Саудын Арабын хаан түүхэн зарлиг гаргаж, эмэгтэйчүүдийг автомашин жолоодох эрхтэй болгосон. Энэхүү зарлиг 2018 оны зун хүчин төгөлдөр болох хэдий ч эмэгтэйчүүд жолооны эрх авах дадлагад аль хэдийнэ гарч эхэлжээ. Харамсалтай нь энэхүү баяртай мэдээний араас анх удаа жолоо барьж үзэж буй эмэгтэй нас барсан гэсэн таагүй мэдээлэл гарчээ. Ойрхи Дорнодын Gulf News хэвлэлийн мэдээлснээр болсон явдал Саудын Арабын Жидд хотод жолооны сургалтын дадлагын үеэр гарсан байна. Бүсгүй нөхрийнхөө удирдлага дор жолооны ард суухдаа гэнэт жолоодлогоо алдаж, бетон хана мөргөжээ. Үүний улмаас эмэгтэй амиа алдаж, нөхөр нь хүнд бэртэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Нөхөр нь эхнэртээ өөрөө жолоо барихыг санал болгосон гэнэ.
Энэ бол Саудын Арабт эмэгтэй жолооч амиа алдсан анхны тохиолдол юм. Өнгөрсөн долоо хоногт бас нэг эмэгтэй жолоо барьж сурч байгаад ачааны машинтай мөргөлдөж, машин дотор сууж явсан 13 настай хүүхэд амиа алдсан билээ. Тус улсын засаг захиргаанаас эмэгтэйчүүдийг бие даан жолоо барьж сурахгүй, хууль мөрдөгдөж эхлэх өдрийг хүлээхийг уриалж байна.