БУРХНЫ ШАШИНД ЗӨВХӨН СҮСЭГ БИШРЭЛ ТӨДИЙ ХАНДАХ ЮМ БОЛ БҮХНИЙГ БҮТЭЭГЧ БАЙДАГ ГЭСЭН ОЙЛГОЛТ ТӨРЧИХНӨ
- Бурхны шашинд зөвхөн сүсэг бишрэл төдийгөөр бүх юм болохгүй. Юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгож ухаарах нь зүйтэй. Бурхны сургаалын гол утга онол нь бүх юм шүтэн барилдлагатай, учир шалтгаантай юм. Бүх юм учир шалтгаанаас үүсэлтэй гэж үздэгээс биш ертөнцийн эзэн бүхнийг бүтээгч байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл бид бурхандаа сүсэглэхдээ зөвхөн бурхан намайг авраач гэж сүсэг төдий хандаад байвал тэрний цаана бүхнийг чаддаг бүхнийг бүтээдэг юм байдаг гэсэн ойлголт төрчихнө. Тэгэхээр бурхны сургаалыг ойлгохгүй сүсэг бишрэл төдий хандах юм бол бусад шашны ертөнцийг бүтээгчийн номлолтой адилхан болчихно. Тиймээсс бурхны сургаалыг дээдлэх нь чухал юм.
ОЮУН САНАА ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН УУРАГ ТАРХИНЫ ХҮЧИН ЗҮЙЛ БИШ
- Бурхны шашин зөвхөн сүсэг төдий биш юм. Бурхан багш юмс үзэгдлийн мөн чанарыг сайтар ажиглаж шинжилж байж номлосон байна. Нэг хэсэг шинжлэх ухаан хүний оюун санаа бол уураг тархины бүтээгдэхүүн гэж үзэж байсан. Гэтэл бясалгал хийхэд хүний тархины ажилладаггүй эд эсүүд хүртэл ажиллаж байна гэсэн туршилт гарсан байна. Үүнээс хүний тархины эд эсийг ажиллуулдаг өөр хүчин зүйл байна. Тэр нь магадгүй ухамсар, бурхан шашны хэллэгээр оюун санаа ч гэж хэлж болох. Зөвхөн тархины эд эс ажиллаад тухайн оюун санаа төрдөг биш. Тэр оюун санааны хүчээр тархины зарим ажилладаггүй эд эсүүдийг ажиллуулж болж байгаа учраас оюун санаа гэдэг нь зөвхөн уураг тархины хүчин зүйл биш юм. Тиймээс оюун санаа ухамсар гэдэг нь уураг тархинаас тусдаа зүйл гэдгийг нотлоход тун ойрхон байна.
ОЮУН САНАА УХАМСРААС ТУСДАА ЮМС ҮЗЭГДЭЛ БАЙХГҮЙ
- Юмс үзэгдэл гадна талд бодитойгоор оршихгүй. Хэрвээ орших юм бол тухайн юмс үзэгдэл өөрийн бүрдүүлэгч хуваагдашгүй эд эс, хуваагдашгүй тоосонцроос оршино. Гэтэл тийм хуваагдашгүй зүйл байна уу гээд сайтар шинжлээд байвал тийм юм байхгүй учраас юмс үзэгдэл гадна талд бодитойгоор оршихгүй. Гэхдээ юмс үзэгдэл өөрийн оюун санаа ухамсартайгаа нэгэн мөн чанар оршино гэж үзсэн. Бидний гадна талд харагдаад байгаа юмс үзэгдэл түүнийг харж байгаа оюун санаатайгаа өөрөө нэг мөн чанартайгаа оршиж байна. Оюун санаа ухамсраас тусдаа юмс үзэгдэл байхгүй гэж үзсэн.
ЗӨВХӨН ЗАСАЛ ХИЙХ, СУВАРГА БОСГОХ ТӨДИЙХНӨӨР БУРХНЫ ШАШНЫГ ДЭЛГЭРҮҮЛЖ БОЛОХГҮЙ
- Лам хуваргууддаа би ном сайн үзэх хэрэгтэй гэж захисан. Бурхны шашны утга учрыг таньж мэдэж, тэдгээрийг бусдад ойлгуулж таниулахын үүднээс бурхны шашныг барина уу гэхээс биш, зөвхөн засал хийх төдийгөөр барьсан болохгүй. Бурхны шашныг барина гэдэг гадна талд сүм дуган, суварга барих төдий биш. Хамгийн гол нь дотоод сургаалынх нь мөн чанарыг таньж мэдэж байгаа нь бурхан шашныг дэлгэрүүлж байгаа юм. Зөвхөн амны уншлага, гадна хувцас хунартаа байгаа юм биш. Дотоод сургаалынхаа утга учир мөн чанартаа байгаа учир тэрийгээ л үндэслэх хэрэгтэй.
БҮХ ЮМС ХООСОН ЧАНАРТАЙ
- Бид өөрсдөө хоосон чанартай юм. Учир нь би гэдэг бодитой байгаа юм шиг боловч яг би хаана байна вэ гээд сайтар хайх юм бол бодитойгоор олдоггүй юм. Квант физикийн үүднээс ч ямар нэг юмс үзэгдэл сайтар ажиглавал эцэстээ тодорхойгүй юм болж байна гэж үзсэн. Тэрэнтэй адилхан бурхны сургаалд бид бие гэж бодоод байдаг. Яг тэр бие маань хаана байна гээд сайн хайвал олдохгүй болчихдог. Бүх юмс хоосон чанартай. Үүнтэй адил намайг бүрдүүлж байгаа бие сэтгэл тэргүүтэй гадна дотны бүх юмс нэр төдий оршихоос бус өөрийн мөн чанараас бүтсэн юм байхгүй. Ингээд хоосон чанарыг бясалгаж, энэ сэтгэлийн хүчээр бидний сэтгэлд бүх юм бодитой байгаа гэж бодогдож байгаа бүхэн арилна.
1 comment
бүх юмс хоосон гэдэг бол буруу. Харин материаллаг ертөнц бол ТҮР ЗУУРЫН юм. Сүнс бол МӨНХ оршдог. Үйлийн үрийн хуулийн дагуу нэг биеэс нөгөө биед шилжиж явдаг Бурханы тааллын дагуу амьдрах юм бол эргээд БУРХАН зүг гэртээ харих боломжтой.