Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов Оросын төрийн тэргүүн Владимир Путинд саяхан болж өнгөрсөн төрсөн өдрийн мэнд хүргэж, алабай үүлдрийн гөлөг бэлэглэжээ. “Бид дундаа нэг найзтай боллоо. Энэ бол дэлхий дээр цорын ганц байдаг алабай үүлдрийн нохой. Өнөөдөр би энэ жижигхэн алабайг авч ирлээ” хэмээн Туркменистаны төрийн тэргүүн хэлээд гөлгөнд Үнэнч гэдэг нэр өгсөн гэжээ.
Оросын төрийн тэргүүн Владимир Путины 65 насны ойн өдөр энэ сарын 7-нд тохиосон юм. Ер нь Путин Оросын төрийн тэргүүн, Ерөнхий сайд байх 17 жилийн хугацаандаа бичил амьтны хүрээлэн байгуулж болохоор олон амьтан бэлгэнд авчээ. Энэ бэлгийн хур Кони хэмээх хар лабрадор нохойноос эхэлсэн юм. Уг нохойг тэрбээр 2000 онд тухайн үед Онцгой байдлын сайд байсан Сергей Шойгугаас бэлгэнд авсан байна.
2000 онд Орлов мужийн амбан захирагч Егор Строев Путинд орлов үүлдрийн хатиртай морь бэлэглэсэн. 2001 онд Башкирын тэргүүн Муртаза Рахимов Ерөнхийлөгчид ахалтекины үүлдрийн хээр халтар азарга зүсэлж өгчээ. Үүнээс нэг жилийн дараа Путин Иорданы хаан II Абдаллагаас Арабын хурдан үүлдрийн Ибн Маруф, Хаким, Айзис хэмээх гурван морь “алчуур” болгон авсан.
Ерөнхийлөгчийн мэдлийн бас нэг моринд Татарстаны Ерөнхийлөгч Минтимер Шаймиевын 2005 онд бэлэглэсэн Вадик нэртэй одой морь багтдаг. 2003 онд Москва хотын дарга Юрий Лужков Путинд цагаан ямаа бэлэглэж, Ерөнхийлөгч ч ямаандаа Үлгэр хэмээх нэр хайрлаж байлаа.
Тэгвэл Путин 2008 оны төрсөн өдрөөрөө Уссурын барын бамбар бэлгэнд авч байв. Анхандаа Маша нэртэй бамбар Ново-Огаревод идээшиж байснаа сүүлд нь Геленжик дэх амьтны хүрээлэн рүү шилжжээ.
2010 онд Туркменистаны тэргүүн Путинд Азийн ховор үүлдрийн хоёр ирвэс бэлэглэсэн. Алоус, Генерал хэмээх нэртэй Путины хоёр ирвэс өдгөө Кавказ дахь зэрлэг амьтны тусгай төвд идээшиж байна. Мөн 2010 онд Путин Болгарын Ерөнхий сайд Бойко Борисовоос каракачаны овчарк үүлдрийн гөлөг авчээ. Ингээд гөлгөнд нэр хайрлах уралдаан зарлаж, ялагчаар нь таван настай Дима Соколов хүү тодорсон байна. Хүү тэрхүү гөлгөнд Баффи гэдэг нэр бодож олжээ.
2012 онд Японы Акита мужийн амбан захирагч Норихиша Сатакэ Владимир Путинд акита-ину үүлдрийн Юмэ хочит гөлөг бэлэглэсэн. Путины амьтны хүрээлэнд бас хэд хэдэн үзмэр бий. 2002 онд Молдавын Ерөнхийлөгч Владимир Воронин Путинд 50 насны ойг нь тохиолдуулан болор матар бэлэглэсэн. Тэгэхдээ “Матар бол хойш ухардаггүй цорын ганц амьтан” хэмээн бэлгэдсэнээ хэлжээ.
Тэгвэл 2013 онд Германы канцлер Ангела Меркель Путинд хөхөөтэй цаг бэлэг болгон барьжээ. Энэхүү бэлгийг сэтгүүлчид Путиныг чухал арга хэмжээнд байнга хоцордог зуршлыг нь сануулсны тэмдэг гэж үзэж байв. Учир нь үүнээс нэг жилийн өмнө Ангела Меркель Берлинд Оросын төрийн тэргүүнтэй уулзахын тулд цаг шахам хүлээх хэрэг гарсан билээ.
ВВС