ОБЕГ-аас Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг найман аймагт малын гоц халдвар гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар малын цэцэг, шүлхий өвчний тархалт их байгаатай холбогдуулан хорио цээрийн дэглэм хэсэгчилэн тогтоогоод байгаа юм. Энэ өвчний эсрэг холбогдох албаны хүмүүс таван сумын 31 өрхийн 4785 толгой хонийг вакцинд хамруулжээ.
Дорнод аймгийн хувьд урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 62.9 хувьтай явж байгаа юм байна. Аймгийн хэмжээнд 14 сумын 997.4 мянган толгой мал хамрагдахаас 627.5 мянган малыг тарилгад хамруулжээ. Мөн нэмэлтээр Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 3 цэнт вакциныг 4 удаа 1.3 тн хэмжээтэй татан авсныг Матад, Хөлөнбуйр, Баянтүмэн, Булган, Халхгол, Цагаан-Овоо, Баян-Уул, Хэрлэн сумын дархлаажуулалтад зарцуулсан гэж аймгийн онцгой комиссоос мэдээлэв.
Одоогоор Баяндун, Дашбалбар сумын 26,8 мянган толгой үхэр, Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн сумын 283,9 мянган толгой малыг дархлаажуулалтанд хамруулахаар ажиллаж байна. Вакцинжуулалтыг явуулахын тулд 56 ажлын хэсэгт 58 авто машин, малын эмч 70, туслах ажилтан 112 хүн хүч ажиллаж байгаа аж. Харин Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Дашбалбар сумын 1383 толгой тэмээ, 323620 хонь, 175451 толгой ямаанд 501,8 литр вакцин шаардлагатай байгаа гэнэ.