Ингэхэд сүүлийн үед таньдаг мэддэг хүмүүсийн ярианаас үзэхүл, өвдөж зовсон хүмүүсийн ихэнх нь элэгний хорт хавдар гэсэн аймшигт онош тавиулсан тухай яриа чих дэлсэнэ. Манайд нийт хорт хавдраар өвчлөгсдийн дор хаяж 50 хувийг нь элэгний хорт хавдар эзлэж байгаа гэх. Уг нь энэхүү өвчнөөр африкчууд толгой цохидог, харин Азидаа манайх тэргүүлдэг бололтой.
Хүний дотор таван цул эрхтэний нэгэн чухал хэсэг нь болох элэг маань бидний идэж уусан хоол ундыг шимэн төлжүүлж бусад эд эрхтэнд тараадаг нэгэн чухал “үйлдвэрлэгч” билээ. Элэг бол таны идэж уусан бүхнийг хоргүйжүүлж, их багын тунг тохируулж өгнө. Тодруулан хэлбэл, хоол тэжээлийг дахин боловсруулж амин хүчил, өөх тос, нүүрс усыг хүнд шаардлагатай хэлбэрт нь оруулж өгдөг, бас болоогүй, цусыг нь нөөцөлж, эд эсэд хүчилтөрөгч, уураг витамин зэрэг ямар нэг органик бодисууд дутаж эхэлвэл цөснөөс авч маш нямбай “тохируулга” хийж өгдөг маш чухал эрхтэний нэг юм байна.

Тэгвэл элэгний хорт хавдар өвчин яагаад Монголд хавтгайрах болсон юм бэ? Энэ тухай тодруулахаар ХӨСҮТ-ийн зөвлөх, олонд “элэгний” хэмээн нэрлэгддэг Г.Дэлгэр эмчтэй уулзахаар шийдлээ. Үүдний өрөөнд хөл тавих зайгүй олон хүн бужигнана. Нэг нь тэртээ холын Ховдоос ирсэн байхад, нөгөө залуу Дарханаас ирлээ, ээжийгээ үзүүлж зөвлөгөө авах санаатай хэмээн зогсоно. Дэлгэр эмчийн ярианаас үзэхүл, өнгөрсөн зууны 60-70-аад оны үед Монголд элэгний өвчин буюу бидний хэлж заншсанаар “шар” өвчний дэгдэлт асар хүчтэй байжээ. Учир нь 50-60-аад оны үед хот хөдөөд гэлтгүй хүн амын ихэнх хэсэг нь хэцүү нэрт өвчтэй байсан тул бүгдийг “улаан тарианд” хамруулдаг байжээ. Тухайн үедээ тариур ховор байсан учраас нэг тариурыг усанд буцалгаж байгаад л хүмүүсээ тарьдаг байсан гэх…

Гэхдээ элэгний хорт хавдар ба бидний хэлж дадсан “шар” өвчин хоёр өөр өөр үүдэлтэй. Элэгний үрэвсэл үүсгэдэг 10-аад төрлийн вирус байдаг гэх. “Шар” өвчин буюу “Вируст гепатит” өвчнийг дотор нь хоёр ангилдаг юм байна. А гепатит гэдэг нь ахуйн бохироос үүдэлтэй байхад харин В,С гепаптит нь тариураар халдварладгаараа онцлогтой. А гепатит нь харьцангүй хөнгөн хэлбэрийн агаад голдуу ахуйн замаар бохир заваан орчноос үүдэлтэй боловч бүрэн эдгэрэх боломжтой байдаг бол харин В,С гепаптит нь хүнд хэлбэрээр тусч элгэнд үлдсэнээр аажимдаа элэгийг хатууруулж үйл ажиллагааг нь сааруулж өгнө. В гепатит нь ДНК агуулж байдаг бол харин С нь РНК төрлийн уургийг их хэмжээгээр агуулдгаараа онцлогтой аж.

Энэхүү В, С вирус нь элэгний эсийн цөмд байгаа генд орж үйл ажиллагааг нь өөрчилж эхлэдэг ба өөрийн эсээ үйлдвэрлэж бусад эсүүд рүү үсэрхийлэн орж эхлэдэг. Энд нэг зүйлийн тодруулан хэлэхэд, В гепатитаар өвчилсан хүмүүсийн 60%, харин С-ээр өвчлөгсдийн 80 % нь архаг хууч өвчтэй болж тэр нь аажмаар элэгний архаг үрэвсэл болон хувирна. Гэхдээ орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийн үр дүнд В вирусын эсрэг вакцин гарган авч амжилттай хэрэглэдэг, харин С вирусын хувьд эсүүд нь хувирамтгай учир одоохондоо түүнтэй тэмцэхэд хүч мөхөсдсөн хэвээрээ. Тэртээ 60-70-аад оны үед “шар” өвчний дэгдэлт асар их байсан. Нэг талаас тариураар насанд хүрсэн хүмүүст халдаж байхад нөгөө талаас социализмын бүтээн байгуулалт, таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэсэн завгүй эцэг эхчүүд, ялангуяа хот суурин газрынхан хүүхдүүдээ цэцэрлэг яслид их өгдөг байснаас бохир ахуйн “шар” өвчин тусах нь элбэг байв.

