Монголын залуучуудын холбоо өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь, холбооны байрны урд талбайд “Залуусаа нэмье” өдөрлөг болж байгаа юм.
Өдөрлөг дөрвөн бүсээс бүрдэж байна. Түүний нэг нь боловсролын бүс. Энэ бүсэд “Күнз” тэргүүтэй сургалтын төвүүд байрласан бөгөөд оюутнууд гадаадад хэрхэн тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл авч байв.
Эрүүл мэндийн бүсэд Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг тэргүүтэй байгууллагууд байрласан байв. Мөн “Хаппи веритал” оношилгоо, эмчилгээний төв хеликобактер илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй авч байна. Харин шинжилгээний хариу маргааш гарах бөгөөд X хороололд байрлах уг эмнэлгийн байранд очиж авах юм байна.
Өдрийн цалин 20-40 мянган төгрөг
Хамгийн олон оюутан цуглаж буй бүс нь хөдөлмөр эрхлэлтийн бүс байлаа. Энд оюутан хичээлийнхээ хажуугаар цагийн болон байнгын ажил хийх боломжуудыг танилцуулж байна. Энэ үеэр Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн Байнгын ажил хариуцсан мэргэжилтнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Оюутнууд ихэвчлэн ямар төрлийн ажил хайж байна вэ?
–Манай бирж хөдөлмөр зуучлалын үйлчилгээг даваагаас баасан гаригт 9.00-18.00 цагт үзүүлдэг. Хичээлийн хажуугаар ажиллах сонирхолтой оюутан залуусыг тохирох ажилд нь зуучилдаг. Ихэвчлэн цэвэрлэгээ, судалгаа, боршур тараах, амталгаат сурталчилгаа, барилгын ажилд зуучилж байна. Мөн манай байгууллага пүрэв гариг бүр цагийн ажил хийх сонирхолтой оюутан залуусд чиглүүлэх сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг. Уг сургалтанд сууснаар цагийн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
-Цалингийн хувьд ямар байдаг вэ?
-Цагийн ажил ихэвчлэн нэг цаг нь 2500-3000 төгрөгөөр үнэлэгддэг. Гэхдээ цагийн ажлын цалинг ихэвчлэн өдрөөр нь өгдөг. Өдрийн цалин нь 20-40 мянган төгрөг байдаг.
-Өнөөдрийн хувьд хэчнээн оюутан танайд хандаж, хэдэд нь ажил олгосон бэ?
-Өнөөдөр бид энд биржийнхээ талаар ерөнхий мэдээлэл өгч, зуучилж байна. Манайд хандаж буй оюутан олон байна. 30 орчим минутын дотор 150 гаруй оюутанд үйлчиллээ. “Тэнгэр” бөөний төвд чингэлэг буулгах ажилд 10 оюутанг зуучиллаа. Манайд ажил олгогч олон байгууллага ханддаг.
Өдөрлөг 18.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрлөгийн хүрээнд залуусын флаш моб, эрх мэдлийн алхалт, Ковэр дууны тоглолт, Манжуур хотруу аялах эрхийн бичиг, тоглолтын тасалбар, сургалтын төвүүдэд хөнгөлттэй сурах эрхий бичгийн шагналтай хөгжөөнт тоглоомууд тоглох гэнэ. Чөлөөт бүсэд залуусын хэрэглэх дуртай үндэсний брэндүүдийн танилцуулга болж байгаа бөгөөд тэндээс сонирхсон зүйлээ хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой юм.
Р.Дулам