Аравдугаар сарын 1-ний ням гаригийн шөнө Лас-Вегасын зочид буудлын 32 дахь давхраас энгийн номхон хүмүүс рүү буудсан гэмт хэрэгтэн баригдахынхаа өмнө амиа егүүтгэсэн байв. Хэргийн улмаас 59 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан юм. Энэ хэрэг нь Америкийн түүхэнд хамгийн олон хохирогчтой аллага болон тэмдэглэгдэж байна. Дуулиантай хэрэг нийгмийн анхаарлыг татаж, галт зэвсэг тойрсон сэдвээр маргаан өрнөж байна. Галт зэвсэгтэй холбоотой баримтуудаас хүргэе.
Их хэмжээний буу зэвсэг аюулгүй байдлыг хангадаггүй
1983-2013 онд үй олноор хөнөөсөн буудалцаан зөвхөн АНУ-д биш дэлхийн хөгжилтэй гэх 25 оронд гарчээ. Гэхдээ ийм гэмт хэргээр АНУ бусад орнуудыг тэргүүлж байгаа юм. Сүүлийн 30 жилийн дотор АНУ-д иргэдийг олноор хөнөөсөн аллага 78 удаа гарчээ. АНУ-аас гадна хамгийн их цус урссан орон нь Герман бөгөөд тэнд долоон аллага гарчээ. Үлдсэн бусад өндөр хөгжилтэй 24 улс оронд олон хүнийг хөнөөсөн хэрэг 41 удаа гарсан байв. Тодруулбал, өнгөрч буй 30 жилийн хугацаанд 24 оронд гарсан хэргээс хоёр дахин их тохиолдол АНУ-д бүртгэгдсэн гэсэн үг.
Олноор хөнөөсөн хэрэг нь зэвсэг эзэмших төвшинтэй холбоотой нь бас нэг чухал үзүүлэлт болж байна. Тус улсын иргэдийн зэвсэг эзэмших тоо өндөр байх тусам төдий чинээ буудалцаанд нэрвэгдэх магадлалтай байна. Тэр нь олон тооны судалгаагаар батлагдаад байгаа юм. Harvard Injury Control Research Center гэх төвөөс явуулсан судалгаагаар, буудалцаан гарах магадлал нь цаг хугацааг даган ихсэж буй аж. Шинжээчид давталтын тоо олширч байгааг бөөнөөр буудсан хэргүүдийн хоорондын цаг хугацаатай харьцуулан тогтоожээ.
Судалгааны дагуу 1983-2011 онд хоёр буудалцааны хоорондын дундаж хугацаа 200 хоног байсан бол 2011 оноос хойш энэ үзүүлэлт 64 хоног болж ойртсон байна. Харин эсрэгээр санаатайгаар хүний амийг хөнөөсөн хэрэг буурчээ. 1993 оноос хойш санаатайгаар хүний амийг хөнөөх хэрэг АНУ-д 50 хувиар буурсан бол Европын хувьд 2003-2013 онд гарсан гэмт хэргийн үзүүлэлт 40 хувь буурсан аж.
Зэвсгийн наймаанд тавьсан хязгаарлалт үр дүн өгч байна
АНУ-д Үндсэн хуульд хийгдсэн хоёрдугаар өөрчлөлтийн хүрээнд галт зэвсэг эзэмших эрх нээгджээ. Энэ бол галт зэвсгийн эрхийг тусгайлан авсан хэсэг бүлэг хүмүүсээс гадна бараг хүн бүр галт зэвсэгтэй байх эрх нээгдсэн систем юм. Нөгөө талаар энэ нь хүмүүс яагаад зэвсэгтэй болох гэж байгаа вэ гэдгээ үндэслэлтэй тайлбарлахаас илүү харин ч эсрэгээр засаг нь яагаад хязгаалалт гаргаж байгаагаа тайлбарлахад хүргэсэн байна. Уг нь систем нь зэвсгийн наймааг хязгаарлахдаа, зэвсэг эзэмших иргэн болон лиценттэй байгууллагад яагаад хязаар тавьж байгааг нарийн тайлбарлах ёстой. Тийм систем нь үр дүнтэй юм.
Зэвсэг худалдахыг тодорхой хэмжээнд хязгаарласан улс орнуудад харин галт зэвсгийн нөлөөнд өртөх хэрэг бага гарч байна. Зэвсгийн наймаанд хяналттай ханддаг орнуудад зэвсэгтэй болох гэсэн хүмүүс нь ангийн лиценз, анчны ямар клубын гишүүн байх, эсвэл зэвсэг эзэмших чадварын ямар нэгэн баримтыг үзүүлж байж зэвсэгтэй болох ёстой байдаг. Өөрөөр хэлбэл зэсвэг эзэмшигчид өөрсдийгөө ямар нэгэн “хориотой хэсэг бүлэгт хамаардаггүй” гэдгээ батлах шаардлагатай. Ийм хориотой бүлэгт сэтгэцийн гажигтай, гэмт хэрэгтэн байсан эсвэл насанд хүрээгүй гэх мэт бусдын эрх чөлөө, эрүүл мэндэд занал учруулах магадлалтай хүмүүс багтдаг. Хэрэв ийм хязгаарлалт АНУ-д үйлчилдэг байсан бол олноор хөнөөсөн ихэнх хэргийн эзэд галт зэвсэгтэй болж амжихгүй байсан юм.
