“Цагаан-Уул-2017” яруу найргийн наадам өчигдөр МҮОНТ-ийн 600 студид болж, шилдгүүдээ тодрууллаа. МЗХ-ноос 1992 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулж тус наадамд хот хөдөөгийн 100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлжээ. Шүлгийн наадам нь уламжлал ёсоор дөрвөн шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр шатанд оролцогчид өөрсдийн дурын бүтээлээ ирүүлж, хоёрдугаар шатанд 30 бүтээлийг шалгаруулж “Унаган хайр” сэдвээр өрсөлдсөн юм. Гуравдугаар шатанд шүүгчдийн шууд шалгаруулалтын оноогоор 15 яруу найрагч “Эцэг эхийн хайр” сэдвээр өрсөлдөж, үүнээс шалгарсан таван уран бүтээлч “Эх орноо хайрлах хайр” сэдвээр тэргүүн байрын төлөө өрсөлдлөө.
Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах зорилготой уг наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга “Ариун сүнсний эх орон” бүтээлээрээ хүртлээ. Харин дэд байрт залуу уран бүтээлч Г.Лхагвадорж, гуравдугаар байрт Ж.Жамбалдорж, тусгай байрт яруу найрагч Х.Доржпалам, Р.Отгонбаяр нар шалгарав.
Энэ удаагийн наадмыг СУИС-ийн Урлаг судлал, Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, утга зохиол судлагч шүүмжлэгч, доктор профессор МЗЭ-ийн судлал шүүмжийн үндэсний төвийн тэргүүн, МЗЭ-ийн болон “Алтан өд”-ийн шагналт зохиолч П.Батхуяг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир, 1996 оны “Цагаан-Уул” наадмын тэргүүн байрын шагналт, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, сэтгүүлч Д.Оюундэлгэр, МЗХ-ны ерөнхийлөгчийн сургалт хариуцсан зөвлөх, “Буган сүлд” ТББ-ын ерөнхийлөгч Г.Энх-Амгалан, хяналтын шүүгчээр МЗХ-ны Мэдээлэл судалгаа олон нийттэй харилцах газрын дарга Э.Энхтуяа нар шүүсэн юм.