-Калифорни мужийн түүхэн дэх хамгийн томд тооцогдох энэхүү түймэр 21 хүн амиа алджээ. Тэдний дунд саяхан хуримынхаа 75 жилийн ойг тэмдэглэсэн хос ч байгаа аж-
100 настай Чарльз Риппи, түүний 98 настай эхнэр Сара нар Калифорни мужийн Напа тойрогт нүүрлэсэн түймрийн улмаас хамтдаа хорвоог орхижээ. Энэ түймэр Напа тойргийн 3500 барилгыг сүйтгэж, 26 мянган га газрыг үнс нурам болгосон юм.
Бага сургуульд байхдаа танилцаж, Висконсиноос Калифорни муж руу нүүж ирсэн Чарльз, Сара нарыг хос амиа алдсан тухай түүний хүү “New York Times” сонинд мэдэгджээ. Хүүгийнх нь хэлснээр өндөр настай хос ням гарагт хүчтэй галын улмаас гэрээсээ гарч чадахгүй болсон тул гэртээ сүүлчийн мөчөө өнгөрөөхөөс өөр аргагүй болсон гэнэ. Цагдаагийн газрын мэдээлснээр тус тойрогт 150 орчим хүн сураггүй алга болжээ.
71 настай хүү Майк Риппи дүү Чактайгаа хамт мягмар гарагт аав ээжийнхээ гэрт очиж, тэдний шатсан цогцсыг олжээ. Тэгтэл 75 жил хамт амьдарсан хос бие биетэйгээ ойрхон өөд болсон байжээ. “Тэд бие биегүйгээрээ амьдарч ч чаддаггүй байсан. Тийм ч болохоор хамтдаа хорвоог орхилоо. Магадгүй тэд үүнийг хүсч байсан биз ээ” хэмээн хүү нь ярьжээ.
Чарльз, Сара нар Висконсин мужийн их сургуульд суралцаж байсан бөгөөд 1942 онд гэрлэж, удалгүй нөхөр нь армид татагджээ. Тэд таван хүүхэд төрүүлж өсгөн сүүлийн 35 жил Напад амьдарчээ. Хүүгийнх нь хэлснээр Чарльз Сарагийнхаа байсан өрөөнд орох гэж байгаад угаартаж, ухаан алдсан бололтой. Энэ тухай Майк “Аав маань ээжийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй байсан” хэмээжээ.
Өдгөө асч буй ойн түймэр нь Калифорнийн түүхэн дэх хамгийн их хохирол, уршиг дагуулсан том түймэрт тооцогдож байна. Түймрийн утаа 100 км-ийн зайтай Сан-Францискод ч харагдаж байгаа аж. Ялангуяа мужийн Сонома тойрогт хамгийн олон буюу 11 хүн амиа алдаад байна. Тойргийн захиргааны мэдээлж буйгаар эндээс 155 хүн сураггүй алга болсон гэнэ. Тойргийн төв Санта-Роза хотод л гэхэд “Хилтон” зочид буудал, хөдөлгөөнт байшингийн зогсоолтойгоо шатжээ. Үүний улмаас тойргийн 10 мянга гаруй хүн гэрээсээ дүрвэсэн байна.
Санта-Роза хотын уулархаг бүсэд оршдог цэцэрлэгт хүрээлэнгийн эзэн Питер Лангу өөрийнхөө гэрийг аврах уу, эсвэл цэцэрлэгт хүрээлэнд нь байдаг мянга гаруй амьтнаа аврах уу гэсэн сонголттой тулгарсан байна. Ингээд 77 настай эр бүх амьтнаа аварсан ч орон гэргүй болсон гэж орон нутгийн сониндоо мэдээлжээ. Үүнээс гадна 90 мянга гаруй айлын сууц, үйлдвэр цахилгаангүй болжээ.
Түүнчлэн дарсны аж ахуй эрхэлдэг дөрвөн газар их хэмжээний хохирол амссан буюу бүрэн устаж үгүй болсон аж. Үүнээс гадна дарсны есөн аж ахуй суулгацынхаа зарим хэсгийг түймэрт шатаалгаж, барилга байшин нь сүйдсэн тухай Орон нутгийн дарс үйлдвэрлэгчдийн нийгэмлэгээс мэдээлжээ. Мужийн амбан захирагч Жерри Браун Сонома, Напа болон өөр есөн тойрогт онц байдал зарлаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп холбооноос байгалийн гамшигт өртсөн мужид тусламж үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зуржээ.
ВВС