Улс оронд нь бараг хөгжөөгүй спортын төрлүүдээр гайхамшигтай амжилт олсон тамрчдаас танилцуулья.
Германы сагсан бөмбөгч Дирк Новицки: NBA-гийн 2011 оны аварга, 2002 оны дэлхийн аваргын хүрэл медаль, 2005 оны Европын дэд аварга, NBA-гийн 2007 оны хамгийн үнэ цэнэтэй тоглогч Дирк Новицкийн ээж нь мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд ХБНГУ-ын шигшээ багийн тоглогч ФРГ (онцгой амжилтгүй) байжээ. Диркийн эгч Зильке ээжийнхээ замаар орж бас л үндэсний шигшээгийн тамирчин болсон бөгөөд спортын карьераа төгсгөөд АНУ-д дүүгийнхээ хувийн менежерээр очжээ.
Дирк хүүхэд ахуй цагтаа спортыг теннис, гандболоос эхэлсэн ч дараа нь гэр бүлийн спорт руу урважээ. Мэргэжлийн тамирчин болсон түүхээ ярихдаа тэр дасгалжуулагч Хольгер Гешвиндерийн тухай, тэдний хувийн дасгал сургуулилтын талаар байнга дурсдаг. Тэд хамтдаа хэдэн жилийн турш бөмбөг шидэлт, дамжуулалтаар хичээлсэн. Энэ бүх дасгал сургууль тамирчинг шилдэг болгосон гэнэ. Тэр АНУ-д очтолоо хоёрдугаар ангилалд байсан Вюрцбургийн клубт тоглож байв. Үүнийхээ зэрэгцээ армид алба хааж байлаа. Новицки өөрийн багаа дээд ангилалд ороход нь маш том тус болсон байв. Хожим тэрээр Германы шигшээ багийг олон улсын тэмцээнээс шагналт байр эзлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. 2011 онд “Даллас Маверикс”-ийн бүрэлдэхүүнд NBA-гийн аварга болсон нь түүний спортын гол амжилт юм. Тэр жилдээ шигшээ тоглолтуудын хамгийн үнэ цэнэтэй тоглогч гэсэн цолыг авч байжээ.
Данийн теннисчин Каролина Возняцки: WTA-гийн 25 тэмцээний аварга, хоёр ч удаа US Open тэмцээний шигшээд шалгарч байлаа. Каролина польш гаралтай цагаачын охин юм. Түүний эцэг хөлбөмбөгчин байсан Петр 23 настайдаа Польшоос Дани руу цагаачилжээ. Возняцкийн эх мөн л тамирчин гарбөмбөг тоглодог байв. Охиноо долоон нас хүрэнгүүт тэд түүнийг теннис тоглуулах болов. Эхлээд ахыг нь теннист өгсөн ч дүү охин нь ахынхаа хийдэг бүгдийг давтаж чаддаг байснаас Каролинаг мөн л теннисийн сургуульд оруулжээ. Тэр амархан суралцаж эхлээд ахыгаа хождог болов. Дараа нь эцэг, эхийгээ, өөрийн үеийнхнийг бүгдийг нь дараалан ялах болов.
Каролина сургуульдаа явж байх хооронд эцэг нь түүний санхүүгийн асуудлыг шийдсэн байлаа. “Эхнээсээ л би компаниа охин, хүү хоёрынхоо нэр дээр бүртүүлж аваад ивээн тэтгэгчдийг хайж эхлэв. Дани шиг жижиг оронд теннисийн од төрж болно гэдгийг харуулах санаатай байсан юм. Эхлээд даатгалын компани дараа нь банк олдлоо. Импорт-экспорт хийж байсан нэг бизнесмен туслахаар болов. Тэр нь бидний эхний зарлагуудыг нөхөхөд л хангалттай байлаа” гэж Возняцки Петр ярьжээ. Каролина Возняцки 18 настайдаа дэлхийн эмэгтэй теннисчдийн холбооны (WTA) чансааны топ- 15-д, 19 насандаа топ-5-д, 20 насандаа дэлхийд нэгдүгаарт бичигдсэн юм.
Хорватын биатлончин Яков Фак: 2010 оны өвлийн олимпийн хүрэл медальт, дэлхийн 2012, 2015 оны, хоёр удаагийн аварга. 2010 оны арваннэгдүгээр сараас Словенийн төлөөлөн уралдах болсон. Яков Фак спортын карьераа цанын спортоос эхэлжээ. Гэхдээ Хорватад ерөнхийдөө алдартай уулын цана биш, гүйлтийн цаныг нь сонгосон аж. Хэдэн жил гүйцээд дараа нь биатлонд оров. Хорватын багт өрсөлдөөн байсангүй. Ингээд түүнийг залуучуудын шигшээд авчээ. Эхний дэлхийн аваргад тэрээр спринтийн төрөлд 64-р байр эзлэв. Таван жилийн дараа насанд хүрэгчдийн дэлхийн аваргад мөн л тааруухан амжилттай 78, 93-д орж байлаа. Фак Словенийн багтай хамт дасгалжуулагдах болсны дараа амжилт гарч эхэллээ. Словенитай Яков гэрээ байгуулж, Ванкуверийн олимпын дараа Хорватад дасгал сургууль хийх нөхцөл байхгүй болсон тул спортын иргэншлэлээ солино гэжээ. Хорватын түүхэнд анхны олимпийн шагналын хүрэл медаль авчирсан ч тэрээр Словенийн иргэншилд орсон юм. Одоо Фак Словенийн багийн хамгийн эрэлттэй, гол од болсон. Тэрээр шинэ эх орондоо биатлоны анхны алтан медалийг дэлхийн аваргаас авчирлаа. Фак Сочийн олимпоор л шагналын тавцанд зогсож чадаагүй. Словенийн биатлоны олимпийн анхны шагналыг Любляна хотын уугуул Тея Грегорин гэдэг эмэгтэй хүртжээ.
