Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн өнөөдөр (03.12) эхэлнэ. Энэхүү башёд дөрвөн их аварга нэгэн дэвжээнд хүч үзнэ. Тэд бол 69, 70, 71, 72 дахь Их аварга цолтон Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд болон шинэ аварга Кисэносато нар юм.
Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд 11 даваа, дөрвөн унаатайгаар өндөрлүүлсэн Хакүхо аварга бэлтгэл сайн байгаа гэдгээ өнгөрөгч даваа гарагт Томозүна дэвжээнд зочлохдоо харуулжээ. Энэ үеэр Хакүхо, Маэгаширагийн наймд бичигддэг Кайсэй тэргүүтэй бөхтэй барилдаж, нийт 14 давсан байна. Мөн шинэ аварга Кисэносато хүрэлцэн ирсэн ч барилдаагүй гэнэ.