Тэр ч байтугай 70-аад оны үед Баянхонгор аймагт нэг цэцэрлэгийн хүүхдүүд бүгд “шарлаж”, Улаанбаатараас мэргэжлийн эмч нарын баг очиж байж арайхийж дийлсэн түүхтэй. Элэгний хорт хавдар өвчнөөр голдуу 50-иас дээш насныхан өвдөж байна. Бодвол, багадаа цэцэрлэг сургуульд нь “шар” өвчин гарч байсан биз ээ. Тэгээд ч эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд бид нар чинь өөх тос ихтэй хурц хоол идэх дуртайг яана. Нөгөө муу элгээ жинхэнэ “дарамтлаж” байгаа нь тэр юмуу даа. Тухайн үедээ монголчууд чинь мах, гурил хоёртой байхад л болоод явчихдаг байлаа шүү дээ. Ямар ч хүн вирусын халдвар авснаар 20 жилийн дараа тэр нь архагшиж, 20-25 жилийн дараа элэг хатуурч эхэлдэг, ингээд 30 дахь жилээс хорт хавдар үүсэж эхэлдэг хэмээн үзэж байна. Гадаадынхныг ажаад байхад, амархан шингэдэг хөнгөн чанарын хоол хүнс голдуу хэрэглэж, шингэн юм их ууж байна. Манайхан эсрэгээр, өдөртөө хоёроос гурван удаа махтай хоол идэхийг эрхэмлэнэ. Бас шингэн юм их ууна, даанч тэр нь архи. Архи бол элэгний нэг номерийн дайсан. Нийслэлийн гудамжинд алхам тутам шахуу тааралддаг “траншейныхан”, хог түүгчдийн царай улаан хүрэн юмуу тас хар болсон байгаа нь янз бүрийн чанар муутай архи – “найрка”-г зогсоо зайгүй хэрэглэснийх. Тэдний элэг “авах юмгүй” болсон байгаа. Энэ мэтээр элэгний хатуурал циррозын тухай ихийг ярьж болно… Харамсалтай нь бид эрүүл сайхан амьдралтай хүмүүсээ ч энэ өвчнөөр алдсаар байгаа. УИХ-ын гишүүн М. Зэнээ, О.Дашбалбар, О. Энхсайхан… гээд цааш үргэлжлүүлбэл нэлээд урт жагсаалт бий болно… Хамгийн хүнд асуудал бол нэгэнт эхэлчихсэн, эмчилгээгүй хорт хавдар юм.

Өнөөдөр элэгний хорт хавдраар өвчлөгсдийн 90% нь хожуу оношлогддог гэсэн судалгаа ч байдаг гэнэ. Хүнд байдалд орсон хүмүүс, тэдний ойр дотнын хүмүүс яах вэ? Сүүлийн үед элэгний хорт хавдартай хүнд янз бүрээр хагалгаа хийж 140 -өөс 250 мянган төгрөг нэхдэг болчихоод байна. Өвчнийг түр зуур сааруулах юм даа. Өвчтөний бие эрс муудаж комд орсон үед хэрэглэх Германы “Хепеменз” гэдэг тариаг бие нь харьцангүй гайгүй байгаа өвчтөнд хүчээр шахуу өгч, ер нь өвчтөнүүдээрээ тоглож байгаа юмуу даа гэмээр санагдахаар үе байдаг. Мөнгө хөрөнгөний боломжтой нь Хятад, Солонгос гээд гадаад руу явж эмчлүүлэх сонирхолтой байдаг. Гэтэл хорт хавдартай элгийг төгс эмчлэхийн тулд “донор” элэг сольж суулгах шаардлагатай. Энэхүү эмчилгээг Америк, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад л хийдэг. Манайд нэгэнт элэгний хорт хавдартай болсон хүмүүсийн хэд нь тийшээ явж чадах вэ? Үнэн худлыг мэдэхгүй, гэхдээ монголчуудын маань 90 гаруй хувь элгэндээ ямар нэгэн вирус тээж яваа гэх. Элэгний өвчин хавдраас хэрхэн сэргийлэх тухай бүгд ямар нэг хэмжээгээр мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө сэргийлдэггүй.

Дотор эрхтэн, түүний дотор элгээ жилд ядахдаа нэг удаа эмчид үзүүлэх хэрэгтэй гэдгийг бас мэддэг болсон байх. Тэгсэн мөртлөө үзүүлдэггүй. ХӨСҮТ-д шинжилгээ судалгаа хийх тоног төхөөрөмж нь байдаг. Аль болох эртхэн үзүүлж шинжилгээ хийлгэн илрүүлж чадвал элэгний хорт хавдрыг Монголд эмчлэх бүрэн бололцоотой, тэгээд үнэгүй шахам эмчилж байгаа юм шүү дээ гэж Дэлгэр эмч хэлж байна. Гэтэл манай Эрүүл мэндийн яам, эмнэлгүүд, эмч нар манай монголчууд хэнэггүй, гүндүүгүй гээд ердийн сануулга, сурталчилгаанаас төдийлөн хэтрэхгүй байгаа нь харамсалтай. ДОХ-оос хавьгүй олон хүний амийг авч оддог энэ аюултай ДОХ-оос дутахгүй тэмцмээр санагддаг. “Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон минь” гэж дуу бий. Даанч монголчуудын тэр элэг нь үнэхээр элэг эмтэрмээр байх юм.
В.Батболд

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Монгол хүний элэг элэг эмтэрмээр болжээ”
  1. сэргийлэх гээд үзүүлж шинжилгээ өгөх гэхээр хавьдар судлал ачааллаа дийлэхгүй бна гээд тээр шаадаг шүү дээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн