[starbox]
Францад эрүүл мэнд, нийгэм, боловсролын салбарын мэргэжилтнүүдийг өөрсдөд нь хандаж буй иргэдэд радикал шинж ажиглагдвал мэргэжлийн нууцаа илчлэхийг хүлээн зөвшөөрөх санал боловсруулж байна. Энэхүү хуулийн төслийг саяхан Үндэсний ассамбейгаар хэлэлцжээ. Уг баримтад тэмдэглэж буйгаар зарим мэргэжлийн ажилтнууд үйл ажиллагааныхаа хүрээнд нутгийн иргэдийн дунд радикал үзэл байгааг төдийгүй зэвсэглэсэн эсэхийг хамгийн түрүүнд мэдэх боломжтой байдаг гэнэ. Тиймээс Францын Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, тэдгээр мэргэжлийн хүмүүсийг хуулийн байгууллагад нууцаа задалсан тохиолдолд хорих, торгох ял шийтгэдгийг болиулах гэж байна.
Үндэсний ассамблейн шинэ хуулийн төсөлд тэмдэглэснээр Францад олон мэргэжлийнхэн мэргэжлийн нууцлалтай байдаг. Тухайлбал, эмч, багш, нийгмийн ажилтнуудаас гадна энэ мэргэжлээр дадлага хийж буй, суралцаж буй хүмүүс өөрсдөд нь хандсан иргэдийн тухай мэдээллийг нууцлах үүрэгтэй.
Ийнхүү эдгээр мэргэжлийн ажилтнууд иргэдтэй хоорондоо итгэмжилсэн харилцаатай байдгийг улс эвтэйхнээр ашиглах хэрэгтэй гэж хууль тогтоогчид үзэж байна. Тэдний үзэж буйгаар мэргэжлийн нууцлал нь нийгэм дэх радикал хандлагын тухай мэдээллийг агуулж болох гэнэ. Энэ тухай хууль санаачлагчид “Эрүүл мэнд, нийгэм, боловсролын салбарын мэргэжилтнүүд радикал хандлагатай, эсвэл радикал болох магадлалтай хүмүүстэй шууд тулж ажилладгийг бид мэднэ. Одоогийн хуулиар бол радикал байдал нэмэгдэж буйг үнэлэх боломж байдаггүй. Яагаад гэвэл мэргэжилтнүүд ажил мэргэжлийн нууцаар хязгаарлагддаг” гэжээ.
Ажил мэргэжлийн нууцыг задлах тухай хөндөх болсон нь сүүлийн жилүүдэд Франц улс нэг бус удаа алан хядах халдлагын бай болсонтой холбоотой.
Францын одоо мөрдөгдөж буй хуулиар эмч, багш нар болон нийгмийн бусад ажилтнууд харилцаатай байдаг хүмүүсийнхээ тухай мэдээллийг нууцлах үүрэг хүлээдэг. Хэрвээ энэхүү үүргээ зөрчих юм бол нэг жил хорих буюу 15 мянган еврогоор торгодог байна.
Алан хядах ажиллагааны бодлогын үргэлжлэл
Сүүлийн жилүүдэд Франц улс нэг бус удаа алан хядах ажиллагаанд өртсөн нь терроризмын эсрэг олон арга хэмжээ авахад хүргэжээ. Тухайлбал, 2016 онд Үндэсний ассамблейн гишүүд алан хядах үйл ажиллагаанд буруутгагдсан этгээдүүдийг Францын иргэншлээс хасах хуулийн төслийг дэмжсэн.
Харин энэ сарын 3-нд Францын цагдаа нарын эрх мэдлийг нэмэгдүүлэх хуулийн төслийг парламентаар сайшаасан билээ. Ийнхүү цагдаа нар өөрсдийгөө хамгаалах зорилгоор төдийгүй шаардлагатай гэж үзсэн нөхцөлд буудах эрхтэй болсон.
Үүнээс гадна алан хядах ажиллагааны эсрэг шинэ хуулийн төсөл нь шалгалт хийх, сэжигтэн этгээдийг шүүхийн шийдвэргүйгээр гэрийн хорионд байлгах эрхийг үүсгэж буй юм. Тэр ч бүү хэл лалын сүм, шашны бусад байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчид радикал үзлийг дэлгэрүүлж байгаа нь тогтоогдвол хаах ч эрхтэй аж.
Үндэсний ассамблейгаас түүнчлэн хэвлэл мэдээллээр алан хядагчдын нэр, зургийг нийтлэхийг хориглосон хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний хуульд оруулж буй энэхүү өөрчлөлтөөр алан хядагчийн зураг, нэр хэвлэгдсэн тохиолдолд 15 мянган еврогоор торгох юм байна.
Үндэсний аюулгүй байдлын асуудал
Францын иргэн Лион Коронтан энэхүү хуулийн төслийг багш, эмч нарт нийгэм дэх радикалуудыг илрүүлэхэд нэн тустай гэж үзэж байна. “Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Миний хувьд тэдний хувийн асуудал хамаагүй ч тэд манай нийгэм, олон нийтийн байгууллагыг үгүйсгэж байна. Надад тэд юу гэж бодох нь хамаагүй” хэмээн тэмдэглэжээ.
Францын эмч Шарль эмчийн нууцын зэрэглэлийг задлах нь мэргэжилтнүүдэд асуудал үүсгэдэг гэдэгтэй санал нэг байна. Тухайлбал, эмч нар нийгмээ аюулаас хамгаалах, өвчтөнийхөө тухай мэдээллийг нууцлах үүргээ хүлээхийн аль нэг шаардлагыг сонгох хэрэг гардаг байна. Тиймээс ч Шарль Үндэсний ассамблейн шинэ хуулийн төслийг дэмжиж байна. “Заримдаа өвчтөн нь аюултай өвчнийг тээгч тохиолдолд эмчийн нууцаа зөрчих шаардлага үнэхээр тулгардаг” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.