Хятадын коммунист нам (ХКН; Жунго гунчаньдан) бол БНХАУ-ын төрийг баригч нам бөгөөд 89.5 сая гишүүнтэй дэлхийн цорын ганц улс төрийн нам юм. Намын дүрмийнх нь дагуу дээд үзэл санаа ба эцсийн зорилго нь коммунизм байгуулах. Өөрийн үйл ажиллагаандаа марксизм-ленинизм, Мао Зэдуны үзэл санаа, Дэн Сяопиний онол болон гурвалсан төлөөллийн чухал үзэл санааг удирдлага болгодог байна.
Фото: REUTERS/ Aly Song
ХКН нь хөтөлбөр, дүрэм, ардчилсан төвийн зарчим дээр байгуулсан нэгдмэл цул байгууллага гэнэ. ХКН-ын төв байгууллагууд нь Бүх Хятадын намын их хурал, ХКН-ын Төв хороо, ХКН-ын Улс төрийн товчоо, ХКН-ын Улс төрийн байнгын товчоо, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн газар, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөл, ХКН-ын Төв хорооны сахилга батын Төв комисс зэрэг болдог байна. Намын удирдах дээд байгууллага нь Бүх Хятадын намын их хурал бөгөөд тэр нь таван жилд нэг удаа хуралддаг. Хурлуудын хооронд Төв хороо нь намын дээд удирдах байгууллага болдог.
ХКН-ын Төв хорооны төв хэвлэл нь “Жэньминь жибао” (Renmin Ribao — Ардын сонин), түүний онолын сэтгүүл нь “Цюши” (Qiushi — “Үнэний эрмэлзлэл”) болдог.
ХКН 1921 оны долдугаар сарын 1-нд байгуулагдсан гэдэг. Намын анхдугаар их хурал нь 1921 оны зургадугаар сарын сүүлчээр долдугаар сарын эхээр Шанхай хотноо нууц байдалд хийгджээ. Коминтерний (1919-1943 онуудад янз бүрийн орны коммунист намуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага) дэмжлэгтэйгээр нам нь байгуулагдсан байв.
Фото: РИА Новости. Дмитрий Бальтерманц, Мао Зэдун
1945 онд ХКН-ын VII их хурал дээр шинэ дүрэм батлагдан тэнд “Хятадын коммунист нам нь өөрийн бүхий л ажил үйлсдээ Мао Зедуны үзэл санаагаар удирдагдана” (Ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Төв хорооны дарга 1943- 1976 онуудад) гэж заажээ. 1945 – 1949 онуудад Хятадад Гоминьдан (Хятадын үндэсний ардчилсан нам) ба ХКН-уудын хооронд иргэний дайнтай байв.
1958 онд ХКН-ын VIII их хурлын хоёрдугаар чуулганаар “гурван улаан туг” (шинэ “ерөнхий шугам”, “их үсрэлт”, “ардын коммуна”) гэх чиглэл батлагдав. Мао Зедуны дотоод, гадаад бодлого нь ХКН-ын дотор хямрал болон дотоод тэмцлийг өдөөн өгсөн байв. “Соёлын хувьсгалаар” (1965-1976 оны улс төрийн үйл явдал) Мао Зедуны талынхан үнэнч цэргийнхэн болон сурагч оюутнуудын хүчээр армиас бусад газарт намын байгууллагуудыг устган, муж, хот аймгийн намын хороодыг тараан намын олон мянган ажилтнууд тэдний тоонд Төв хорооны гишүүдийг хоморголон хэлмэгдүүлжээ. ХКН-ын Төв хорооны орлогч гишүүдийн гуравны нэгийг хэлмэгдүүлсэн байв.
1969 онд ХКН-ын IX намын дүрмийг шинэчлэн Маогийн үзэл санааг намын ёс суртахуун ба онолын үндэс болгоод Мао Зедуныг намын бүх насны удирдагч гэж тунхаглажээ. Мао Зедун 1976 оны есдүгээр сарын 9-нд нас барав. 1976 оны аравдугаар сард”дөрвөн дээрэмчнийг” (ХКН-ын Төв хорооны радикал бүлэг тэдний тоонд Мао Зедуны эхнэр Зян Цин байв) бүлэг гэгчийг бут ниргэснээр “соёлын хувьсгалд” төгсгөл иржээ.