Олон хүний амийг хөнөөгчид бүгд террористууд биш
Иймэрхүү тохиолдлуудыг сэтгүүлчид дотоодын терроризм гэж нэрлэх нь их байдаг. Харин шинжээчид үүнийг нь олныг төөрөгдүүлэх гэсэн санаа хэмээн үзэж байна. Мэдээж хэрэг явдал нийгэмд айдас төрүүлэх нь тодорхой. Гэсэн хэдий ч хэрэгтэн бүрийн үйлдэлд нь тэр бүр улс төрийн “илгээлт” эсвэл шалтгаан биш байдаг. Ийм хэргийг гол төлөв хүний сэтгэл зүйтэй холбож үздэг. Хэргийн шалтгаан нь хувийн асуудал байж болох талтай. Мөн улс төрийн шахалт дарамт байж болох үндэслэлтэй. Гэхдээ гэмт хэргүүд засаг захиргаа, хууль сахиулагчдын үйл ажиллагааг сулруулна гэж байхгүй юм.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 2008 оны эхнээс “бөөнөөр нь буудсан” гэх томъёоллыг гаргаж иржээ. Тэр нь нэг газарт, дөрвөөс дээш хүн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд ашиглагдаж ирсэн байв. 2013 онд Холбооны мөрдөх товчоо тодорхололтоо өөрчлөв. Үүний улмаас наад зах зах нь дөрвөн хүн алагдсан, хэд хэдэн хүнийг шархдуулсан хэргийг “бөөнөөр хөнөөсөн хэрэг” гэх болжээ. Энэ өөрчлөлт бөөнөөр хөнөөсөн хэргийн статистикийг мөн 2013 он хүртэл ба түүнээс хойшихн тохиолдлын дүгнэлтийг өөрчилж өглөө.
Орос дахь галт зэвсгийн наймаа
Орос Улсад зэвсгийн наймаа хуулиар хязгаарлагдсан байдаг. Зэвсэгтэй болохыг хүсвэл лицензтэй байгууллагад хандах мөн оршин суугаа газартаа өрөгдөл гаргаж, гэрэл зургаа өгсөн байх ёстой. Өргөдлийг улсад татвар төлсөн баримт заавал дагалдана. Зэвсэг авахад бууны төрлөөс хамааран 40-150.000 рублийн татварыг төлөх ёстой. Бас гэр орондоо зэвсгээ хадгалах сейф, эрүүл гэдгийг батлах эмнэлэгийн дүгнэлт, зэвсэг эзэмших сургуулиар дамжсан сертифит хэрэгтэй болдог.
Энэ бүгдийн хажуугаар Орост зэвсгийн наймааг зөвшөөрөх хууль хэрэгтэй, хэрэггүй гэсэн маргаан өрнөж байгаа. Үүнийг дэмжигчид нь иргэдэд өөрсдийгөө хамгаалах боломж нэмэгдэнэ гэж үздэг. Харин эсэргүүцэгчид нь гэмт хэрэг нэмэгдэнэ хэмээн болгоомжилдог. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээгээр 2017 оны байдлаар хүн амын гурван хувь нь галт зэвсэг эзэмшдэг аж. Энэ бол таван сая хүн зэвсэгтэй гэсэн үг бөгөөд тэдэнд 6.5 сая буу байгаа.
АНУ дахь зэвсгийн наймаа
АНУ-д жилдээ таван сая буу зэвсэг худалдаалагддаг. The National Sporting Goods Association хэвлэлийн тодорхойлолтоор буу эзэмшдэг хүмүүсийн дундаж нас 25-34 байна. Хууль ёсоор одоо тус улсад 65 сая хүн галт зэвсэг эзэмшдэг. Америкийн өрхийн аж ахуйн 45 хувь нь галт зэвсэгтэй аж. Сүүлийн жилүүдэд галт зэвсгийн үйлдвэрлэл мэдэгдэхүйц нэмэгдээд байгаа.
Шинжээчид өөр нэг сонирхолтой зүйл ажигласан. Бөөнөөр хөнөөсөн хэрэг гарсаны дараа АНУ-д зэвсгийн худалдаа нь нэмэгддэг аж.