Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулах бөгөөд Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлов.
Энэ удаагийн хурлаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийх, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудал багтжээ.
Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд Их хурлын төлөөлөгчийг сонгох цахим сонгуулийн ажиллагааг 2017 оны аравдугаар сарын 11-нээс 17-ны өдрүүдэд явуулна. Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурлын төлөөлөгч сонгох, Их хурлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг www.mglbar.mn цахим хуудас болон 70116004 утсаар холбогдож авах боломжтой гэж Монголын хуульчдын холбооноос мэдээллээ.