Хятад 1979 оноос Дэн Сяопиний удирдлагаар улс төрийн шинэчлэл ба гадаад харилцааны өргөжилтөд орсон байв. Шил дараалсан шинэчлэлийн улмаас Хятад онцлогтой социалист шинэчлэл гэх гол чиглэл нь тогтоогдон улс төр, эдийн засгийн салбарт өргөн шинэчлэл явуулсан байв.
ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар 1989 онд Зян Земинь сонгогдлоо. Тэр 1993 онд БНХАУ-ын дарга болов. Тэрээр Дэн Сяопиний шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж иржээ. 2002 оны арваннэгдүгээр сард ХКН-ын Төв хороонй ерөнхий нарийн бичгийн даргаар Ху Жиньтао сонгогдсон байна.
2007 оны ХКН-ын XVII хурал Хятад онцлогтой социализм байгуулна гэдэг намын чиг шугамаа баталгаажуулжээ. 2012 оны арваннэгдүгээр сарын 8-нд нээгдсэн XVIII их хурлаас ХКН-ын тав дахь үеийн гэх шинэ удирдлага сонгогдсон юм. ХКН-ын Төв хорооны шинэ нарийн бичгийн дарга Си жиньпин дараа нь БНХАУ-ын даргаар сонгогджээ.
1990–2017 онуудын ХКН-ын лидерүүд Зян Зэминь, Ху Жиньтао, Си Жиньпин нар ерөнхийдөө Дэн Сяопиний үндэслэсэн бодлогыг “тогтвортой байдлыг” хадгалах нь чухал гэсэн засвартайгаар үргэлжлүүлэн хөгжүүлж ирэв. Гэхдээ сүүлийн жилүүдэд Дэн Сяопины нэр өдөр тутмын сурталчилгаанд сонсогдохоо больсон.
Орчин үеийн Хятадад оюуны уламжлалт өв Күнзын сургаал, хоёр мянга орчим жил Хятадын нийгмийн барьж ирсэн күнзын үнэт зүйлс (төрийн алба, нийгмийн хариуцлага, ард түмнийг халамжлах тухай) үзэл баримтлалын эргэлтэд эргэн ирж байна. Хятадын үндэстний аугаа их сэргэн мандалт, “Үзэсгэлэнтэй Хятад”-ыг байгуулахын төлөө эх оронч үзэл, амиа ч өгөхөөс буцахгүй биеэ бүрэн дайчлах чадвар өндөрөөр үнэлэгдэж байна. Өнөөдөр ч хувьсгалт үйл явдлын түүхэд газрууд,Их аяны маршрутаар аялах “улаан соёл” хэвээр байгаа. Хувьсгалч, эх оронч дуу дуулах нь олныг хамааран дэлгэрч байна.
1982 онд батлагдаж, 2012 онд Коммунист намын дүрмээр Хятадын нийгмийн байгуулалт нь социализм байгуулалтын эхэн үед байгаа. Си Жиньпин ба бусад удирдагч нарын сүүлийн хэлсэн үгнээс харвал намын XIX их хурал дээр дунд төвшний амьжиргаатай “сяокан” гэх нийгэм байгуулснаа зарлах бололтой. Энэ нь ХКН байгуулагдсан цагаас хойших 100 жилийн (2021 он) “зууны зорилгуудын эхнийх нь байх юм. “Зууны” дараагийн зорилт нь Хятадын эдийн засгийн дунд хөгжилтэй орнуудад оруулах зорилго байх бөгөөд түүнийг 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор хэрэгжүүлж дуусах зорилттой байгаа.
Эх сурвалж: ОХУ-ын хэвлэлүүдийн тойм
Бэлтгэсэн М.ЭРДЭС