настай хүүхэд, хамаатныхаа ламд олон жил дарлуулж, доромжлуулсан охин гээд маш олон харамсалтай хэргүүд өнгөрсөн хугацаанд шил, шилээ даран гарч өнөөдөр иргэдийн дургүйцэл дээд цэгтээ хүрч Ерөнхийлөгч Х.Баттулгаас цаазын ялыг сэргээхийг шаардах болоод байгаа. Анх бид 13 настай охины үхлийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх үед гаж донтнуудын зүгээс багагүй дарамт, шахалт ирж байсныг хэлэх нь зүйтэй.
Ямартай ч энэ хэрэг явдлаас хойш хэвлэлийнхэн болон олон нийт уг асуудлыг анхааралдаа авч олон нийтийг хамарсан үйл ажиллагаагаа зохион байгуулах болсон билээ. Угтаа бол нийгэм энэ асуудлыг чив чимээгүй өнгөрүүлдэг цаг ард хоцорчээ. Мэдээллийн сүлжээ өргөжиж, хөгжих хэрээр олон нийтийн харилцаа нээлттэй болж, иргэд үзэл бодлоо нэгтгэх боломж нэмэгдсэн. Ямартай ч энэ бүх боломжийн дүнд хүчирхийлэлд өртсөн охид бүсгүйчүүд, амиа алдсан 13 настай охины төлөө монголчууд нэгдэн жагсаж тэмцэж эхлээд байгаа юм.
Тухайлбал, “Лантуун дохио” Төрийн бус байгууллагаас санаачлан өнгөрсөн бямба гарагт хүүхдийн хүчирхийллийн эсрэг багтай жагсаал зохион байгуулав. Жагсаалд оролцогчид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна цугласан бөгөөд чамгүй олон залуус нэгдсэн байв. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг өөрсдийн зүгээс санал, уриалгаа илэрхийлсэн самбар бэлтгэж ирэхийг хүссэн бөгөөд ямар нэг байдлаар цаазын ялыг нэхэн шаардсан өнгө аястай байхыг зөвшөөрөхгүй гэдгийг анхааруулсан нь нийгмийг энэ зүгт турхирахгүй гэсэн санааг агуулсан нь тодорхой.
Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг бэлгийн болон бусад хүчирхийллийг үгүй болгоход шат шатны байгууллагын хүлээсэн үүрэг хариуцлагыг сайжруулах чиглэлд зохих арга хэмжээ авхуулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан жагсаалыг цаашид ч зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан илэрхийлж байсан.
Энэ удаагийн жагсаалд оролцогчид амиа алдсан 13 настай охины хэрэгтэй холбоотойгоор задлан шинжилгээг гэр бүлийн зөвшөөрөлгүй хийсэн шалтгааныг тодруулах, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэлгүйд тооцож буй мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд хариу өгөхийг шаардан үзэл бодлоо илэрхийлцгээж байсан юм.
Улмаар жагсагчид хэрэг гарсан “Очир төв” зочид буудлын гадна очсон. Учир нь насанд хүрээгүй хүүхдийг дотогш нь нэвтрүүлж, амиа алдталаа тамлагдаж байхад нь ганц ч удаа шалгаж, шаардлага тавиагүй энэ зочид буудлыг ердөө 250 мянган төгрөгөөр торгох төдийгөөр шийтгэснийг жагсагчид нэгэн дуугаар эсэргүүцэж байсан юм.
Хамгийн гол нь “Очир” төвийн захирал О гэгч эмэгтэй өөрийн бизнесийг хамгаалахын тулд талийгаач охины тухай элдэв цуурхлыг гадуур тарааж, түүнийг залуустай нийлж дарвиж, архидаж байгаад үхсэн мэтээр ярьсан нь нийгэмд ихээхэн дуулиан үүсгээд байгаа билээ. Ямартай ч алуурчдыг орогнуулж, 21 нас хүрээгүй хүмүүсийн архидах боломжийг нээн өгч, насанд хүрэх яагаа ч үгүй жаахан охиныг дотогш нэвтрүүлж амийг нь хөнөөлгөсөн зочид буудлынхан 250 мянган төгрөгтэй дүйцэх л гэмт үйлдэл гаргасан бололтой юм.
ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЗОЧИД БУУДЛУУДЫГ ХЭЗЭЭ ЦЭГЦЛЭХ ВЭ
Яг үнэндээ энэ бол Монгол Улсын хууль цаазын өнөөдрийн бодит байдал. 2012 онд яг энэ төрлийн хэрэг гарахад “Барилгачин” буудлын эздийг мөн л 250 мянган төгрөгөөр торгосон болоод өнгөрсөн. Тодруулбал, 2012 оны зургаадугаар сард Сонгинохайрхан дүүргийн I хороонд байрлах “Барилгачин” зочид буудалд зургаан хүүхэд нэгнээ хөнөөсөн.
Эдний хамгийн том нь 16 настай байсан бөгөөд хамт хоносон охиноо хүчирхийлж, улмаар амь насыг нь хөнөөгөөд гурван давхрын цонхноос унагаасан байв. Гэтэл Захиргааны хариуцлагын хуулиар уг зочид буудлыг 250 мянгаар торгосон болоод үйл ажиллагаанд нь ямар нэгэн шалгалт ч хийгээгүй таг дараад өнгөрүүлсэн.
Гол нь энэ бол зөвхөн илэрсэн, олон нийтэд мэдэгдсэн ноцтой хэргүүд юм. Үүний цаана нуун дарагдуулсан, шалгаж, шийтгэсэн ч нийтэд дуулдаагүй хэрэг олон байгаа. Хэдийгээр энэ нь нотлогдоогүй ч хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг, зөвшөөрөлгүй, эсвэл биеэ үнэлэгчдийн үүр уурхай болдог иймэрхүү дэн буудлууд холбогдох хянан шалгадаг албаныхны ивээлд багтсан байдаг гэх яриа их бий. Өөрөөр хэлбэл, аль нэг албаны хүний халаасыг дүүргээд л хяналт шалгалтаас мултарч, ял шийтгэлгүй өнгөрдөг гэсэн үг.
Өнөөдөр нийслэл хотын хэмжээнд яг хэчнээн дэн буудал ажиллаж байгаа тухай яг таг тоо баримт байдаггүй нь хачирхалтай. Арай дөнгүүр баримттай судалгаа Монголын зочид буудлуудын холбоонд байх ч энэ нь хаа байсан 2007 оных бөгөөд дандаа зэрэглэлтэй, эсвэл жуулчин хүлээгээд авахуйц буудлууд байхаас биш архичид, биеэ үнэлэгчид нэг шөнийг өнгөрүүлэх гэж ордог дэн буудлуудын тухай мэдээлэл огтоос байхгүй.
Нийслэлийн статистикийн газрын тайланд ч 2015 оны судалгаа ч багтсан байх юм. Түүнчлэн ердөө 35 байгууллагаар Улаанбаатар дахь зочид буудлын салбарын ерөнхий мэдээллийг базжээ. Тэгвэл өөр нэгэн статистик байгаа нь 2014 онд нийт 102 дэн буудал ямар ч зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан гэх хачирхалтай тоо юм.
Гэтэл тэдгээрийг хааж, лацадсангүйгээр барахгүй ихэнх нь өнөөдөр ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа аж. Тухайн үед ердөө л ус, дулааныг нь хязгаарласан болоод орхичихсон тул удалгүй элдэв аргаар буцаагаад тавиулчихсан нь ойлгомжтой. Тэгээд ч эдгээр 102 дун буудал нь мөнөөх муу нэртэй, архичид, гэмт хэрэгтнүүд, биеэ үнэлэгчдийн үүр уурхай болсон газрууд мөн.
