Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу салаавч гарган танхайрсан Ц.Баярцогт олны анхаарлын төвд байна. Түүнд холбогдох залилангийн хэргийн шүүх хурал өнөөдөр (2017.10.18) Сэлэнгэ аймагт болох юм. Энэ шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 4-нд тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүний хүсэлтээр батлан даалтад гаргасан аж.
Тэрбээр “Саранфинанс” ББСБ-ын захирал мөн “Баян суут” ХХК-ын захирлаар ажилладаг. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийны амны алтыг хууль бусаар олборлож 160 сая гаруй төгрөгийг бусдаас залилсан аж. Түүнд мэхлүүлсэн иргэн Д.Батбаяр нь “Баян суут” гэх компанид 115 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхдээ орон гэр болон ах дүү хамаатан садныхаа газрыг барьцаалж Ц.Баярцогтод мөнгө зээлдүүлсэн байжээ. Гэвч Ц.Баярцогт мөнгөө өгөөгүй байна. Үүний улмаас Д.Батбаяр нь амиа хорлохыг завдсанаар Ц.Баярцогтод холбогдох хэргийг сэргээсэн байна.
Ц.Баярцогт нь батлан даалтад гарах хүсэлт гаргахдаа шүүх хуралд худал мэдүүлэг өгсөнийг Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хожим мэджээ. Мөн тэрбээр өмнө нь энэ оны дөрөвдүгээр сард 13-нд Чингэлтэй дүүрэгт иргэн А-г гэмтээж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсанаа нуун дарагдуулсан аж.