Исландын тулгууртай харайлтын тамирчин Вала Флосадоуттир: 2000 оны Олимпийн хүрэл медальт, заалын дэлхийн аваргын тэмцээний алтан медаль, заалын Европын аварга. Вала Флосадоуттирын өмнө ч бас хойно нь Исландын эмэгтэйчүүдээс Олимпийн шагналтан төрсөнгүй. Исландын түүхэнд энэ улсын тамирчид ганц ч алтан медаль хүртээгүй зөвхөн хоёр мөнгөн медальтай байв. Гандболын 2008 оны аваргын тэмцээнд эрэгтэйчүүдийн шигшээ баг мөнгөн медаль хүрсэн юм. Үүнээс хамгаагүй өмнө 1956 онд Вильямур Эйнарссон гурвалсан харайлтын төрөлд анхны мөнгөн медалийг авчээ. Дээр нь нэг хүрэл медалийг 1984 онд Исландийн жүдочин Бьярни Фридрикссон авсан. Үүгээр тус улсын олимпийн спортын амжилт төгсдөг. Сиднейд амжилт гаргахаас зургаан жилийн өмнө Вала Флосадоуттир Исландаас Шведэд ирсэн байв. Эх орондоо байсан бол тэрээр ийм амжилт үзүүлэхгүй байсан байх. Гэвч Исланд түүнийг санхүүгээр дэмжиж байсан учраас тэрээр дэлхийн шилдэг мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч бэлтгэлдээ бүрэн төвлөрөх боломжтой болжээ.
Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Ён А: 2010 оны Олимпийн аварга, 2014 оны тоглолтын мөнгөн медальт, дэлхийн хоёр удаагийн аварга. Ким Ён А таван наснаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Түүний анхны дасгалжуулагч Рю Чон Хён ирээдүйн нэртэй тамирчныг бараг шууд олж хараад энэ спортыг орхиулахгүй байхыг эхэд нь ятгаж чадсан гэдэг. “Миний булчин шөрмөс, биеийн бүтэц уран гулгалтад яг таарна гэж дасгалжуулагч нар минь хэлдэг байсан юм. Авъяаслаг болж төрөхөөс илүүтэй аз надад тохиолджээ гэж хэлж болох байх. Надад үнэндээ аз тохиосон юм. Дасгалжуулагчид маань миний онцлогыг мэдэрч түүнийг хөгжүүлэхэд надад тусалсан” хэмээн Ким “Time” сэтгүүлд ярьсан байдаг. Эхлээд тэрээр зүгээр л Олимпийн тоглолтод оролцох хүсэлтэй байсан гэнэ. Олимпийн уран гулгалтын зуу гаруй жилийн түүхэнд Өмнөд Солонгос ганцаарчилсан төрөлд нэг эмэгтэйг илгээж байжээ. Тэдний хамгийн дээд амжилт нь 1976 онд эзэлсэн 17-р байр байлаа. Ким Ён А олимпийн арван нэг дэх оролцон тоглолтын эрхийг авч, анхны оролдлогоор алтан медаль авч чадсан. Мөн энэ эмэгтэй оролцсон бүх тэмцээнээсээ дандаа медаль авч ирж байлаа.
Испанийн уран гулгагч Хавьер Фернандес: 2015 оны дэлхийн аварга, Европын гурван удаагийн аварга, дэлхийн аваргын тэмцээний хоёр удаагийн хүрэл медальтан. Хавьер Фернандес Мадридад төрж, “Реал” багаа шүтэж, мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг хүсч ирэв. Эхлээд түүний эгч Лаура уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Эгчийгээ дагаад тэр нэгэн удаа тэшүүрээр гулгахаар шийдээд тэр чигтээ үлдэв. “Би хөлбөмбөгт нугасгүй. Гэхдээ уран гулгалт хамаагүй сонирхолтой. Шинэ хөдөлгөөн, гулгалт эргэлтүүдэд би биеэ сургах гэж цаг их зарсан. Сургуульд намайг элэглэн эмэгтэйчүүдийн ажил хэрэгт татагдсан гэдэг байлаа. Би огт өөрөөр бодож байсан юм. Тэр нь миний хувьд өөрөө өөртөйгөө хийсэн “бооцоо” юм л даа хэмээн Хавьер Испанийн “El Pais Semenal” хэвлэлд ярьжээ.
Тэр 17 нас хүрээд орос дасгалжуулагч Николай Морозовын группт орж ирснээс хойш амжилт гаргаж эхлэв. Хавьер үндэсний тэмцээнүүдийн тэргүүн байрыг авах боллоо. Тэд хоёр жил хамтран дасгал сургууль хийсний дараа Морозов нутгийн тамирчдаа бэлтгэх болсон тул тэр Олимпийн хоёр удаагийн мөнгөн медальт (1984, 1988), 1987 оны дэлхийн аварга Брайан Орсерийн шавь болов. Ингээд ирээдүйн Олимпийн аварга Канад мастер Олимпийн аварга Юзүро Ханюгийн дэргэд хичээллэх болсон байна. Үүнээс өмнө тэр дөрвөн жил Ким Ён А-тай хамт хичээллэжээ. Орсертай хамтарсан нь Испанийн анхны Олимпийн аваргыг төрүүлээгүй ч түүнийг тус орны анхны дэлхийн аварга болгож чадлаа. Энэ бол Шанхайд 2015 онд болсон тэмцээн.
Бэлтгэсэн М.ЭРДЭС
1 comment
Ким юн А