Ийм газрууд голдуу хотын зах, гэр хороолол, архичид олноор цуглардаг хэсгүүдэд байрладаг. Ариун цэвэр, хамгаалалтын наад захын шаардлага хангахгүй ийм л газруудад охид бүсгүйчүүд хүчингийн хэргийн хохирогч болж зарим нь амиа алдаад дуусаж байна. Хоногийн төлбөр нь ихэнхдээ 5,000-20,000 төгрөг тул хүмүүс бөөнөөрөө нэг өрөө авч ороод л архиддаг нь тодорхой. Иймэрхүү газрууд орчин тойрныхоо айлуудын ч амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг. Архичид шөнөжин орилж хашхичиж, зодоон нүдээн хийдэг тул хүмүүс цагдаа дуудахаас аргагүйд хүрдэг ч эргүүлийн ганц машин ирээд мөн л яаж ч чадалгүй явчихдаг.
Гол нь ийм газрууд архичдыг цуглуулахаас гадна гэмт хэргийн үүр уурхай, хана хэрэм болсон нь үнэн. Өнгөрсөн онд л гэхэд дэн буудлуудад 220 гаруй гэмт хэрэг гарсан ба эдгээрийн дотор хүний амь хөнөөсөн, хүчирхийлэл үйлдсэн хэрэг маш олон байлаа.
Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн зургаадугаар хороонд байрлах “Л” гэх зочид буудлын өрөөнд нэгэн эмэгтэй амиа алдсан байна. Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход талийгаач, 32 настай эмэгтэй бусдад зодуулсан байдалтай амь насаа алдсан байж. Түүнтэй хамт уг зочид буудалд гурван хүн байсан бөгөөд дээрх хэрэг шөнийн 03:00 цагийн үед гарсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр 46 настай эмэгтэй А, 30 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй С нар талийгаач бүсгүйтэй хамт буудлын өрөөнд архидан согтуурсан байжээ. Хүний амь хохироосон этгээдүүд мэдээж зохих шийтгэлээ хүлээсэн ч хүн үхтэлээ зодуулаад байхад хайхраагүй зочид буудлынхан ямар ч хариуцлага хүлээгээгүй.
Энэ мэтчилэн дурдаад байвал маш олон ноцтой баримт, жишээ бий. Тиймээс нийслэлийн удирдлагууд, цаашилбал төр засгаас ч хүний амьтай холбоотой иймэрхүү ноцтой байдалд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.
Энэ талаар шинээр томилогдсон Хууль зүйн сайд Ц.Нямдорж Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тодорхой үүрэг чиглэл, даалгавар өгсөн тул охид эмэгтэйчүүд ариун цэвэр, цаашлаад амь насных нь наад захын баталгааг хангахгүй элдэв буудлуудад хүчингийн хэргийн золиос болж адаг сүүлд нь амь насаа алддаг эрсдэл буурах болов уу гэсэн найдлага нийгэмд төрж байгаа нь ойлгомжтой юм.
Эх сурвалж:
6 comments
13 nastai ohinii talaar ymar muuhaigaar helej yrij chadaj bnaaa nugeln nudeere garna shu
TER HOROOLOLOOR CHINI DUUREN UVUR MONGOL GESEN BUUDAL DELGUUR BAR SAVTAI HUJAANUUD HEDEN MYANGAARAA BAINA.
TER GER HOROOLOLOOR CHINI DUUREN UVUR MONGOL GESEN BUUDAL DELGUUR BAR SAVTAI HUJAANUUD HEDEN MYANGAARAA BAINA.
neg saihan urgeeleg tseberlegee hiih boljdee
ene buudluudiig changalah heregtei gemt hergiin uul uurhai munguu abch baibal haalganii vu bolj bgaag medehgvi medehgvide bish l bhgvi ter buudliig haalgah heregtei
ene jagsaaliig shguud DEMJIJ bn hargis gaj dontonguudiig gishgeh gazargui boltol n bugd negedej huuliig changatgah hereg oduulsen gemt heregtenuudiig hatuu shiitgehiig shaardaj bn