АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн амьдардаг “гэр” буюу Цагаан ордонд хар үүргэвчтэй этгээд нэвтрэх гэж байгаад баригджээ. Энэ талаар ордны Хамгаалалтын албанаас мэдээлсэн байна. Өнгөрөгч бямба гаригийн (2017.03.11) шөнө Ерөнхийлөгч Дональд Трампыг Цагаан ордонд байх үед нэвтрэх гэж оролдсон этгээд баригдахдаа ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй аж. Түүний цүнхнээс ямар нэгэн сэжигтэй зүйл олдоогүй гэнэ.
Хамгаалалтын албаныхан 200 гаруй жилийн түүхтэй тус ордны хашаанд нэгжлэг хийсэн ч аюулгүй байдлыг зөрчиж болохуйц ямар нэг зүйл олоогүй аж. Баригдсан этгээд ордны гаднах хашааны төмрийг тахийлган ордон руу нэвтэрсэн байна. Түүнийг тухайн бүсийг хариуцсан цагдаагийн албанд хүлээлгэн өгчээ.