Бээжинд өчигдөр (2017.10.19) Хятадын Коммунист намын 19 дүгээр их хурал эхэллээ. Энэ бол таван жилд нэг удаа зохиогддог улс төрийн чухал үйл явдал бөгөөд уламжлалын шинж чанараасаа гадна дээд засаглалаа өөрчлөхөд асар их хувь нэмэр оруулдаг арга хэмжээ юм. Энэхүү их хурлаар яригдах гол асуудал нь БНХАУ-ын өнөөгийн тэргүүн ирэх 20 дугаар их хурал хүртэл засгийн эрхэнд байх эсэх асуудал шийдэгдэнэ.
Хятад улс бол дэлхийн хамгийн олон хүн амтай, эдийн засгийн хүчирхэг гүрэн. Бас дэлхийн хамгийн том коммунист засаглалтай орон билээ. Хятадын онцлог шинжийг агуулсан социализмыг байгуулах нь тус улсын засаг захиргааны гол зорилго. Их хурлаар “хятад мөрөөдөл”-д хүрэх өмнөх зорилгоо батална. Тухайлбал, 2021 он гэхэд дундаж давхаргын нийгмийг байгуулж, 2049 он гэхэд барууны хамгийн хөгжингүй орнуудын амьдралын түвшинд хүрэхээр төлөвлөжээ.
Хамтын удирдлагын хүчирхэг уламжлалтай
Хятад улс хамтын удирдлагын хүчирхэг уламжлалтай ард түмэн. Коммунистууд 1949 онд засгийн эрхийг авсны дараа Мао тус улсыг ганцаар удирдаж байсан ч дарангуйлагч байгаагүй юм. Харин соёлын хувьсгал эхэлсний дараахан буюу 1966 онд л Мао хэмжээлшгүй эрхтэй болсон ч түүнийг таалал төгссөний дараа 1976 онд хамтын удирдлага дахин сэргэсэн билээ.
Хятадын коммунист нам 70 жил шахам төр удирдахдаа долоон удирдагчтай байжээ. Хэдий тийм боловч 1980-аад онд намаа толгойлж байсан хоёр генсек болон Ху Яобан, Чао Цзыян нар Дэн Сяопины дараа ордог хоёр дахь хүмүүс байв. Тиймээс Хятадын коммунист намын удирдагчдын түүхэнд ердөө зургаан хүн байсан гэвэл зохино. Тэд бол Мао Зэдун, түүнийг залгамжлагч Хуа Гофэн (1976-1980), Дэн Сяопин, Зян Зэминь (1989-2002), Ху Жинтао (2002-2012), Си Жиньпин нар юм.
Си Жиньпиний улс орноо удирдаж буй үеийг “тав дахь үеийнхэн” гэж үздэг. Уламжлал ёсоор үеийг 10 жилд нэг удаа өөрчилдөг аж. 19 дүгээр их хурлаар уламжлалын дагуу Улс төрийн товчооны Байнгын хорооны бүх гишүүнийг өөрчилнө. Өнгөрсөн их хурлаар 68-аас дээш настай гишүүдийг дээд байгууллагад дахин сонгоогүйгээс үзвэл энэ удаагийн их хуралд Улс төрийн товчооны Байнгын хорооны таван хүн албан тушаалаа орхихоос өөр аргагүй болж байгаа юм. Харин 64 настай Си Жиньпин, 62 настай Ерөнхий сайд Ли Кэцян нар энэхүү хязгаарлалтад тогтож үлдэх бололтой.
Ажиглагчид шинэ байнгын хороонд орох таван хүнээс тус улсын ирээдүйн удирдагчийг харж байна. Ингэхдээ 53 доош насны, ажлын туршлагатай, албан хэлхээ холбоогүй зэрэг янз бүрийн шалгууруудыг харгалзан авч үзжээ. Гэхдээ ийм хүн гарч ирэхгүй байх магадлалтай байгаа нь тус их хурлын гол дуулиан ч болж мэдэх юм.
Нэгдүгээрт, Си дарга Байнгын хорооны гишүүдийнхээ тоог бууруулж магадгүй. Үүнд ямар нэгэн заалт байдаггүй аж. Өмнө нь ес, түүнээс цөөн тооны гишүүн ч байсан бөгөөд энэ удаад ердөө таван гишүүн байна гэсэн яриа ч гарчээ. Хоёрдугаарт, 68-аас дээш насныхныг тэтгэвэрт нь гаргадаг уламжлалыг ч халж мэднэ. Хэрвээ тэгэх юм бол Улс төрийн товчооны Байнгын хороонд ахмадуудаас орж ирнэ гэсэн үг.
Үүнээс гадна Си Жиньпин төрийн тэргүүнээрээ үлдэх үү, халаагаа өгөх үү гэдэг нь энэ их хурлын хамгийн том сэдэв байх болно. Харин дэлхий дахинаа ойрын долоо хоногт Хятадын төр засагт ямар өөрчлөлт гарахыг чих тавин чагнах л үлдээд байна. Намын их хурал энэ сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.
Э.ЗАЯА